Friday, March 29, 2013
Цаг агаарын урьдчилсан мэдээг хэрхэн гаргадаг вэ?
Цаг агаарын нөхцөл байдал хүний амьдралын хэв маяг, үйл ажиллагаанд нөлөөлдөг. Тиймээс цаг агаар ямар байхыг урьдчилан мэдэх нь тустай. Орчин үеийн цаг агаарын урьдчилсан мэдээг дэлхий даяар ижил цагт явуулж буй агаар мандлын хэдэн сая ажиглалт, хэмжилтийг нэг дор цуглуулан, тооцож гаргадаг.
Агаар мандлын доод давхаргатай холбоотой мэдээг улс бүрийн ажиглах станцууд гаргадаг.
Дээд давхаргатай холбоотой мэдээг радар, сансрын хиймэл дагуул зэрэг хэрэгслийг ашиглан мэдэж авдаг. Мэдээг цаг уурын судлалын зураглалд оруулан, эндээс урьдчилсан мэдээг гаргаж авна.
Манай оронд Цаг Уурын Төв энэ мэдээг гаргадаг.
Өргөн газар нутагт тодорхой цаг үеийн туршид цаг уурын байдал болон цаг уур судлалын бусад мэдээллийг агуулсан зургийг цаг уур судлалын зураг гэдэг.
Цаг уур судлалын хамгийн өргөн тархсан зурагт даралтын талбай, бүс бүслүүр, салхи, хар шуурга зэрэг цаг уурын хүчтэй хэлбэлзэл бүхий нутгийн байрлал, салхины чиглэл, хурд, агаарын хэм, үүлний хэмжээ, төрөл, цаг уурын байдлын төлөв, чийгшилийн хэмжээ, алсын бараа харагдах байдал зэргийг тусгадаг.
Цаг агаарын урьдчилсан мэдээ нь гурван үе шаттай: ажиглалт, анализ, таамаглах.
Эхлээд ажиглалтын маш олон аргыг ашигладаг. Цаг агаарын урьдчилсан мэдээг гаргахад аль нэг арга нь дангаар хангалтгүй байдаг.
Газрын ажиглалт:
Дэлхий дээрх цаг уурын судлалын бүх станц зэрэг явагддаг. 3 цаг тутамд өдөрт 8 удаа давтагдана.
Энэ ажиглалтаар салхины чиглэл хурд, агаарын хэм, усны уурын даралт, хөрсөн дээрх хамгийн бага хэм, агаарын даралт, цаг агаарын үзэгдэл, хэвтээ чиглэлийн алсын бараа харагдах зай, үүлшилт, тэнгэр бүрхэх хэмжээ, төрөл болон давхаргын өндөр, цасны зузаан, өдрийн ууршилт болон гэрлийн хэмжээ, хур тунадасны хэмжээ, далайн байдал, далайн алсын бараа харагдах хэмжээ, далайн усны дулаан зэргийг хэмждэг.
Эдгээр тоо баримтыг эхлээд улсын цаг уурын судлалын төвд, дараа нь олон улсын төв рүү илгээнэ. Олон улсын төвд цуглуулсан тоо баримтыг дахин улс орнууд руу илгээдэг.
Нисэх онгоц болон усан онгоцны ажиглалт:
Хуурай газрын ажиглах станцуудад хийдэг хэмжилтийг нисэх онгоц, усан онгоцонд ч хийдэг. Эдгээрийг замд тохиолдох цаг агаарын олон янзны нөхцөл байдлыг хураан бичих хэрэгслээр тоноглодог.
Нисэх онгоцоос салхитай холбоотой мэдээг авдаг. Усан онгоцнууд тэнгис далайн байдлыг мэдээлнэ. Хэмжилтийн тоо баримтыг тухайн тээврийн хэрэгслийн байршлын уртраг, өргөргийн хамт хуурай газрын аль нэг станц руу илгээдэг.
Агаарын дээд давхарын ажиглалт:
Агаарын дээд давхаргын ажиглалт хийдэг станцууд радио дохиологч хэмээх төхөөрөмж байрлуулсан, устөрөгч мөн түүнтэй ижил хөнгөн хийгээр дүүргэсэн агаарын бөмбөлөг хөөргөдөг.
30-40км өндөр хөөрсөн бөмбөлөгөөс даралтын тодорхой давхаргын өндөр, тухайн давхаргын чийг дулаан, салхины чиглэл, хурдыг хэмжин, радио дохиогоор газар дахь станц руу илгээдэг.
Энэ ажлыг өдөрт хоёр удаа давтан хийдэг.
Радарын мэдээлэл:
Цаг уур судлалд бороо цас, мөндрийн хэмжээ, хаана хэр их унасныг тооцохын тулд радар ашигладаг.
Радио долгион борооны дусалтай мөргөлдөн буцаж, хүлээн авагчийг мөргөдөг. Энэ мэдээг хиймэл дагуулын тусламжтайгаар станц руу илгээж, дүрс болгон буулгана.
Хуурай газрын хүчтэй шуурга, хар шуурга зэрэг үзэгдлийн байршил, хүчийг мөн л радарын тусламжтайгаар тооцон гаргадаг.
Сансрын хиймэл дагуулын дүрс:
Сансрын хиймэл дагуулууд авсан мэдээгээ тодорхой хугацаагаар газрын станц руу илгээснээр цаг агаарын байдлыг бөмбөрцгийн хэмжээнд нарийвчлан шинжлэх ажлыг хөнгөвчилдөг.
Цаг агаарын зурагт сансрын хиймэл дагуулаас авсан зураг чухал үүрэгтэй. Хоёр төрлийн зураг байдаг. Бидний хардаг буюу харж болох дэлхийн болон үүлний зургийг харуулсан гэр зураг болон халууны хэмжээг үзүүлдэг хэт улаан туяаны зураг юм.
Ажиглалтын автомат станцууд:
Цаг уур судлалын энгийн станцуудад хийсэн хэмжилтийн ихэнхийг автомат аргаар тооцоолон, кодолж, алдаа гарах боломжийг бууруулан холбогдох газар луу илгээдэг байна.
Цуглуулсан мэдээллийг газрын зурагт буулган, изобарын муруй зурна. Ижил даралттай цэгүүдийг холбосноор изобарын энэ муруй үүсдэг.
Изобарууд бие биетэйгээ ойртвол салхины хурд нэмэгддэг. Хоёр өөр жинтэй агаарыг бие биеэсээ ялгаатай бүсээр тэмдэглэдэг.
Гаргаж авсан мэдээг агаарын жингийн байршил, хиймэл дагуулын зураг, радарын мэдээ, тоон мэдээлэлтэй харьцуулдаг. Гаргасан үр дүнг хамгийн сүүлийн удаа эрдэмтдийн хурлаар хэлэлцдэг.
No comments:
Post a Comment