Saturday, March 1, 2014

Монгол улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон нь...

Юутай ч уншигчиддаа хүргэж байна. Хаана юуг нь алдсаныг нь шүүгээд засаад өгөөрэй. Оршил энэ тэрийг нь орхилоо. Гол утга агуулгыг нь уншиж үзчихээд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөгийн Монгол улсын хил хязгаар түүхэн удаан хугацааны явцад бүрэлдэн төлөвшсөн бөгөөд уг үндэс нь XVII  зууны үеэс тавигджээ.
XVII  зууны үеэс эхлэн Монгол улсын хил хязгаарт зарим нэг өөрчлөлт гарч байсан ч бүхэлд нь хамарсан томоохон өөрчлөлт бараг гараагүй байна.
Монгол улсын хил хязгаарын бүрэлдсэн түүхийг авч үзэхийн тулд нийт Монголчуудын газар нутаг гадаад хил хязгаарын байдлыг авч үзэх шаардлагатай болдог.
1368 онд Монголчуудын Хятад дахь ноёрхол эцэс болсноос хойш XVII  зууны 30-аад оны дунд үе хүртэл Монгол улс Хятадын Мин улстай эртний цагаан хэрмээр хиллэж байв.
Харин Баруун болон Зүүн түмэнд хуваагдаж байсан Зүүн Монгол XVI зууны сүүлчээс их Говиор зааглагдсан харьцангуй тусгаар байдалтай хоёр том хэсэгт хуваагдах болжээ.
Их Говиос хойгуурх нь Ар Халх, говиос урагшх монголчуудыг Өвөр Халх гэх болсон юм.
Өвөр Халх буюу өнөөгийнхөөр Өвөрмонгол нь одоогийн Хятадын Гирин мужаас баруун тийш, Алаша уулаас зүүн тийш, Хятадын цагаан хэрмээс хойш, Их говийн элсэн манхнуудаас урагших өргөн уудам нутаг дэвсгэрийг хамран оршиж байлаа.
Өвөрмонгол нь дотроо Цахар, Харчин, Ордос, Түмэд, Хорчин, Урад зэрэг хэд хэдэн том аймгуудад хуваагдаж байснаас Нон мөрний сав газарт Харчин аймаг, Хатан голын хөвөөгөөр /Хятадын Шар мөрөн/ Баарин, Жаруд, Найман, Онгуд, Хорчин, Түмэд аймгууд, Бортохой хавьд Ордос аймаг нутаглаж байв.

XVI зууны эхэн үед Батмөнх Даян хаан өөрийн отгон хүү Гэрсэнз жалайр хунтайжид (1513-1549)  Ар Халхыг, ууган хүү Барсболдод Өвөр Халхыг ерөнхийлөн захируулахаар үлдээжээ.
Хожим нь Халх түмэн Арын долоон отог, Өврийн таван отог, нийт 12 отогт хуваагдаж,  Гэрсэнзийн дараагаар түүний долоон хүү нь Ар Халхыг хуваан захирсан юм.
Ар Халх нь ийнхүү 7 хошуунд хуваагдсанаас гадна баруун зүүн хэсэгт ерөнхийлөн захирагдаж байв.
Зүүнгарын хошуудыг Онохуй Үйзэн ноён, баруун гарын хошуудыг Лайхур ноён захирав.
Зүүнгарт нь Гэрсэнзийн гутгаар хүү Онохуй Үйзэн, дөтгөөр хүү Амин дурал, тавдугаар хүү Дара ноёны өмч нутаг багтаж байв. Үүнд Хангайн нуруунаас Халх гол хүртэлх нутаг хамрагдаж байжээ.
Халхын баруун гарт Гэрсэнзийн ууган хүү Ашихай дархан, хоёрдугаар хүү Ноёнтой хатан баатар, зургадугаар хүү Далдан хөндлөн, отгон хүү Саму нарын эзэмшил орж байжээ. Үүнд Алтай Хангайн завсрын нутаг хамрагдаж байв.
Чухамхүү эдгээр отог хошуудаас л аймаг улс бүрэлдэн бий болжээ.
Гэрсэнзийн хөвүүдийн үеэс Халхын хошуудын нутгийн хил зааг тавигдсан боловч XVI зууныг дуустал төдийлөн нарийн тодорхой болоогүй байжээ.
1600-аад оны эхэн үеэс л Халхын хошууд чанд тогтоосон хилийн цэс тэмдэгтэй болсон байв.
Халхад гурван том аймаг улс бий болж дотроо хошууны зохион байгуулалтад хуваагдсанаас үүдэн аймаг хошуудын хил заагийг улам нарийн тогтоохыг шаардах болжээ.
Энэ нь дотоодын төдийгүй Өвөрлөгч хошуудтай залгаа орших нутгийн заагийг тодорхой болгоход нөлөөлжээ.
1636 онд Өвөрмонгол Манжид дагаар орсноор Цагаан хэрмээр зааглагдаж байсан Монгол улсын өмнөд хил нь Халхын урд захаар дотогшлон тогтлоо. Ингэснээр Ар, Өвөрмонголын нутгийн зааг хил нь Халх, Манж 2 улсын хил болон хувирчээ.
Манжийн хаад Монголчуудтай ахуй орчин, аж байдлыг нь хуучин хэвээр нь байлгахыг зорьж хятад иргэдийг Монголд нэвтрэн ирэхийг хязгаарлаж хориг тавьж байсан тул Монгол болон Хятад нь хэдийгээр нэг улсын эрхэнд байсан ч хил нь урьдын хэвээр нарийн тодорхой хамгаалалттай байжээ.
Энэ үед Өвөрмонголын хилийг Манжийн хуулинд "Зүүн этгээд болбоос Мүгдэнгийн Хар мөрөнд хүрнэ. Өмнөд этгээд болбоос Цагаан хэрэмд хүрнэ. Умард этгээд болбоос говьд хүрнэ" хэмээн тодорхой заасан байв.
Манж нар Өвөрмонголыг засаг захиргааны хувьд хошуудад хуваан зохион байгуулж, тэдгээрийг нь Жирэм, Зост, Зуу-Үд, Шилийн гол, Улаанцав, Их-Зуу гэсэн 6 чуулганд хувааж газар нутгийг нь нарийн зааглан тогтоожээ.
Манжийн төрөөс авч явуулсан энэ арга хэмжээ Монголд шинээр тогтоосон ноёрхлоо бататгахад чиглэгдсэн бөгөөд хилийг нарийвчлан тогтоосны зорилго нь Монголчуудыг тухайлсан зааг дотор тогтоон барих, чөлөөт байдлыг нь хязгаарлахад оршиж байжээ.
Ийнхүү 1660 он гэхэд Ар Халх болон Манжийн Их говиор зааглагдсан хил зааг улам нарийн тодорхой болж ирсэн байна.
Хожим нь 1691 онд Долоннуурын чуулганаар Халх нь Манжийн эрхшээлд орсон тул Монгол улсын гадаад хил ихэд хумигдан Зүүнгар улсын хил заагаар тогтоогдох болов.
Харин Манжийн хаанаас Халхын ноёдод манж нарт байгуулсан гавьяаг нь харгалзан хошуу захирах эрх, тамга цалин пүнлүүг шийтгэн олгожээ.
Ингэхдээ хошуу бүрийн газрын зураг, нутгийн цэсийг үйлдэн баталгаажуулж тухайн хошууны засаг ноёнд эзэмшүүлсэн байна.
Мөн хошуу бүр зах газрууддаа харуул манаа суулгах болжээ.

Ар болон Өвөр Халхын хошуудын хилийг тогтоосон анхны баримт нь 1695 онд Сэцэн хан аймаг болон Шилийн голын чуулганы хошуудын нутгийн заагийг нарийн тогтоосон хилийн гэрээ юм.
Түүнээс хойш Армонголын дөрвөн аймаг, Ховдын хязгаарын өмнөд хил төдийлөн өөрчлөгдөлгүй явж байгаад хожим Ховдын хязгаараас таслан байгуулсан Алтайн хязгаарын 10 хошууг Шинжаанд, Манжийн төрийн тусгай хошуу болох Дарьгангыг Өвөрмонголд нийлүүлэхийг янз бүрээр оролдох болсон юм.

Монгол улсын өмнөд хил хязгаар бүрэлдэн тогтсон нь...

Оросын 1905 оны хувьсгалын нөлөөгөөр Азийн ард түмнүүдийн эрх чөлөөний тэмцлийн үе эхэлж, 1911 онд Синьхайн хувьсгалаар Манж Чин улс мөхөж Дундад Иргэн улс байгуулагдахын зэрэгцээ Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдах гол хүч  Армонголд төвлөрсөн байлаа.
1911 оны 11-р сард "Монгол улсын Бүгд хэргийг ерөнхийлөн шийтгэх газар" үнэн хэрэгтээ түр засгийн газар Их Хүрээнд байгуулагдаж Манж Хятадын цэргийг Халхын нутгаас зайлуулж тусгаар тогтносон Богд Хаант Монгол улсыг тунхаглан зарлаж монголын ард түмний чин хүслийг илэрхийлсэн билээ.
Монгол улсынхаа тулгар төрийг байгуулан тунхагласны дараа Монголын засгийн газраас Хятадын засгийн газарт цахилгаан явуулж түүндээ "Бүгдээрээ Богдыг өргөмжлөн эзэн болгож, улсын цолыг Монгол хэмээн уламжлан ... газар орноо уул эзэн нь хураан авч бүрэн бүтэн болгон батлав. " гээд Монгол Хятад хоёр улс хойшид тус тусын зах хязгаарыг сахиж эрхбиш найрамдахыг урьтал болгох... санал дэвшүүлэн тавьж байжээ.
Гэсэн хэдий ч Монгол дахь улстөрийн нөхцөл байдалд гарсан энэ эргэлт нь Англи, Орос, Япон зэрэг улсуудын анхаарлыг татах болж ялангуяа Япон нь Хаант Оросоос Монголыг бүхлээр нь нөлөөндөө оруулахаас сэргийлж тийм алхам хийлгэхгүй байлгах талаар ил далд олон арга хэмжээ авч байсны дотор 1912 оны 7-р сарын 25-нд Орос-Японы хооронд нууц гэрээ байгуулж Өвөрмонголыг Бээжингийн уртрагаар хувааж зүүн этгээдийг Япон, баруун этгээдийг Орос улсууд эзэгнэх эрхийг харилцан бие биедээ зөвшөөрчээ.
Үүний дараа Монгол болон Оросын тал харилцан буулт хийж 1912 оны 10-р сарын 21-нд Монгол-Оросын гэрээ байгуулагджээ.
Хожим Хиагтад 3 улсын гэрээ байгуулагдаж уг гэрээний 1-р зүйлд Монгол нь Хятадын харьяат өөртөө засах эрх бүхий орон байхыг Монгол улсын засгийн газраар хүлээн зөвшөөрүүлжээ.
2-р зүйлд Орос, Хятад улсууд нь Гадаад Монголын автономитийг харилцан зөвшөөрч Хятадын нэг хэсэг болгожээ.
Тэр ч байтугай уг гэрээгээр Өвөрмонгол, Барга, Дарьгангын ардуудаас Гадаад Монголтой нэгдэх гэсэн хүслийг нь хэрэгсэхгүй байхаар болов.
1907 онд Манж нар Армонголын нутгаас Алтайн урианхайн 7 хошуу, Хошуудын нэг хошуу, шинэ Торгуудын 2 хошуу, Өрөнгө голын сангийн тариалангийн газрыг таслан авч Алтайн хязгаарыг шинээр байгуулж Шар сүмд суух Манж амбанаар захирч тэр нь Улиастайн жанжинд харьяалагдаж байв.
1911 онд Богд Хаант Монгол улсыг тунхагласны дараахан 1913 оны 10-р сард Орос Хятад улсууд Бээжин хотноо гэрээ байгуулж Монгол улсын бүрэлдэхүүнд багтах Тагны Туваг Хаант Орос, Алтайн хязгаарыг Хятад улсад нэгтгэхээр тохиролцсон юм.
Ингээд 1913 онд БНДИУ-ын засгийн газраас Алтайн хязгаарт ихээхэн цэргийн хүчийг оруулж, зарим газрыг эзлэн авсан ч монголчуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байлаа.
1913 оны 12-р сард Монголын талыг Шар сүмд сууж байсан оросын консул М.Н.Кузьминский, Хятадын талыг Торгуудын Балт ван төлөөлөн гал зогсоох хэлэлцээр байгуулж, Алтайн нурууны дагуу Цагаан түнги гэдэг газар хүртэл цэрэггүй бүс хэмээн тогтоожээ.
1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Орос, Хятад улсууд Алтайн нурууны дагуух цэрэггүй бүсийг улсын хил хэмээн хүчээр тулган хүлээлгэсэн байна.
Ийнхүү Алтайн нурууны ар биеийн нутаг дэвсгэр Монголдоо үлдэж, Алтайн нурууны өвөр бэл, Хар Эрчис, Чингил, Булган, Өрөнгө гол, Өрөнгөр нуурын сав дагуух үлэмж хэмжээний газар нутгаа алдсан байна.

Хиагтийн гэрээний 11-р зүйлд Гадаад Монгол ба Хятадын хооронд хил тогтоох явдлыг 2 жилийн дотор 3 улс хамт нийлэн үүсгэн байцаана гэж тогтоосон бөгөөд Хятад Монголын хооронд  хил тогтоохыг  ийнхүү зөвшөөрөлцсөн явдал манай улсын хувьд нэн чухал зүйл байсан юм.
1932 оны БНМАУ-ын газрын зураг

Хоёр улсын хооронд хилийг нарийвчлан тогтоох асуудал 1950-аад оны эцсээр сөхөгдөж эхэлжээ. Үүнд Хятадын гадаад улстөрийн байдал далд байдлаар нөлөөлсөн байна.
Тухайлбал Энэтхэг Хятад 2 улсын хооронд удаа дараалан хилийн мөргөлдөөн гарч олон улсын тавцанд Хятадын нэр хүнд уналаа. Энэ асуудлаас үүдэн Хятадад хойд хилээ нарийвчлан тогтоох шаардлага гарч БНМАУ-тай хилийн гэрээ байгуулах талаар тохиролцоонд хүрэв.
Өнөөдрийн Монгол улс

1962 оны 4-р сарын 14-нд БНХАУ-ын ГЯЯ-наас Монголын элчин сайдыг түр хамаарагчид өөрийн яамны 1962 оны 4-р сарын 13-ны өдрийн 317-р тоот нотыг гардуулж хилийн асуудлаа шийдвэрлэхийн наана баримтлах 3 зүйлийн санал тавьжээ.
Ингээд 2 улсын хилийн төлөөлөгчдийн уулзалт жинхэнэ хэлэлцээр нь ГЯЯ-ны орлогч сайд нарын хэмжээнд 1962 оны 10-р сарын 12-нд Улаанбаатар хотноо нээгджээ.
Монголын талаас комиссын даргаар ГЯЯ-ы 1-р орлогч сайд Сосорбарам, Хятадын талаас комиссын даргаар ГЯЯ-ы 1-р орлогч сайд Цзи Фэн пэй томилогдон оролцжээ.
Удтал хэлэлцэж1962 оны 11-р сарын 17-нд Монгол Хятадын хилийн шугамыг тодорхойлсон анхны протоколд төлөөлөгчдийн тэргүүн нар гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрийн үр дүнд албан ёсны хилтэй болох анхны алхам хийсэн томоохон амжилт болсон бөгөөд бүх хэлэлцэгдсэн 30 хэсэг газрын 17321 км кв нутаг дэвсгэрээс 12314 км кв нутаг дэвсгэр нь БНМАУ-ын бүрэлдэхүүнд, 5007 км кв нутаг дэвсгэр БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсон байна.
Монгол ба Хятадын хилийн маргаан 1950-аад оноос эхэлж 1962 оны дунд үе хүртэл үргэлжилж байх завсар хилийн хэлэлцээр явуулахын тулд 2 засгийн газрын хооронд 1957 оноос эхлэн санал солилцож байсны эцэст1962 оны 4-р сарын 26-нд Бээжинд БНМАУ-ын СнЗ-ын дарга Ю.Цэдэнбал, БНХАУ-ын төрийн зөвлөлийн дарга Жоу Энь Лай нар гарын үсэг зурсан бөгөөд уул гэрээний батламжийг 1963 оны 3-р сарын 25-нд Улаанбаатар хотноо солилцжээ.
Хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэх ажил амжилттай явагдаж хилийн шугамын тодорхойлолт протоколд 1964 оны 6- сарын 30-нд гарын үсэг зуржээ.
Монгол улсын албан ёсоор баталсан 4673 км урт өмнөд хилийн 4482,3 км нь хуурай газраар /үүнээс ой модтой газраар 14,2 км/,190,4 км нь нуур ба гол горхины усаар хиллэх хил байна.

Монгол улсын умард хилийг тогтоосон нь...

Эрт цагаас хойш Монгол нутгийн хойд зах нь Сибирийн их ой тайга, Байгаль нуур орчмоор тогтож байв.
Монголчууд Сибирь, Байгаль хавьд бүрэн суурьшиж чадаагүй нь эрхлэх мал аж ахуйтай нь холбоотой юм.
Ой тайгаар амьдрах Монгол ба бусад анчин овог аймгууд нүүдэлчдийн хараат байдалтай оршиж татвар төлж байдаг байлаа.
XVI зуунаас оросууд Сибирьт нэвтрэх, эзлэн суурьших бодлогыг идэвхтэй явуулж, газарзүйн шинжилгээний анги, хасаг цэргийн отрядуудыг илгээж газар орны байдал, байгалийн баялаг, уугуул суурьшигчдын аж амьдрал зэргийг тагнан мэдээд гол зангилаа газруудад нь шивээ өвөлжөө байгуулж аажмаар эзлэн суурьшиж эхэлсэн юм.
1610-аад оноос оросууд баруун Сибирийг эзлэн Алтан хан Убашийн эзэмшил нутгийн хойд талаас түрж эхэлсэн бол 1640-өөд оноос Буриад, Тунгус, монгол хэлээр ярьдаг Тавнангууд нарын оршин суудаг Өвөр Байгальд нэвтэрч 1648 онд Байгаль нуурын зүүн талд Баргужин шивээ, 1651 онд нуурын баруун талд Эрхүү өвөлжөө, Үд шивээг тус тус байгуулжээ.
Ийнхүү оросууд Сибирь, Байгаль хавийг эзлэн суурьшиж Халхын хант улсуудын нутгийн хойд талаас түрж эхэлжээ.
1650-аад он гэхэд Халх болон Буриадын бэлчээр нутаг нь Сэлэнгэ мөрний адаг, Хялга, Тэмнэг голуудаар зааглагдаж байв. Гэхдээ Халх ба Буриад Тунгус аймгуудын хооронд нарийн тогтсон хил гэж байхгүй байжээ.
Цаг уурын байдлаас хамааран халх буриадууд энэ заагаас нааш цааш нутаглах явдал цөөнгүй байсан юм.
Оросуудын байгуулсан өвөлжөө шивээ бэхлэлтүүд нь аажмаар нутгийн ард олныг баримтлан захирах цэрэг захиргааны төв болон томорч байв.
Халхын ноёд Оросын энэхүү түрэмгийллийн эсрэг дипломат болон цэргийн хүчээр эсэргүүцэн тэмцэж байжээ. Тэд оросын хот бэхлэлтийг даруй нүүлгэхийг шаардаж довтлох, Оросын талыг баримталдаг Халх, Буриад аймгуудыг довтлон хүн малыг нь булаах зэргээр газар нутгаа хамгаалахад хүрч байжээ.
Тухайлбал 1660 онд Халхын цэрэг Балаганы шивээг довтлон дагаж орсон буриадуудыг эргүүлэн авч байв.
Хэдий тийм боловч оросууд энэ эсэргүүцлийг үл хайхран 1666 онд нутгийн гүнд Сэлэнгэ мөрний зүүн эрэгт Цөх голын ойролцоо Селенгинск гэх шивээ бэхлэлтийг байгуулж, тэр хавийн буриад тунгус аймгуудыг эрхшээлдээ авсан юм.
Энэ нь Халх болон Оросын харилцааг улам бүр хурцатган 1667 онд Халхын элч Бодой Зоригт шүүлэнгэ, 1673 онд Халхын Түшээт хан Чахундорж ба түүний дүү нарын элч, 1675 онд Гармаа билэгт лам, Гурюк зэрэг элч нарыг Москва руу илгээн Оросын бүрэлдэхүүнд орсон Халхын харьяа нутаг дэвсгэрийг эргүүлэн өгөхийг шаарджээ.
Гэвч Хаант Оросын засгийн газар Селенгинск ба бусад шивээ бэхлэлтүүдийг Оросын нутаг дэвсгэрт байгуулагдсан гэсэн хатуу байр суурь баримталж байв.
Гэвч Халхын ноёд өөрсдийн байр сууринаасаа ухралгүй 1683, 1684, 1687, 1688 онуудад Орост удаа дараалан элч илгээн шаардлага тавьж байсан байна. Эцэст гэрээ хэлэлцээрийн замаар гаргаж чадахгүй нь тодорхой болсон тул арга буюу цэргийн хүчээр асуудлыг шийдвэрлэхээр тогтсон юм.
Энэхүү тэмцлийг Манжийн хаан дэмжиж байсан нь оросын түрэлтийг тогтоон барих, хүчийг нь шахан тарамдуулахад чиглэж байв.
Манж нар 1676 онд Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар нарт элч илгээн Оросын эсрэг Халх, Манжийн цэргийн холбоог байгуулсан нь 1689 он хүртэл оршин тогтнож байв.
1689 онд Зүүнгарын хаан Галданбошигт их цэргээ удирдан Халхын нутагт цөмрөн орж эзлэн авчээ. Мөн Оросоос цэрэг зэвсгийн тусламж ихийг авсан хэмээн цуурхал тараасан байсан тул Орос Зүүнгарын цэргийн холбоо байгуулагдахаас Манж нар ихэд болгоомжилж байжээ.
Мөн Амар мөрний хөвөөнд Албазин цайзыг эзлэх дайн тулаанд Манж Чин улсын цэрэг ялагдал хүлээсэн зэрэг шалтгааны улмаас Нэрчүү шивээнд 1689 оны 8-р сарын 27-нд Манж Чин улс болон Хаант Оросын хооронд найрамдлын гэрээ байгуулагдан хоёр улсын хилийн шугамыг анхлан тогтоосон байна.
Манж Оросын хилийг тогтоох хэлэлцээр 1725 онд Бээжин хотноо эхэлж, хэлэлцээрийн 2-р шат нь Буур гэдэг газарт 1727 оны 8-р сарын 25-нд дуусчээ.
Буурын гэрээгээр Баргын нутаг дахь Эргүнэ голын зүүн эргийн Авгайт уулнаас Тагнын урианхайн нутгийн баруун хойд захын Саяны нурууны Шавинайн даваа хүртэл Монголын хойд хилийг нарийвчлан тогтоосон хилийн шугамыг тодорхойлох ажил тэр даруйдаа хийгдсэн байна.
Ингэхдээ эхлээд Хиагт горхины Монгол ба Оросын 2 харуулын хоорондох газрыг хуваан зааглаж овоо босгоод дундын овоо хэмээн нэрлэж, зүүн баруун тийш овоо тэмдгүүдийг босгох хоёр ажлын хэсгийг томилжээ.
Зүүн зүг явсан ажлын хэсэг Дундын овооноос Эргүнэ голын эрэг дэх Авгайт уул хүртэл Халх, Баргын нутгийн хойд талаар хилийн 63 хос овоо босгоод, түүнийгээ тодорхойлсон бичиг үйлдэж 1727 оны 10-р сарын 12-нд Авгайт уулан дээр солилцжээ.
Дундын овооноос баруун тийш явсан ажлын хэсэг Тагна урианхайн нутгийн хойд захаар хилийн 24 хос овоо тэмдэг босгож энэ тухай андалдах бичгийг 1727 оны 10-р сарын 27-нд Шавинайн даваан дээр солилцжээ. Буур голоос баруун тийш явсан ажлын хэсэг газрын бартаа саад бэрхшээлээс болоод Саяны нурууны гол хяр хянгаар тогтоосон хилийн овоодыг тэр бүр товлосон газартаа биечлэн босгож тэмдэглээгүй бөгөөд салбар хэсгийн Оросын талын дарга Колычев баруун тийш гүйцэд явалгүй Хөвсгөл нуурын наад биеэс буцаж туслахууд нь цааш явсан аж.
1727 оны Буурын хилийн гэрээгээр Монгол Оросын хилийг Барга Халх, Хөвсгөлийн ба Тагна Урианхайн нутгийн хойгуур тогтоож Халхын харуулуудаар хамгаалуулжээ.
Ийнхүү Монгол Оросын хилийг албан ёсоор тогтоож чандлан хамгаалах болсон нь оросуудын газар нутгийн түрэмгийллийг зогсоосон чухал алхам болсон юм.
Орос Манж хоёр улс 1864 оны 9-р сарын 25-нд Тарвагатайн нурууны Тарвагатай хотноо /одоогийн БНХАУ-ын Чугучак хот/ хилийн гэрээ байгуулж хуучин Зүүнгарын хаант улсын нутгийн хойд, Халхын нутгийн баруун хойд хилийг тогтоогоод суман харуулуудаар хамгаалуулжээ.
Тарвагатайн гэрээгээр Тарвагатайн нуруу, түүний ар бие хөндий, Хар Эрчис голын адаг, Зайсан нуур, Маркаколь нуур зэрэг хуучин Зүүнгар улсын үлэмж хэмжээний нутаг дэвсгэр Оросын мэдэлд орсон байна.
Хоёр улсын хилийг Баруун Саяны нурууны Шавинайн даваанаас баруун тийш Алтайн уулс, Сийлхэмийн нуруу, Монгол Алтайн нуруугаар Зайсан нуурын зүүнтээ орших Хар Эрчис голын Мааньт гаталган хэмээх усны гарам хүртэл тогтоосон аж.
Хилийн шугам овоог газар дээр тогтоох ажил 1869 онд 2 үе шаттайгаар хийгджээ.
Эхний үе нь Ховд хотод 1869 оны 8-р сарын 2-нд болж Сийлхэмийн нурууны Богосог даваанаас эхлэн Сийлхэмийн нуруу, түүнээс баруун урагш Монгол Алтайн нуруугаар Зайсан нуурыг чиглэн Хар Эрчис голын Мааньт гаталган хүртэлх хилийг тогтоож 20 овюо босгосон байна.
Удаах үе нь 1869 оны 8-р сарын 23-нд Улиастайд болж Сийлхэмийн Богосог даваанаас зүүн хойш Баруун Саяны нурууны Шавинайн даваа хүртэл /Богосог, Тасгал, Харга, Чуучин, Хөцөгэл, Цулига, Ширгэсэн/ 7 газарт хилийн овоо босгожээ.
Тарвагатайн гэрээнээс өмнө Халхын нутгийн баруун хойд талаар байрлаж байсан хилийн харуулуудыг цаашлуулж , хожим дахин дотогшлуулах явдлаас үүдэн хилийн шугам бага зэрэг өөрчлөгджээ.
Тарвагатайн гэрээгээр тогтоосон хилийн шугам овоо тэмдгийг 1889 онд дахин тогтоохдоо 1794 онд хойш нь болгосон Халхын нутгийн баруун хойд хилийн шугамыг өөрчилж 4 харуулын нутгийг дотогшлуулсан байна.
Ингэснээр Сийлхэмийн нурууны ар бие хормой, Галуут нуур зэрэг Халхад харьяалагдаж байсан ихээхэн нутгаа алджээ.
Тухайлбал Манж Орос хоёр улсын тохиролцоогоор  Сийлхэмийн нурууны хойно байсан Согог харуулыг урд нь аваачин Шинэ Согог хэмээн нэрлэж мөн нуруунаас баруун хойно орших Дархинт харуулыг уулын урд тал Ойгор нуурын баруун талд шилжүүлж Идэр харуул хэмээн, Сийлхэмийн баруун хойно байсан Үхэг харуулыг Сийлхэмийн баруун урд оргилын нэг Зэс давааны өмнө тус тус дотогшлуулан байрлуулж нэрийг нь өөрчилжээ.
Тухайн үед Манжийн эрхшээлд байсан монголын нутгийн хил хязгаарыг тоймловол өмнө зүгт хятадын цагаан хэрэм, Алашагийн говийн өмнүүр орших Ци лянь нурууны өвөр бэл, Хөх нуурын сав газар, Цинхай уулын ар өвөр этгээд, Цайдам голын хөндий, Хатан голын сав газраас умардад зүүн баруун Саяны нуруу, Сэлэнгэ Орхон голын бэлчир, дорнодод Их Хянганы нурууны зүүн бэл хормой, Нон, Лууха голын саваас баруун зүг Ил Тарвагатайн нурууны зүүн бие /Ховог гол, Сайрам уул/, Зүүнгарын Алатау нурууны өвөр, Сайрам, Эвий нуурын орчимд хүрч байжээ.
Монгол улсын өнөөгийн хилийн үндэс Дарьганга, Тагнын Тува, Ховдын хязгаарыг багтаасан Армонголын нутаг дэвсгэрээр анхлан тавигдсан.
1727 ба 1864 онд тогтоосон хуучин хилээ 1976 онд Москва хотноо байгуулсан хилийн гэрээгээр тодотгон тогтоосон юм.
Дэлхийн 2-р дайны үеийн холбоотон 3 их гүрний 1945 оны Ялтын бага хурлын үед ЗХУ-ын шаардлагаар Англи, АНУ нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоо байгаа хилийн хүрээнд хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр Монгол улс дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн юм.
Мөн 1945 оны 8-р сарын 14-нд Орос Хятадын хооронд солилцсон ноот бичигт Хятад улс нь БНМАУ-ын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг "одоогийн байгаа хилээр" зөвшөөрөн хүлээснээ дэлхий нийтэд зарласан юм.
Улмаар 1962 онд Хятад Монголын хилийн гэрээг баталж уул гэрээг НҮБ-д бүртгүүлэн батлуулсан билээ.

1 comment: