Monday, March 8, 2010
Өмнөд туйлыг нээсэн нь /2-р хэсэг/
1909 оны намар Роберт Скоттын шинэ аялалын тухай албан ёсны мэдээлэл тархаж эхэлжээ. Тэрээр энэ аялалдаа ихээхэн чармайлт гарган бэлтгэж байлаа.
Түүний гол зорилго нь Их Британийн тугийг Өмнөд туйл дээр хатгах явдал байсан юм.
Дараачийн жилийн зургадугаар сард "Терра-Нова" хөлөг онгоцоор экспедиц замд гарлаа.
Харин хоёр сарын дараа Австралийн эрэг хүрсэн Скотт гэнэт цахилгаан утас хүлээн авлаа. Тэрхүү цахилгаан утсаа Амундсенээс авчээ.
Тэрээр Өмнөд туйлыг нээх өрсөлдөөнд ороход бэлэн гэдгээ мэдэгдсэн нь тэр юм. Гэхдээ юу болсон ' юм бол? Яагаад зөрүүд Норвеги эр Хойд туйлд хүрэхээс татгалзсан билээ?
1909 онд Руаль Амундсен Арктик дахь Нансены аялалыг давтахын тулд хуучин боловч нилээд сайн "Фрам" гэгч хөлөг онгоц худалдан авчээ.
Түүний аялалын зорилго ямар ч эргэлзээгүй Хойд туйлд түрүүлж хүрэх. Гэвч аялалд бэлтгэх үед Америкийн аялагч Роберт Пири түүнээс түрүүлсэн болохыг мэджээ.
Ингээд Норвеги эрийн сонирхол тэр даруйдаа буурчээ. Удаан бодолгүй Рауль Дэлхийн эзлэгдээгүй өндөрлөг болох Өмнөд туйл руу харцаа чиглүүлсэн юм.
Шинэ шийдвэр гаргамагцаа Амундсен түүнийгээ нууцалсан байна. Зөвхөн далайд гармагцаа өмнөд зүг рүү чиглэжээ.
Мадейра арлаас тэрээр Скоттод мөнөөх захидлыг илгээсэн байлаа...
Энэхүү мэдээллийг авсан Скотт тэгтлээ их сандарсангүй ба түүнд хэд хэдэн шалтгаан байлаа.
Өмнөд туйлын эргэн тойрон дахь шуугиан нэг бус жил үргэлжилсээр ирсэн. Дэндүү хүнд зорилт... Амундсены талаар Скотт дэндүү бага зүйл мэднэ. Тэгээд ч Скоттын үзсэнээр тэрээр Уэдделлийн эрэг хавьд буух ёстой.
Харин энэ бол түүний өөрийнх нь баазаас хамаагүй хол - тэгээд бодохоор гол цэг рүү норвегичууд тун удаан явах биз.
Тун удахгүй Амундсеныг дутуу үнэлсэн болохоо Скотт ойлгох болно.
"Терра-Нова" хөлөг онгоц Росса далайн мөсөн уулын дэргэдүүр урт удаан аялал гүйцэтгэсний эцэст Антарктидын танил эрэг болох Эребус галт уулын хавьд зогслоо.
1911 оны нэгдүгээр сарын туйл руу хүрэхэд хэрэглэгдэх туслах бааз байгуулах ажлыг хаврын эхээр Скотт хийж эхэлжээ. Харин хөлөг онгоц эрдэм шинжилгээний судалгаа хийх зорилгоор зүүн зүгийг чиглэн явсан байна.
Хоёрдугаар сарын эхээр нэгэн хоолойг тойрч байх явцдаа Англичууд зангуу хаясан хөлөг онгоц харсан юм.
Тэр бол "Фрам" хөлөг байлаа. Росса далайн эрэг дээр Амундсен норвегичуудын бааз байгуулж амжсан тэр билээ. Эндээс тэрээр туйл хүрэх болно гэж Английн хөлөг онгоцны хүмүүст дуулгажээ...
Энэ тухай мэдсэн Скотт үнэхээр цохилтонд орлоо. "Амундсены төлөвлөгөө нь бидэнд нилээд аюул занал учруулах болно.
Амундсен биднийг бодвол туйлд 60 миль хиртэй ойрхон байна. Түүнийг тийм их хэмжээний нохдыг авчирч чадна гэж бодсонгүй. Түүний төлөвлөгөө үнэхээр гайхамшигтай. Тэрээр замдаа жилийн эхээр гарах боломжтой харин морьдтой ингэх боломжгүй".
Түүний замд таарсан Норвегчууд цорын ганц өрсөлдөгч гэдгийг Скотт ойлголоо. Скоттын айдас ч баталгаатай байсан юм, Моторт чарга болон маньжурын морьдод л найдвараа тавина.
Гэтэл норвегичууд 116 ноход авчирсан бөгөөд хүнд үед тээврийн хэрэгсэл гэж ашиглахаас гадна эскимос нохой бүр 25 кг мах өгдөг билээ. Энэ бол тийм хэмжээгээр хүнсний зүйлийг багасгах боломжтой гэсэн үг юм.
Нохойд хөдөлгөөний хэрэгслээс хүнсний зүйл болон хувирах тэр өдрийг Амундсен сайтар тооцоолсон байлаа.
Өмнөд уртрагийн 80 болон 85 дугаар хэмийн орчим градус тутамд хүнсний болон шатахууны бааз байгуулахаар төлөвлөжээ.
Өмнөд туйл руу Амундсен болон Скотт нар янз бүрийн цагт гарлаа. Норвег эр түрүүлж аравдугаар сарын 20-нд гарсан бол 1911 оны арван нэгдүгээр сарын 2-нд Скотт явсан юм. Хэдийгээр Амундсены зам богино боловч хамаагүй хүнд байжээ.
Россын мөсөн дээрх хоёр том ангал хөдөлгөөнд саад болно. Мөснөөс уулын оройд гарах зам ч маш хүнд байлаа.
Гэвч Амундсенд давшилтанд зориулагдсан 52 ноход байсан юм. Тал дээр тэд.их амархан чаргыг зөөвөрлөх бөгөөд хүмүүс зөвхөн тэднийг уясан оосроос л барих бөгөөд араас нь цанаар явна.
Гэвч аялагчдын явж байсан газрын гадаргуу байнга өөрчлөгдөнө. "Толь шиг маш хүнд" зам байснаа, давааны цаана даваа болон хувирч, тэгээд зогсохгүй том ангал гарсан байх агаад түүнийг тойрох шаардлагатай болно.
Тэгснээ "дээгүүр нь явахад үнэхээр сайхан цас" болон хувирна. Эсвэл гүнзгий цасан хунгарцаг, өндөр уул" болон хувирч байсан гэдэг.
Норвегичууд мөсөн тавцан дээр гарч ирэхэд далайн түвшнээс 3500 метрийн өндөрт гарсан байлаа. Явахад улам бүр хэцүү болон хувирсан ба агаар хүнд болж хүчилтөрөгчийн дутагдалд байнга орно.
Өтгөн манан болон шуурга шуурахад юу ч харагдахгүй болох нь хэвийн үзэгдэл хэмээн Амундсен дүрслэн бичжээ.
Удаан хугацаагаар буудаллахгүй ба сайн цаг агаар хэзээ ирэхийг удаан хүлээх болно гэдгийг бүгд мэднэ.
Төлөвлөсөн ёсоор илүүдэл нохдыг аажмаар идэж эхэлжээ. Хүмүүст болон үлдсэн амьтанд шинэ мах хүч тэнхээгээ сэргээхэд заавал хэрэгтэй байсан юм.
Мэдээж хэрэг Англичууд ч зам зуурт хүндрэлтэй тулгарсан бөгөөд хоёр өрсөлдөгчид өөр өөрсдийнхөөрөө л түүнийг даван туулна.
Зөвхөн биений хүч тэнхээний хувьд төдийгүй, гэхдээ түүнийгээ норвегичууд хадгалан үлдэж чадсан юм. Амундсен болон Скоттын багт байх хүмүүсийн сэтгэл санааны байдал ч өөр өөр байлаа.
Өдөр бүр тавьсан зорилтоо биелүүлж байгаа учир Амундсены баг байнга эргэлзэж байгаа Скоттын багаас өөр байсан нь ойлгомжтой...
Өмнөд туйлд хүрсэний дараа Амундсены нийтлүүлсэн дурдатгал болон Скоттын үлдээсэн тэмдэглэлийн дэвтэр зэргийг харьцуулсаны дараа энэ талаар ойлгоцтой болно. Хөөрхий Англи эрийн хамгийн сүүлчийн хуудас бүр ч аймшиггай...
Англи болон Норвегийн багууд хүмүүсийнхээ тоогор ижил тэнцүү байлаа. Скоттын хамт эмч Э.Уилсон, офицерууд Л.Отс, Г.Боуэрс болон унтер офицер Э.Эванс нар явж байлаа.
Англичуудын моторт чарга тун удалгүй эвдэрсэн юм. Туйлд хүрэхээс өмнө хүч тамиргүй болсон морьдыг ч буудах шаардлагатай болжээ.
Харин нохдын хөсгийг туслах багийн хамт эргүүлэн явуулсан байна.
Тиймээс хүмүүс хамаг хүчээ зарцуулан хүнд чаргаа урагш чирч эхэлжээ. Хэдийгээр Скоттын багт цана байсан ч Англичууд түүндээ үнэхээр дургүй байгаа нь мэдрэгдсэн юм. "Цорын ганц арга бол цана, гэтэл эх орон нэгтнүүд маань их дургүй байнам..."
Гэтэл эдгээр мөртэй Амундсены бичсэн зүйл гайхалтай зөрж байдаг: "Бид өөрсдийнхөө цанын чанарыг үнэхээр сайн гэдгийг байнга магтаж байлаа...
Өмнөд туйлд хүрэхэд бидний ашиглаж байсан цана чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг заавал тэмдэглэх хэрэгтэй".гэжээ.
1911 оны арван хоёрдугаар сарын 15-нд Амундсен болон багийн дөрвөн хүн Өмнөд туйлд Норвегийн тугийг мандууллаа.
Тухайн үед Амундсены сэтгэлд эргэлзээ төрсөн гэдэг. "Өмнөд туйл" гэдэг номондоо: "Түүний хүсэл эрмэлзлийн шууд эсрэг талын цэгт өөр ямар ч хүн зогсож байгаагүй биз... Хойд туйл намайг хүүхэд байхын л татаж ирсэн, гэтэл би Өмнөд туйлд зогсож байна. Бүх зүйл эргэчихжээ!"
Гэтэл Скоттын хувьд ч бүх зүйл нь эргэчихсэн байлаа. Зохион байгуулалтын дутуу дулимаг зүйл дээр байгаль цаг уурын ааш нэмэгдлээ.
1912 оны нэгдүгээр сарын дундуур туйлд хүрэхэд хэдхэн километр дутуу байхад Англичуудыг хамгийн хүнд цохилт хүлээж байлаа.
Тэд Норвегийн экспедицийн ул мөрийг олж илрүүлсэн юм. "Бид бүхнийг ойлгосон. Норвегичууд биднээс түрүүлж туйл хүрчээ. Ямар их гутамшиг билээ... Бидний мөрөөдөл талаар боллоо, эргэн явахад гунигтай л хэрэг".
Гэхдээ Англичууд хэзээ ч гэртээ эргэж очихгүй гэдгээ хэрхэн мэдэх билээ. "Юнион Жек" тугаа туйл дээр мандуулчихаад дэргэд нь зургаа авахуулсан ч тун их сэтгэлийн гутралд орж эргээд явлаа.
/Английн аялалын багийнхан/
Аз үнэхээр тэдний талд биш байлаа. Буцах зам нь тун хэцүү болов. Аймшигт хүйтэн, бараг зогсоо зайгүй үлээх салхи зэрэг нь хүч тэнхээ барна. Завсар хоорондын хүнсний баазаа хайх зуурт замаасаа төөрч, үүнээс болж хоол хүнсээ багасган идэх нь улам бүр хүчгүй болгоно.
Бааздаа ойртох бүрийд Англичууд тэнхээ тамир улам бүр мууджээ. Амьдрах хүсэл эрмэлзэл буурч, сэтгэлээр унах явдал ихссэн байна. Үүнийг Скоттын тэмдэглэлийн дэвтрээс харж болно.
"Бурхан минь, бидэнд туслаач, бид энэ зовлонг дааж чадахгүй нь..." гэж тэрээр бичсэн юм.
Гэсэн хэдий ч багийн гишүүд геологийн тун чухал олдвор бүхий 15 килограмм хүдэр тээвэрлэсэн хэвээр байлаа.
Түүнээс гадна хамаг хүчээ баран байж тэмдэглэлийн дэвтрээ Скотт хөтөлсөөр байлаа. Аажмаар тэр бичиг нь улам бүр товчхон болно... Аймшигт үхлийн өмнө эдгээр хүмүүс эр зоригоо алдаагүй юм.
Тэд ангал руу унахдаа толгойндоо бэртэл аваад ухаангүй байх Э.Эвансыг авч явсан хэвээр байлаа.
Эванс түрүүлж нас барлаа.
Хөлдөлттэй Отс өөрийгөө хаяад явахыг хүссэн бөгөөд шуурганы үеэр майхнаас санаатай гарч хөлдөж үхсэн байна...
Гурвуулаа үлдсэн Скотт, Уилсон, Бауэрс нар хувь тавилангаа даван туулах гэж оролдож эхэлсэн юм.
Гэвч байгаль өршөөлгүй билээ.
Аврал авчрах хүнсний зүйл болон шатахуун байгаа бааз хүртэл ганцхан хоногийн зай буюу 20 километр үлдээд байхад Скотт хамгийн сүүлчийн тэмдэглэлээ үлдээжээ.
"Гуравдугаар сарын 29, пүрэв гариг. 21-нээс хойш байнга салхи шуурч байна... 20-нд хоёр аяга цай чанах шатахуун л бидэнд байлаа, бас хоёр хоногийн хуурай хүнс. Өдөр бүр л бид хүнсний зүйл байгаа бааз хүртэл явах бөгөөд тэр хүртэл ердөө 11 миль үлдсэн юм.
Гэвч майхны цаана шуурга намжихгүй байна. Одоо сайн зүйл хүлээгээд хэрэггүй бололтой. Гэхдээ бид эцсээ хүртэл тэсэх болно, бид суларч байна, мэдээж хэрэг үхэл ч ойрхон байна. Харамсалтай л юм, гэхдээ би дахиад бичиж чадна гэж бодохгүй байна. Р.СКОТТ". Нэмж бичихдээ: "Бурхан минь, бидний төрөл саданг битгий орхиорой". гэж бичиж байжээ.
Зөвхөн антарктикийн хавар ирмэгц хайгуулын анги Английн экспедицийнхныг олж илрүүлсэн бөгөөд түүнд гурван цогцос байлаа. Тэднийг оролдоогүй юм. Майханг тогтоож байсан тулгуурыг авч хаяад цогцсыг бүтээжээ.
1913 оны нэгдүгээр сард овооны орой дээрээс Скоттын өвөлжилтийг харж болох бөгөөд тэнд загалмай босгосон байна. Түүн дээр амь үрэгдсэн хүмүүсийн нэрийг бичсэн бөгөөд XIX зууны Английн яруу найрагч Теннисоны: "Тэмцэж олох, олмогцоо хэзээ ч бууж өгөхгүй" гэдэг мөрийг сийлжээ.
Эдгээр мөрүүд дээр өгүүлсэн үйл явдлын баатруудад хамааралтай болов уу.
Английн "Дейли кроникл" сонинд Норвегичуудын амжилтын талаар өгүүлж эхэлсэн тэр мөчид хөлдөж, хоосон ямар ч чадалгүй болсон Скотт болон түүний хэсэг нөхдийн амьдрал аажмаар унтарч байсан юм.
Гэвч аймшигт байгаль мөнхийн өрсөлдөгч нарыг эвлэрүүлсэн билээ. Эвлэрүүлэхдээ өөрийнхөөрөө эвлэрүүлсэн юм. Скотт мөнхөд Антарктидад үлдсэн тэр цагаас хойш 16 жилийн дараа Амундсен өөрийнхөө эцсийн эогсоолыг Баренцевын далайн ёроолд олсон байна.
Түүний хэрхэн амь үрэгдсэн нь одоо хир оньсого болон үлджээ...
No comments:
Post a Comment