Monday, April 1, 2013
Ангарскийн нефтийн төлөөх Хятад, Японы халз тулаан
Аж үйлдвэржилтийн эриний үндсэн хөдөлгөгч хүч, гол түүхий эд болсоны хувьд *хар алт* гэж өргөмжлөгдсөн нефть дэлхийн геополитикт нөлөөлсөөр, том жижиг гэлтгүй аливаа орны гадаад бодлогоос ханхалсаар байна.
Азид хар алтыг хамгийн ихээр залгидаг улсууд бол Хятад, Япон хоёр улс юм. Дэлхийн нефтийн нөөцийн тэн хагас нь Ойрхи Дорнодод байдаг тул эл 2 улс хэзээ ч дэлбэрч болох тус бүс нутгаас дэндүү хамааралтай бөгөөд чухам эндээс хэрэгцээнийхээ нефтийн дийлэнхийг татдаг.
Нефтийн хэрэглээний өсөлтийн хурдцаараа дэлхийд тэргүүлдэг болсон Хятад ч нефть импортлогч томоохон гүрэн Япон ч энэ хамаарлыг багасгах арга зам хайсаар ирсэн нь мэдээж.
1990-ээд оны сүүлчээр Азийн энэ 2 аварга улсын аль алиных нь хөрш ОХУ Зүүн өмнөд Ази руу нефть дамжуулах хоолой барих төсөл боловсруулж эхэлсэн. Оросууд Зүүн Сибирийн нефтийг Ангарскаас авах эх авах хоолойгоор дамжуулан Азийн зах зээлд нийлүүлэх 3 хувилбар санал болгож байв.
Нэгд: Ангарскаас төмөр замын дагуу Монголын газар нутгаар дайран БНХАУ-ын аль нэг далайн боомт хүрэх тавих нь хамгийн бага хөрөнгө оруулалт шаардсан, хамгийн дөт, хамгийн богино хугацаанд барьж болох хувилбар байжээ. Энэ хувилбар эдийн засгийн хувьд ч ОХУ-ын сонирхлыг илүүтэй татаж байсан бололтой.
Хоёрт: Нефтийн хоолойг Монголын нутгийг тойруулан БНХАУ-ын баруун хойд мужаар тус улсын Дацин хот, улмаар Тяньжин боомт хүртэл тавих хувилбар Бээжингийн ашиг сонирхолтой бүрэн нийцэж байв.
Гэвч энэ замаар хоолойг барих нь технологийн тал дээр нилээн хүндрэлтэй, хөрөнгө ч ихээр шаардах тооцоо гарсан ажээ.
Гуравдах нь: Хоолойг БАМ-ын төмөр замын дагуу ОХУ-ын Алс Дорнодын Находка боомт хүртэл тавих хувилбар. Энэ хувилбар ОХУ-д нефтээ БНХАУ-аас гадна Япон, БНСУ-ын зах зээлд шууд хүргэх боломж нээж байв.
Нефть дамжуулах хоолой барих төслийг Бээжинд ч, Токиод ч ихэд сонирхсон. Гэвч Токио эхэндээ харзнах байр суурь баримталснаар санаачилгыг Бээжинд алджээ. Манай урд хөршийнхөн нефтийн хоолойг өөртөө хамгийн ашигтай хоёрдахь хувилбараар барих тал дээр бүх талын идэвх гарган санасандаа хүрчээ.
БНХАУ-ын дарга Ху Жин Тао ОХУ-д 2003 оны 3-р сард айлчлах үедээ В.Путинтэй Ангарск-Дацин чиглэлээр 2,5 тэрбум долларын өртөгтэй, 2200 км урт нефть дамжуулах хоолой барих тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.
Нефть дамжуулах хоолой 2003 онд эхлэн баригдаж 2005 онд дуусчээ. Тус хоолойгоор өдөрт 60 мянган баррель, жилд 20 сая баррель нефть дамжуулах боломжтой юм.
Ангарскийн нефтийн төлөө нэлээд хожуу 2002 оны 12-р сараас эхлэн өрсөлдөж эхэлсэн Японы удирдлага Ху Жин Тао В.Путин нарын байгуулсан энэ гэрээнд харамсч байгаа нь илт. Японы тал Москвад Ангарск-Дацин чиглэлийн нефтийн хоолой барих БНХАУ-тай урьдчилан тохирсон тохиролцоогоо хүчингүй болгож, оронд нь Ангарск-Находка чиглэлийн хоолой барих нь дээр гэж Москваг яаж ч ятгаад дийлсэнгүй. Токио Ангарск-Находка чиглэлийн хоолой нь Оросын нефтийг дан ганц Хятад бус нийт Ази, Номхон далайн зах зээлд шууд нийлүүлэх боломж нээх тул илүү ашигтай хувилбар гэж давтан давтан мэдэгдэж байжээ.
Японы Эдийн засаг, Аж үйлдвэрийн яамны сайд 2 ч удаа Москваг зорин Ангарск-Находкагийн хоолой барихад шаардлагатай 5-6 тэрбум долларын долларын хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн гэсэн Засгийн газрынхаа байр суурийг уламжилсаны зэрэгцээгээр ОХУ-ын Алс Дорнодын бүсийг хөгжүүлэхэд нэг тэрбум доллар гаргах боломжтой гаргах боломжтой гэж байв.
Ангарскийн нефтийн хоолойн төлөөх тэмцэл Японы засгийн газрын нэг гол зорилтын нэг болж байсан аж. тухайн үед ерөнхий сайд байсан Жуничиро Коизуми сайд нартаа оросуудтай хэлэлцээ хийх болгондоо энэ сэдвийг хөндөх даалгавар өгч байжээ.
Тэрээр В.Путинтэй уулзах бүрийдээ Ангарск-Находкагийн хоолойг барих ач холбогдлын талаар яриа өрнүүлдэг байжээ.
Японы элч нар ОХУ-ын Алс Дорнодын мужуудын захирагч нартай хүртэл уулзан нефтийн хоолойн төслийг дэмжих нь 2 талд ямар их ашигтай болохыг тайлбарладаг байв. 2003 оны 4-р сард Токио ОХУ-ын анхны ерөнхийлөгч Б.Ельцинийг урьсан нь энэ төслийг авахад нөлөө үзүүлнэ гэж найдсантай холбоотой байв.
Гэвч Сибирийн нефтийн төлөөх тэмцэлд Токио Бээжинд ялагдлаа.
Яагаад вэ?
Японы засгийн газар Ангарск-Дацин чиглэлийн Орос, Хятад үндсэндээ тохирчихоод байсны дараа л гэнэт *ухаан орсон* нь үүнд нөлөөлсөн. Москва тохиролцооноосоо буцаж БНХАУ хэмээх стратегийн том түншийнхээ итгэлийг алдахыг хүсээгүй нь лав.
Дээр нь Япон Ангарск-Находка хоолой барихад өгөх хөнгөлөлттэй зээлдээ улсын баталгаа гаргахыг хүссэн аж. Үүнийг ОХУ-ын засгийн газар хүлээн авах боломжгүй гэж үзжээ.
Ингэснээр Находка хүртэлх нефтийн хоолой тавих явдал тодорхой бус хугацаагаар хойшиллоо.
БНХАУ хаяанд нь байгаа Сибирийн нефтийг хоолойгоор түвэггүйхэн урсган хүртэж, алс холд орших тогтворгүй Ойрхи Дорнодоос хамааралгүй болж санаа нь амрах нь.
Харин Япон улсад хэрэгцээнийхээ нефтийн 80 хувийг тэр л бүсийн орнуудаас Энэтхэгийн болон номхон далайгаар тээвэрлэсээр байхаас өөр арга одоохондоо алга.
Манай 2 их хөрш Ангарск-Дацины нефтийн хоолойн дагуу Ковыктинскийн байгалийн хий дамжуулах дамжуулах хоолойг ч давхар барьсан.
Энэ хоолой ОХУ-ын Чита мужийн төсөвт л гэхэд жил бүр 227,5 сая ам доллар оруулах гэнэ. Хэрэв уг хоолойг Монголын нутгаар тавьсан бол манай улс дор хаяж энэ хэмжээний орлого олоод байх байсан биз ээ.
Ангарскийн нефтийн төлөөх халз тулаанд япончууд яагаад ялагдсаныг дээр дурьдсан.
Тэгвэл энэ хоолойг яагаад Монголын нутгаар дайруулж тавихаа болсон бэ?
2002 онд ОХУ-ын ерөнхий сайд М.Касьянов манай оронд айлчлахдаа ОХУ-аас Хятад руу нефть татах хоолойг Монголын нутгаар барих боломжийг судалж байгаа. Энэ бол 3 улсын хэлэлцээрээр шийдэх асуудал гэж мэдэгдэн найдвар төрүүлж байсан.
Харамсалтай нь тус хоолойн захиалагч болох БНХАУ тийм хувилбарыг ашиггүй гэж үзсэнээр нефтийн хоолой Монгол улсын хилийг эмжээрлэн тойрч өнгөрөх болсон юм.
Мэдээллийн эх сурвалж: Зууны мэдээ сонин.
Нэмэлт мэдээллийг энд дарж үзнэ үү...
No comments:
Post a Comment