Энэхүү түүх нь олон талаараа миний сонирхлыг татаж байсан юм. Тэр үеийн нөхцөл байдал нь олон талаар манай улсын өнөөгийн нөхцөл байдалтай төстэй байсан нь бидэнд үнэт сургамж болох мэт.
Замбези мөрөн хоорондын нутаг дэвсгэрийг Англичууд булаан эзэлснээс хойш Өмнөд Африкт Англид захирагдаагүй гурван орон үлджээ. Эдгээр нь Трансвааль болон Улбар Шар Чөлөөт Бурын бүгд найрамдах улс, Германы Баруун Өмнөд Африк буюу одоогийн Намиби.
Эдгээр гурван орны нэг болох Трансвааль Английн монополистуудын ашиг сонирхлын нэгэн хэсэг болон хувирчээ.
Алтны уурхайн эзэд Трансваальд өөрийн эзэмшлээ тогтоохыг шаардаж эхэлсэн юм. Трансваалийн засгийн газар Германтай нэгдэж эхэлсэн явдал тэдний айдасыг төрүүлжээ.
Английн "Их хаант улсын байгуулагчдын " хүслийг дарах цорын ганц арга бол зөвхөн ийм байдлаар гарч ирнэ гэж Өмнөд африкчуудын тэргүүн Крюгер тооцож байсан юм.
Трансваалийн ерөнхийлөгч Крюгер
1895 онд тэрээр Германы дэмжлэгт найдаж байна гэдгээ олон нийтийн өмнө хэлсэн байна.
1890-ээд онуудад Трансваальд ойтландеруудын гэгч асуудал хурц тавигдах болжээ. "Ойтландер" гэгч нь голланд болон африкансын хэл дээр "харийн хүн" ба "гадаад хүн" гэдэг утгыг илэрхийлдэг байлаа.
Алтыг илрүүлснээс хойш ийшээ ирсэн хүмүүсийг ингэж нэрлэх болсон юм. Трансваальд ойтландерын тоо байнга өсөн нэмэгдэж ирсэн учир тун удалгүй Бурууд цөөнх болон хувирч болзошгүйтэх айдас төрж эхэлсэн байна.
Тэгсэн тохиолдолд ойтландеруудад зөвхөн эдийн засгийн төдийгүй тус улсын улс төрийн бодлогыг хүртэл шилжүүлэх шаарлагатай болно гэж эмээж байсан юм. Тиймээс л Крюгер ойтландеруудад Буруудын нэгэн адил эрх олгохыг хүсээгүй билээ.
Ихэнх ойтландерууд Трансвааль руу мөнгө олох гэж очсон хүмүүс юм. Тэнд удаан хугацаагаар амьдарч Англи, Америк, франц иргэншлээс татгалзаж Трансвааль болохыг огтхон ч хүсэхгүй байсан юм.
Гэхдээ цөөхөн тооны ойтландерууд буюу алтны уурхайн эзэд Трансваалийг буулган авч өөр улсад шилжүүлэхийг хүсч байсан бөгөөд тэд их энгийн шалтаг олсон юм. Тэд "ялгаварлан гадуурхах" бодлогын эсрэг тэмцэл өрнүүлсэн гэх шалтгааныг бодож олсон байна.
1880-1881 оны Англи-Бурын дайны дараа Өмнөд Африкийн холбооны улс байгуулах гэсэн төлөвлөгөө нуран унаснаар Англитай Трансваалийг энх тайванч замаар нэгтгэх боломжгүй гэдэг тодорхой боллоо.
1895 оны сүүлээр Йоханнесбург хотноо алтны уурхайн эзэд нууц хороо байгуулж засгийн газрыг унагах төлөвлөгөө боловсруулсан юм.
Родезээс "Бритиш Сауз Африка компани" Трансвааль руу нэвтрэн орсноор дохио болох ёстой гэж тооцлоо.
1895 оны арван хоёрдугаар сарын сүүлийн хэдэн хоногт'Жемсоны удирдсан ихээхэн хэмжээний цэргүүд Трансваалийн хилийг даван орж ирсэн боловч тэр даруйдаа буу зэвсгээ хураалгасан юм.
Тэднийг бүгдийг нь баривчилжээ. Харин эргэлт бүтэлгүйтсэн байна. Энэ үйл явдал түүхэнд Жемсоны "цөмрөн оролт" гэх нэрээр бүртгэгдэн үлдсэн билээ.
Жемсоны "цөмрөн оролт" өмнөд африкийн төдийгүй "том" европын бодлогод ч нөлөө үзүүлж эхэлсэн байна.
2-р Вильгельм хааны Крюгерт илгээсэн цахилгаан утас Европ даяар шуугиан дэгдээсэн бөгөөд түүндээ "нөхөрсөг орнуудын тусламжийг авалгүй ялалт байгуулж чадсанд" баяр хүргэж байлаа.
Энэ бол Их Британийг өдөөн хатгасан хэрэг билээ. Үүнээс үүдэн Англи-Германы харилцаа муудлаа.
Ингээд Английн засгийн газар Номхон далайн арлуудаас Самоагийн хоер бяцхан арлыг Германд шилжүүлэн өгч, Англи болон Германы хооронд Португалийн эзэмшил бүхий нутаг дэвсгэрийг хуваан авах тухай нууц хэлэлцээр байгуулснаар Германы оролцоог хязгаарлаж чадсан юм.
Тиймээс л 2-р Вильгельмийн засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан дэгдээгээд өнгөрчээ.
Гэхдээ Трансваалиас болоод бүх европыг хамарч болох дайн дэгдээхийг Вильгельм хаан тэр үед огтхон хүсэхгүй байсан төдийгүй чадах ч үгүй байлаа.
Хэдэн мянган километрийн цаана байрлах Буруудад туслах цэргийн хүчин германчуудад байсангүй.
XIX зууны сүүлийн жилүүдэд Их Британи Өмнөд Африк руу аажмаар ихээхэн хэмжээний цэргийн хүчин аваачиж Трансваалийн эсрэг дайнд бэлтгэж эхэлсэн билээ.
Үүнийг харж байсан Крюгерийн засгийн газар дайтах нь гарцаагүй зүйл гэдгийг сайн ойлгож байсан юм. Тиймээс ч өрсөлдөгчдөөсөө түрүүлж дайныг эхлүүлэх арга хэмжээ авч эхэлсэн билээ.
1899 оны аравдугаар сарын 9-нд Трансвааль Их Британид үйл ажиллагаагаа зогсоохыг шаардан тулгах бичиг дамжуулсан юм.
Англи-Трансваалийн маргааныг гуравдагч шүүхийн тусламжтай шийдвэрлэж Трансваалийн хилээс Английн цэргийг холдуулан Капын колони болон Натальд цэргийн хүчин оруулахгүй гэх шаардлагыг тавьжээ.
Тулган шаардах бичгийн хугацаа ердөө хоёр хоног байлаа. Лондонгоос татгалзсан хариу ирсэн нь нэг ёсондоо дайн зарласан хэрэг болжээ. Хугацаа дуусмагц Трансвааль төдийгүй тэдэнтэй холбоотон байсан Улбар шар Чөлөөт улс ч байлдааны үйл ажиллагаа эхлүүлсэн билээ.
Энэхүү дайн Английг эсэргүүцсэн бүх л сэтгэлийг гадагшлуулж XIX зууны хувьд хамгийн шударга бус зүйл хэмээн Бурууд тооцох болсон юм.
Английн засаглалаас холдохын тулд төрж өссөн нутгаа орхин явсан хүмүүс Капын колони руу очсон билээ. Ингээд эрх чөлөө, хэл, соёл, эд хөрөнгө, тэдний тусгаар тогтнолд дахиад л аюул занал учрах болсон явдал тэдний жигшил зэвүүцлийг төрүүлсэн нь ойлгомжтой.
Дайнд 16-гаас 60 насны бүх эрчүүд явахад бэлэн болжээ. Сайн дурынхан өөрсдийн буу зэвсэг, морио хөлөглөн, өөрсдийн хүнсээ базаан оролцож байсан бөгөөд засгийн газраас ямар ч мөнгө, хоол хүнс, хувцас хунар шаардаагүй байна.
Бурууд нутаг дэвсгэрийн байршил зэргийг сайн мэдэх учир тэдний талд давуу тал байлаа. Гэхдээ хамгийн гол нь юуны төлөө яах гэж байлдаж байгааг мэдэрч байсан учир нилээд давуу эрхтэй байсан юм.
Хэдийгээр дэг журам, сахилга бат гэгч огтхон ч байхгүй гэлээ эр зориг, ямар ч хамаагүй үнээр ялалт байгуулах гэсэн хүсэл зориг тэднийг зоригжуулж байсан юм.
Сайн дурынханд эмэгтэйчүүд ихээхэн тус дэм үзүүлэх бөгөөд тэд хоол хүнс, шаардлагатай бүх зүйлийг авч, тэр ч бүү хэл зарим тохиолдолд тулалдаанд ч оролцоно.
Английн цэргүүд голдуу шинэхэн хүмүүсээс бүрдэх агаад огтхон ч таньж мэдэхгүй улс оронд албан хүчээр тулалдаж байлаа.
Эхний хэдэн сарын турш үйл явдал Буруудын талд байгаа мэт байлаа. Тэд Капын колони, Наталь руу цөмрөн орж Ледисмит, Кимберли, Мафекинг гэх мэтийн том хотуудыг бүслэсэн байна.
1899 оны арван хоёрдугаар сарын 11-16-ны хооронд Английн армийн хувьд "хар долоо хоног" юм. Өмнөд Африкийн гурван ч дүүрэгт болсон дайнаас 2500 хүнээ алдаж, 12 зэр зэвсэг олзлуулжээ. 1900 оны нэгдүгээр сар ч Англичуудад ихээхэн хохирол амсах сар болсон билээ.
Гэвч Их Британийн цэргийн хүчний тусламж мэдээж хэрэг өөрчлөлтийг авчиржээ. Англиас Робертс, Китченер гэх генералууд хүрэлцэн ирсэн юм.
1880-1881 оны дайны баатар генерал Кроньегийн 4 мянган Буруудыг хоёрдугаар сарын 27-нд Кимберлигийн ойролцоо генерал Китченер буулган авлаа.
Генерал Кронье
Гуравдугаар сарын 13-нд Англичууд Блумфонтейн, Улбар шар эрх чөлөөт улсын нийслэлийг эзлэн авлаа.
Тавдугаар сард Мафекингийн бүслэлтийг сэтэлсэн бол зургадугаар сарын 1-нд генерал Робертсын цэргүүд Йоханнесбургд орж, харин зургадугаар сарын 4-нд Преторид оржээ.
Байдал хэдий тийм байсан ч дайн дууссангүй. Бурууд партизаны дайнд шилжсэн бөгөөд Өмнөд Африк дахь гол газар болох Капын колонийг тэр чигээр нь нөмөрсөн юм.
Энэхүү эсэргүүцлийг Англичууд хамгийн харгис арга хэрэглэн байж дарсан билээ. Цэргүүд Буруудын фермийг шатааж, тариалангийн талбайг нь устгаж, мал амьтныг нь туун явж байлаа.
Тус улсын иргэн болох эмэгтэйчүүд, хөгшид хүүхдүүдийг хорих лагерьт цөлөв. Ийм лагерийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа байгуулсан нь тэр билээ.
Ийм лагерьт 200 мянган хүнийг байлгасан бөгөөд 120 мянга нь Бурууд, 80 мянга нь африкчууд байсан юм.
Колончлол Африкт энэ дайнаас ч өмнө аймшигт хэрэг өдөөж байсан боловч Буруудыг ийнхүү дарсан явдал Европ болон Америкийн олон нийтийг ихэд цочирдуулсан юм. Учир нь энэ удаа хохирогчид нь цагаан арьстнууд болсонд оршиж байсан биз.
Африкчууд дайнд өргөн фронтоор оролцоогүй билээ.
Хаа сайгүй л Английг буруушааж байлаа. Буруудын генералуудын хөрөг сонин бүрийн хуудаснаа хэвлэгдэн гарч эхэлсэн юм.
Буруудын талд Голланд, Герман, Ирланд, Франц, Итали, Орос, Америк болон Черногорийн сайн дурынхан тулалдаж иржээ.
Ихэнх Европын орнууд Буруудыг дэмжиж байсан ч Английн эсрэг ил тод дайн зарлахаас 2-р Вильгельм хаан хүртэл эмээсэн юм.
Ерөнхийлөгч Крюгер Европын томоохон орнуудаар 1900 онд айлчилж Буруудыг дэмжихийг хүссэн боловч амжилт олоогүй байна. Английн цэргийн хүчний давамгайлах байдал, хатуу харгис арга хэрэглэсэн нь сүүлдээ Буруудыг тэмцлээс татгалзахад хүргэжээ.
1902 оны тавдугаар сарын 31-нд Феринихингт энх тайвны гэрээнд гарын үсэг зурснаар дайн төгсгөвөр болсон билээ.
Энэхүү дайн Буруудад төдийгүй Английн ард түмэнд ч хүнд цохилт болсон юм. Бурууд 4 мянган хүнээ алуулж, 20 мянган хүн шархадсан байна. 26 мянган хүн лагерьт амь үрэгдсэн юм.
Англичууд 5,8 мянган хүнээ алдаж, 23 мянган хүн шархаджээ. Түүнээс гадна олон хүн халуун орны халдварт өвчнөөс болж амь насаа алдсан гэдэг.
Буруудын мэдэлд байсан ихээхэн хэмжээний эд хөрөнгө шатаж, устаж үгүй болсон юм.
Английн засгийн газар энэ дайныг явуулахад 250 сая фунт зарцуулсан хэдий ч Англи-бурын дайны үр дүнд Өмнөд Африк бүхэлдээ Их Британий хаант гүрний мэдэлд орсон бөгөөд оршин суугчид нь Английн иргэд болжээ.
No comments:
Post a Comment