Friday, February 19, 2010
Панамын суваг
Хүн төрөлхтний бүтээн байгуулсан аварга байгууламжуудын нэг бол яах аргагүй Панамын суваг билээ.
1880 оны нэгдүгээр сарын 1-нд Рио-Гранде голын хөвөөнд Францын туг дор Панамын сувгийг тавих анхны шав тавигдсан байдаг. Гэхдээ энэ нүсэр барилгын ажлыг Америкийн засгийн газар дуусгахад хүрчээ.
1898 оны сүүлээр Францын засгийн газар Америкийн ерөнхийлөгч Уильям Маккинлид энэ барилгын ажлыг худалдан авах саналыг дэвшүүлжээ. Ингэснээр баригдаж гүйцээгүй сувгийн ажил 40 сая доллараар борлогджээ.
Ингээд арилжаа хийгдсэнээс хойш 15 жилийн дараа "Кристобаль " хэмээх анхны усан онгоц Атлантын далайгаас Номхон далайг чиглэн хөвсөн байна.
Панамын сувгийг анх удаа 1513 онд Испаны конкистадор Васко Нуньес де Бальбоа даван туулж байсан удаатай.
Ийм суваг барьж байгуулах тухай санал нь анх ХVI зуунд гарч байсан боловч аж үйлдвэр жинхэнэ утгаар хөгжиж эхэлсэн тэр үеэс л барьж байгуулах бодит нөхцөл байдал бүрдэж эхэлжээ.
1846 онд Панамын сувгаар ямар ч татвар төлөхгүй нэвтрэх гэрээг АНУ Панамын засгийн газарт тулгажээ.
Төв Америк дахь Их Британийн нөлөөг арга буюу хүлээн зөвшөөрөхөд хүрч байсан АНУ Клейтон-Булвер гэх гэрээг 1850 онд байгуулсан байна.
Үүний дагуу хоёр тал ирээдүйн сувгийг ашиглах хэмжээ хязгааргүй эрхийг олж авахаас татгалзсан юм.
Ингэснээр тус суваг нь нейтрал байр суурь хадгалж үлдэх ёстой болжээ. "Далай хоорондыг хариуцсан бүх нийтийн суваг" хэмээх компанийг 1879 онд Англи-Америкийн хоорондын зөрчлийг овжин ашиглан Франц байгуулж орхилоо.
Гэвч хээл хахууль нь энэхүү үйл ажиллагааг шуугиан дэгдээсэн хэрэг болгон хувиргасан бөгөөд компанийг дампуурахад хүргэжээ. Эрх мэдэл бүхий хүмүүст хээл хахууль өгөх үйл ажиллагааг "Панама" гэж нэрлэж эхэлсэн байна.
Испани-Америкийн 1898 оны дайн дэлхийн зүүн хэсэгт дарангуйллаа тогтоохыг санаархагч Америкт суваг барих шаардлагатай юм байна гэдэг саналыг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн юм.
1901 онд тэд Англитай шинэ гэрээ байгуулж, түүний дагуу Панамын суваг барьж байгуулах онцгой эрхийг АНУ эдлэх болжээ. Панамын ард түмний эрх чөлөө олох гэсэн хувьсгалт тэмцлийг ашигласан АНУ Колумбаас Панамыг салан тусгаарлах шаардлагыг бүрэн дэмжсэн байна.
Ингээд Панамын эрх чөлөөний тэмцлийг дэмжихэд зарцуулсан хохирлыг барагдуулах үүднээс суваг барих эрхийг Панамаас олж авсан юм. 1904 онд АНУ-ын цэргийн яам суваг барьж байгуулах ажилдаа оржээ.
Панамын сувгийн барилгын ажил 1907 онд
Анхны хөлөг онгоц 1914 оны наймдугаар сарын 15-нд гарч явсан боловч албан ёсны нээлтийн ажиллагаа 1920 оны зургадугаар сарын 12-нд болж өнгөрсөн юм. Ингэснээр суваг байнгын үйл ажиллагаатай болж хувирсан билээ.
Панамын сувгийн урт нь 81,6 км бөгөөд түүний 65,2 км нь хуурай газар дээгүүр өнгөрч, 16,4 км нь Панамын болон Лимоны тохойн ёроолоор тавигдсан байдаг. Атлантын уулархаг хэсэг нь Чагрес голын хөвөөгөөр өнгөрөх бөгөөд тэнд Гатун хэмээх хиймэл нуур байгуулсан юм.
Харин Номхон далайн өндөрлөг дээр Рио-Гранде голын хөвөөг эзлэн авсан байдаг. Кулебра голын сав газрын хамгийн бага өндөрлөг нь. далайн түвшнээс 87 метрт өргөгдсөн байдаг. 1970 онд өргөтгөх ажиллагаа дуусахад Кулебрын өргөн 91,5 метрээс 150 метр хүртэл өргөжсөн билээ.
Усны боолт хавийн гүн 12,5 метрт хүрдэг. Сувгийн ихэнх хэсэг нь Гатун нуур болон Кулебрийн хөндийгөөр өнгөрдөг бөгөөд далайн түвшнээс 25,9 метрийн өндөрт байрлана. Суваг дээр 6 шаталбар бүхий хос усны боолт байх агаад тэдний хэмжээ нь 305 х 33,5 метрт хүрдэг.
Хөлөг онгоц усны боолтоор дамжихдаа тусгай цахилгаан зүтгүүр ашиглана.
Сувгаар дамжин өнгөрөхөд 7-8 цаг зарцуулдаг, зарим тохиолдолд 4 цагт ч багтах нь бий. Тус сувгаар өдөрт дунджаар 36 онгоц нэвтрэн өнгөрөх боломжтой ба 2 нэмэгдэл усны боолтыг ашиглах юм бол 48-ийг хүртэл гаргах хүчин чадалтай болдог.
Панамын суваг нь Магелланы хорлой эсвэл Горн хошууг тойрон өнгөрөх ажлыг богиносгож далайн замыг чиглэлийг өөрчилсөн билээ.
АНУ болон Канадын зүүн болон баруун эргийг холбоход энэхүү суваг ихээхэн ач холбогдолтой юм. Ингэснээр хоёр эргийн хоорондын зай 2,5-аас 3 дахин багассан байна.
АНУ-ын зүүн эрэг болон Алс Дорнодын болон Латин Америкийн олон орны хоорондын зай ч буурахад хүрчээ.
1971 онд энэ сувгаар 15,3мянган хөлөг онгоц дамжин өнгөрсөн бөгөөд 121 сая тонн ачаа тээш авч гарчээ.
Атлантын далайгаас Номхон далай хүртэл 69 сая тонн, харин Номхон далайгаа Атлантын далай руу 52 сая тонн ачаа тээш шилжүүлсэн байдаг.
АНУ-ын боомтуудаас эсвэл эргээд Америкийг чиглэх бараа таваар нийт ачаа тээвэрлэлтийн 70%-ийг эзэлдэг байна.
Сувгийн дамжуулах чадварыг бүрэн ашиглаж дууссан бөгөөд түүний усан боомтоор дамжин 40 мянган тонноос илүү багтаамж бүхий хөлөг онгоц орж чаддаггүй юм.
Түүнээс гадна том хэмжээний зорчигч тээгч, шатахуун тээгч, зэвсэг тээгч хөлгүүд дамжиж чадахгүй байна.
Үүнээс үүдэн энэ сувгийг шинээр зохион байгуулах эсвэл өөрчлөх санаа нэг бус гарч байлаа.
1970 онд тусгай ажлын комисс Ла-Чоррера - Лагарто замаар шинэ суваг барьж байгуулах саналыг АНУ-ын ерөнхийлөгчид дэвшүүлж байсан юм.
Энэ суваг нь оршин байгаа сувгаас 15 км хиртэй баруун зүгт байрлах ёстой байжээ. Харин сувгийн эргэн тойронд буюу Панама ба Колон хотуудад төмөр зам болон засмал зам өнгөрөх ёстой байсан юм.
1903 онд байгуулсан тэгш бус гэрээг дахин нэг харж үзэхийг Панамын засгийн газраас нэг бус удаа нэхэж ирсэн байна. 1973 онд энэ асуудлыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дээр хүртэл хэлэлцэж байлаа.
1977 онд Панам болон АНУ-ын хооронд байгуулсан Торрихо -Картерийн гэрээ ёсоор 2000 оны нэгдүгээр сарын 1-нд Панамын сувгийг Панамын бүрэн мэдэлд шилжүүлэх ёстой болсон юм.
1500 хавтгай дөрвөлжин километр бүхий Америкийн цэргийн баазууд болон түүний дэд бүтэц нь ч Панамын засгийн газрын мэдэлд шилжих болжээ.
No comments:
Post a Comment