Wednesday, September 26, 2012
Ус
1) Ус бол газрын гадаргын хэвийн нөхцөлд бодисын гурван төлөвт оршдог, нэг төлвөөс нөгөөд амархан шилждэг цорын ганц эрдэс юм. Шингэн ус, усны уур, мөс гурав тэнцвэрт байдалд орших температур нь +0,01°С юм. Ус нэг төлвөөс нөгөө төлөвт шилжихдээ дулааныг зарцуулахаас гадна ялгаруулна. Гэхдээ дулаан нь усны температурт нөлөөлөхгүй. Жишээ нь: 1 гр усыг ууршуулахад 597 калл, 1 гр мөсийг хайлуулахад 80 калл дулаан зарцуулна. Мөсний хайлах нууц дулаан өндөр учир мөс цас удаан хайлдаг.
2) Цэнгэг ус хэвийн даралттай үед -100°С-д буцалж, 0°С-д хөлдөх ба 4°С (3.98°С) температуртай үедээ хамгийн их нягттай байдаг. 4°С-аас дээш буюу доош хэмтэй болоход усны нягт багасан, эзлэхүүн нь тэлж хөнгөн болно. Усны энэ шинж чанарын ачаар усны давхаргуудын хооронд циркуляци буюу эргэлт хөдөлгөөн үүсдэг. Тухайлбал, хавар усны гадарга гэсэн +4°С хүрэхдээ хүндрэн доош "живэх" ба оронд нь доороос бага температуртай, бага нягттай "хөнгөн" ус дээшлэн гарч ирэх байдлаар солилцоо явагддаг.
Усны энэ хөдөлгөөн нь доод давхарга руу хүчилтөрөгч болон бусад хийг зөөх ач холбогдолтой. Харин усны эрдэсжилт нэмэгдэх тутам нягт нь ихсэнэ.
3) Бүх бие шингэн төлвөөс хатуу төлөвд шилжихдээ нягтардаг бол харин ус тийм биш, хөлдөхдөө эзлэхүүн нь тэлж шингэн байх үеийнхээс 10%-аар нэмэгддэг. Иймд мөс уснаас хөнгөн, ямагт усны гадарга дээр үүснэ. Ус ба мөсний дотоод бүтэц өөр бөгөөд мөсний молекулууд нэг нь нөгөөгөөр хүрээлүүлэн талст торонд нь хоосон зай үүсдэгээс болж нягт нь багасдаг байна. Энэ шинжийн ачаар усны гадарга дээр үүссэн мөс нь усны гүн хэсгийг хэт хөрөхөөс хамгаалж, тэнд амьд организм оршин тогтнох нөхцлийг бүрдүүлнэ. Хэрэв мөс уснаас хүнд байсан бол ёроолоосоо эхлэн хөлдөж туйлын тэнгисүүд мөнхийн хөлдүү байх байсан билээ.
4) Ус хамгийн сайн уусгагч. Иймд байгаль дээр химийн хувьд цэвэр ус байдаггүй, бүгд янз бүрийн концентрацитай хий болон давсны уусмал юм. Хамгийн цэвэр ус болох борооны ус ч бага хэмжээний давс агуулна.
Усны энэ уусгах чанар нь газарзүйн бүрхэвчид бодисын шилжилтийг үүсгэн, газрын гадаргын хувирал өөрчлөлт, рельефийн хэлбэр бүрэлдэн тогтоход чухал үүргийг гүйцэтгэнэ. Түүнчлэн амьд организмууд болон орчны хоорондох бодисын солилцооны үндэс болж өгнө. Уусгах өндөр чадварын ачаар үүсэх усны эрдэсжилт нь (тодорхой хязгаар хүртэл) амьд организмд таатай нөхцөл бүрдүүлдэг.
Амьдрал анх усанд үүссэн гэж үздэг. Хэрэв анх далайн ус үнэмлэхүй цэнгэг байсан бол тэнд амьдрал үүсэх боломжгүй байх байв. Цусны давсны найрлага тэнгисийн усны давсны найрлагатай ойролцоо байдаг нь тохиолдлын зүйл биш юм. Усны давсжилтыг г/л ба %0 (промилле)-оор тодорхойлно.
1%0 хүртэл бол цэнгэг ус, 1-24.7%0 -давстай, 24.7% 0 -аас дээш бол шорвог ус гэж ангилна.
5) Усны давсжилт ихсэх хэрээр хөлдөх температур ба хамгийн их нягттай байх температур нь буурна. Энэ шинж чанарын нөлөөгөөр их хөрсөн, нягт ихтэй ус нь гүн рүү доош сууж, оронд нь арай бага хөрсөн хөнгөн ус гадарга дээр өргөгдөн гарна. Өвлийн их хүйтэнд гүехэн нуур ёроолоо хүртэл хөлдсөн байхад их давслаг гүн нуурууд мөсөөр бүрхэгддэггүй нь дээрх шинжтэй холбоотой юм. Түүнчлэн далайн давстай ус хөрсөн үедээ нягт нь ихсэж доош сууснаар гүнд хүчилтөрөгчийг зөөн аваачдаг ач холбогдолтой болно.
6) Ус дулаан багтаамжаар хамгийн өндөр бодис.
Нэгж эзлэхүүнтэй усыг 1°С халаахад шаардагдах дулааны хэмжээг усны дулаап багтаамж гэнэ (Бодисын дулаан багтаамжийг хувийн дулаан багтаамжаар илэрхийлнэ).
Усны дулаан багтаамж 1 кал/г.град буюу 4186.8 ж/кг.град (4.2 кДж/кг град). Энэ нь модноос 2 дахин, элснээс 5 дахин, төмрөөс 10 дахин, агаараас 3000 дахин их юм. Өөрөөр хэлбэл 1 см3 ус ба 3000 см3 агаарыг ГС-аар халаахад зарцуулах дулаан адилхан.
Хэрэв далайн усны 100 м зузаан давхарга 1°С-аар хөрвөл бүх тропосферын температур 6°С-аар нэмэгдэнэ. Эндээс үзвэл дэлхийн далай асар их дулааныг өөртөө шингээсэн дулааны том "нөөцлүүр" юм. Хэмжээгээр том биш нуур, гол мөрөн ч тухайн газрын уур амьсгалд ихээхэн нөлөө үзүүлдэгийн учир нь үүнд оршиж байна.
7) Усны дулаан дамжуулах чанар их биш, мөс дулааныг бүр ч бага дамжуулна.
Ингэснээр мөсний доор орших ус хөрөхөөс сайн "хамгаалагддаг". Усны янз бүриин давхарга халах нь дулаан дамжсанаас бус, гол нь турбулент шилжилт, хөдөлгөөнөөс болж халж байгаа юм.
8) Ус шингэнүүдийн дотроос (мөнгөн уснаас гадна) гадаргын таталцал хамгийн сайтай нь юм. Иймд усны норгох чадвар их байдаг нь өнгөн ба ул хөрсөнд ач холбогдолтой.
9) Ус капилляраар /нарийн суваг/ дээш өргөгдөж байдаг. Энэ шинж чанарынхаа нөлөөгөөр хөрс, чулуулагт нэвтэрч ургамлын үндсээр дамжин тэжээл болох үндсэн нөхцөл бүрдэнэ. Хэрэв энэ шинж чанар байгаагүй бол газрын гүн рүү хүндийн хүчний улмаас нэвчих ус ямагт доошилсоор байх байсан билээ.
Капилляр дахь ус -30°С үед ч хөлддөггүй бөгөөд -70°С хүрсэн үед мөс үүсэхгүй, аморф байдалд үлдэнэ.
Заримдаа эрдэмтэд капиллярын усыг түүний дөрөв дэх төлөв гэж нэрлэх нь ч бий.
10) Их даралт, температурын нөлөөгөөр усны шинж чанар өөрчлөгддөг.
Хэрэв "цэвэр" ус
1 атм даралтанд 0°С-д хөлддөг бол
600 атм даралтанд -5°С-д
2200 атм-т -22°С-д хөлдөх ба гэвч 3500 атм-т -17"С-д
6380 атм-т +0.16"С-д
20670 атм-т +76°С-д "халуун мөс" үүсэх ба энэ нь дэлхийн гүнд бий.
Маш бага температур (-170°С-аас доош) болон бага даралтанд талст бүтэцгүй "хэт нягт мөс" үүсдэг. Ийм мөсний нягт 2.32 г/см3 байдаг нь гнейсын нягт /чулуулаг/ (2.4 г/см3)-тай ойролцоо юм.
11) Цахилгаан цэнэгийн харилцан үйлчилгээг сулруулна. Энэ шинжээрээ агаараас 80 дахин их. Учир нь усанд ууссан бодисууд ионжсон байдалтай байдаг тул биохимийн урвал зөвхөн ионуудын хооронд явагдана. Ингэснээр ус амьдралд зөөгчийн үүрэг гүйцэтгэнэ.
12). Байгаль дахь ус тодорхой хязгаар хүртэл өөрийгээ цэвэршүүлэх чадвартай. Ус хөрс, гүн рүү шүүрэхээс гадна ууршихдаа харьцангуйгаар цэвэр ус нь ууршиж, бусад хольцууд нь үлддэг. Гол, нуурын ус ч хөдөлгөөнийхээ явцад цэвэршиж байдаг.
13) Мөсний физик шинж чанар усныхаас ялгаатай. Температур 0°С, даралт 1 атм байхад мөсний нягт 917 кг/м3 буюу усныхаас бага байдаг. Мөсний нягт түүний бүтэц, температур, нүх сүвэрхэг байдлаас хамаарах ба температур буурах тутам нягт нь нэмэгдэж, эзэлхүүн нь багасна.
Тодорхой температур ба даралттай нөхцөлд мөс хайлна. Энэ үеийн температурыг хайлах температур гэх ба даралт ихсэх тутам хайлах температур буурна. Мөс 0.01°С орчим температурт (практикт 0°С) хайлна.
0°С температурт 1 г мөс ус болоход зарцуулагдах дулааны хэмжээг хайлах хувийн дулаан гэх ба энэ нь 0.05057 кал/г град байдаг.
14) Гэрлийн энергийн нөлөөгөөр ус фотосинтезид орж устөрөгч ба хүчилтөрөгч болж задран агаарт чөлөөт хүчилтөрөгчийг бий болгодгоороо газарзүйн бүрхэвчинд их үүрэг гүйцэтгэдэг билээ.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарж сонирхоно уу...
Мэдээллийн эх сурвалж: Дэлхий судлал /газарзүйн лавлах/
No comments:
Post a Comment