Та бүхний зарим их далайг харж байсан байх. Далайн тэр их ус давалгаалах хөдөлгөөнд орохоос гадна дотроо гол адил урсаж байдаг гэвэл итгэхэд бэрх сонсогдож байна уу.
Тэгвэл *далайн гол* гэж байдаг юм байна. Түүнийг нь далайн урсгал гэж нэрлэх бөгөөд салхи, хүндийн хүчний үйлчлэл, түрэлт үүсгэх хүчний улмаас далайн гадарга дээр урсгал үүсдэг юм байна.
Далайн урсгалыг гарал үүслээр нь салхины (үрэлтийн), градиентийн (урсацын ба нягтын, нөхөх), түрэлтийн гэхчлэн, орчны усны температуртай нь харьцуулан дулаан ба хүйтэн, гүний байдлаар нь гадаргын, гүний, ёроол орчмын, үргэлжлэх байдлаар нь тогтмол, үелэг байдалтай, түр зуурын гэх мэтээр ангилна.
Салхины урсгал буюу дрейф урсгал: Усны гадарга дээгүүр шилжин хөдөлж буй агаарын үрэлтийн нөлөөгөөр үүсдэг энэ урсгал нь түр зуурын салхиар болон тогтмол салхины нөлөөгөөр үүснэ. Дрейф урсгал дэлхийн далайн усны циркуляцид гол нөлөө үзүүлдэг ба давтагдал ихтэй томоохон урсгалын ихэнх нь энэ төрөлд хамаарагдана.
Градиентийн урсгал. Усны түвшний гадаргын тэгш бус байдал болон нягтын жигд хуваарилалтыг жигдрүүлэх хүндийн хүч нь градиентийн урсгал үүсэх шалтгаан болно. Урсгалын энэ төрөлд урсацын, нөхөх урсгал ба нягтын урсгал хамаарагдана.
Нягтын урсгал нь ижил гүн дэх усны нягтын зөрөөнөөс болж үүснэ. Ийм урсгал нь хоолойгоор холбогдсон давсжилтаараа ялгаатай тэнгисүүдийн хооронд их үүсдэг.
Жишээ нь: Газар Дундын тэнгисийн нягт ихтэй, давслаг ус Гибралтарын хоолойн ёроолоор Атлантын далай руу орж байхад гадарга дээгүүр нь илүү хөнгөн ус эсрэг зүгт урсдаг.
Нөхөх урсгал нь аль нэгэн газар усны түвшний гадаргад үүссэн тэгш бус байдлыг
жигдрүүлэх замаар үүснэ.
Жишээ нь: Хойд ба Өмнөд пассатын урсгалын хооронд эсрэг зүгт үүсэх Эсрэг пассатын урсгал нь пассатын урсгалуудаар зүүнээс баруун тийш туугдсан усны дутагдлыг нөхөх шалтгаанаас үүсжээ. Энэ тухай хойно дэлгэрэнгүй үзэх болно.
Урсацын урсгал нь нөхөх урсгалтай төстэй боловч тэнгисийн түвшингийн хазайлтын үр дүнд үүсдэг. Агаарын тунадас ихээр унах, голын ус цутгах, зарим хэсгээс ууршилт их явагдах, дрейф урсгалаар усны дутагдал үүсэх зэргээс шалтгаалан үүсдэг урсгал юм.
Түрэлтийн урсгал нь далайн татралт түрэлтийн нөлөөгөөр үүснэ. Энэ нь усны бүх
давхаргыг хамрах ба бусад урсгалтай адилхан гүн рүүгээ замхрахгүй, харин ихэсдэг.
Температурын байдлаар урсгал нь дулаан, хцйтэн ба саармаг байж болно. Урсаж буй усны температур орчныхоо уснаас илүү бол дулаан, бага бол хүйтэн урсгал гэнэ.
Газрын зурагт дулаан урсгалыг улаанаар, хүйтэн урсгалыг хөх өнгийн зураасаар тэмдэглэн үзүүлдэг.
Саармаг урсгал нь температурын байдлаараа орчноосоо ялгагдахгүй.
Жишээ нь: Перугийн хүйтэн усны температур Галалагос арлын орчим 22° боловч, экваторын энэ орчмын уснаас 5-6°-аар бага учир хүйтэн урсгал гэгдэж байгаа болно, Гэтэл Атлантын далайгаас Хойд мөсөн далайд очих "дулаан" гэгдэх урсгалуудын температур дөнгөж 2°С орчим юм.
Гэвч эдгээр нь 0°С орчим температуртай усан дээгүүр болон доогуур тархаж байгаа билээ. Ингэхлээр экватораас туйл руу чиглэж буй урсгалууд дулаан, туйлаас экваторын зүг чиглэж буй нь хүйтэн урсгал байна.
Хүйтэн урсгалууд дулаан урсгалыг бодвол давсжилт багатай (Учир нь юу вэ?).
Чиглэл ба хурдаа тогтмол хадгалдаг урсгал (пассатын урсгал г.м) байхад зарим урсгал үелэг байдалтай үүсдэг. Үелэг байдалтай урсгалын үүсэх хугацаа янз бүр байна.
Жишээ нь: Муссоны урсгал улирлаар өөрчлөгддөг бол Эль-Ниньо урсгал 5 жил тутамд эрчимжинэ. Түр зуурын урсгал нь тохиолдлын шалтгаантай бөгөөд өөрчлөлтөнд нь тодорхой зүй тогтол үгүй.
Далайн усны циркуляцийн нэг эх сурвалж нь гадаргаас дооших үед илүү нөлөөлөх усны нягтын ялгаа юм. Усны нягтын ялгаа нь температурын болон давсжилтын ялгаанаас хамаарна.
Тухайлбал өндөр өргөрөгт гадаргын хүйтэн ус нь доош сууж экваторын зүг тархана. Мөн субтропикийн өндөр даралтын бүслүүрийн давсжилт ихтэй ус нь экваторын бүслүүрийн далайн усны доогуур орно.
Давс ихтэй ус нь давс багатай уснаас илүү нягт байдаг тул доошоо живж бага давстай ус нь гадарга руу гарч ирдэг.
Эдгээр нөлөө байвч далайн урсгалын хамгийн гол шалтгаан бол зонхилох салхи юм. Усны гадарга дээр салхины үрэлт нь кинетик энерги болж, энэ энергийн нөлөөгөөр ус туугдана.
Салхи гадаргын урсгал үүсэхэд гол хүчин зүйл мөн боловч бусад зүйлс далайн усны хөдөлгөөнд бас нөлөөлдөг.
Эдгээрийн хамгийн их үүрэгтэй нь Кориолисийн хүч юм. Дэлхийн эргэлтийн хөдөлгөөний улмаас далайн урсгал нь хойд хагаст чиглэлээсээ баруун гар тийш, өмнөд хагаст зүүн гар тийш хазайна. Кориолисийн хүч нь өндөр өргөрөгт их, экватор луу болох тутам багасдаг тухай өмнө үзсэн билээ.
Иймд гадаргын урсгалын чиглэл нь салхины чиглэлтэй давхацдаггүй. Өөрөөр хэлбэл, салхины чиглэл ба гадаргын урсгалын чиглэлийн хоорондох зөрөө нь 15°-аас (эрэг орчмын гүехэн хэсэгтээ) 45° (далайн гүн хэсэгт) хүртэл ялгаатай байна.
Гэвч далайн усны гүн рүү доошлох тутам энэ хазайлт нь улам бүр ихэссээр (харин урсгалын хурд улам саарна) 100 м гүнд 90°, түүнээс цааш гүнд салхины чигийн эсрэг болох ба урсгал бараг зогсоно. Энэ үзэгдлийг Экманы мушгиа гэж нэрлэнэ (Зураг). Ер нь 300 м-ийн гүнд гадаргын урсгал замхардаг байна.
Зураг.Экманы мушгиа
Тухайлбал, Экваторын хойд ба өмнөд хэсгээр үүсэх пассатын урсгалууд нь салхиныхаа зүгтэй адил хойд хагасад зүүн хойд, өмнөд хагасад зүүн өмнө зүгээс экватор луу чиглэх ёстой байсан боловч тийм биш, дээр дурдсан Королисийн хүчний нөлөөнөөс болоод бараг баруун тийш чиглэн урсдаг.
Урсгалын чиглэл, хэлбэр, хурд зэрэг нь харилцан адилгүй. Энэ нь салхи, эргийн байрлал ба хэлбэр, ёроолын рельеф зэргээс шалтгаална. Урсгалын дундаж хурд 3 км/сек ба заримдаа 6-9 км/сек хүрнэ.
Дрейф урсгалын хурд салхины хурд ихсэхэд нэмэгдэх ба өргөрөг ихсэхийн хэрээр багасна Үүнийг дараах томъёогоор илэрхийлдэг.
V=A•ω/√(sinφ) (А-салхины коэффициент=0.013, ω -салхины хурд, φ -өргөрөг)
Гадаргын урсгалын чиглэл салхины чиглэлтэй яг давхцахгүй, хойд хагаст баруун гар тийш, өмнөд хагаст зүүн гар тийш хазайна.
Иймд далайн урсгал нь дэлхийн хойд хагасад цагийн зүүний дагуу, өмнөд хагасад цагийн зүүний эсрэг чиглэсэн битүү цагираг хэлбэртэй циркуляци үүсгэдэг (Зураг).
Тропикийн их даралтын бүсэд тогтвортой антициклон байх учир далайн урсгал байхгүй, далайн урсгал тэдгээрийг тойрно.
Усны энэхүү өгсөх хөдөлгөөнөөс болж далайн хойд ба өмнөд хэсэгт үүсэх битүү цагираг болгон нь далайн зүүн эргийг хүрээлж буй хүйтэн урсгалаас тогтоно.
Гадаргын дулаан ус туугдаж байдаг учир оронд нь гүнээс хүйтэн ус дээш гарч ирж эдгээр хүйтэн урсгалыг үүсгэдэг.
Жишээ нь: Номхон далайн зүүн эрэгт Калифорны (Хойд Америк), Перугийн (ӨмнөдАмерик), Атлантын далайн зүүн эргээр Канарын (Африкийн хойд), Бенгалийн (Африкийн өмнөд эргийн дагуу) хүйтэн урсгалууд ийм замаар үүснэ.
Эдгээрийн хурд нь их биш, 10 см/с орчим юм. Далайн эргээр орших дэлхийн их хуурай цөлүүд нь эдгээр хүйтэн урсгал болон субтропикийн их даралтын нөлөөгөөр үүсчээ.
Тухайлбал, Мексикийн баруун хойд эрэг, Чили ба Перугийн хил дагууд гандуу хуурай, Африкт Сахарын болон Намибын цөл оршино. Эрэг орчмыг хуурайшуулдаг боловч ач холбогдолтой тал нь далайн гүнээс гарч ирэх хүйтэн ус гадарга руу тэжээлийн бодисуудыг зөөж ирдэг тул дээрх эрэг орчимд загасны аж ахуй хөгжих нөхцлийг бүрдүүлдэг байна.
Атлантын далайн урсгал.
Хойд пассатын урсгал нь Гвинейн булангаас эхэлж Антилийн арлууд хүрэх ба Короилисийн хүчний нөлөөгөөр хазайж хойшоо чиглэнэ. Нэг хэсэг нь Карибын тэнгисээр дамжин Юкатаны хоолойгоор Мексикийн буланд хүрнэ (Карибын урсгал).
Нөгөө хэсэг нь Антилын арлуудын дагуу урсах (Антилийн урсгал) ба Мексикийн булангаас Флоридийн хоолойгоор гарч ирсэн (Флоридийн урсгал) хэсэгтэйгээ нийлж асар их хэмжээний усыг туух бөгөөд энэ нь Голъфстримийн урсгал юм.
Гольфстрим нь Мексикийн булангаас гарч байгаа учир "булангийн урсгал" буюу "Gulf-stream" гэсэн үг бөгөөд 75-130 км өргөн зурвасыг хамардаг.
Флоридийн орчим эхэн хэсэгтээ усны зарцуулга нь 25 сая м3/сек байдаг нь дэлхийн бүх голын нийлбэр зарцуулгаас 20 дахин их бөгөөд Антилын зүүн салаатай нийлсний дараа 82 сая м3/сек болж нэмэгдэнэ.
Урсгалын хурд нь 3-10 км/сек, усных нь температур 25-26°С, 700 м гүнийг хамрах ба 1350-1800 м -ийн гүнээс эхлэн замхарч 2800 м-ээс эхлэн эсрэг чиглэсэн усны хөдөлгөөн ажиглагддаг.
Энэ урсгалын усны гүн хөх өнгө нь эргэн тойрныхоо бүдэг ногоон өнгийн уснаас илт ялгарч харагддаг ажээ. Эх газрын эрэг ба Гольфстримын хооронд ямагт хүйтэн ус оршино. Лабрадорын хүйтэн урсгалын усны температур I сард 0°С, VIII сард +12°С байдаг.
Энэ хүйтэн ус нь ямагт Гольфстримын дулаан усны доогуур шургадаг. Энэ урсгалаар айсберг зөөгдөн бараг х.ө.40°, түүнээс урагш хүрдэг.
Ньюфаундленд арлын ойролцоо Гольфстримын дулаан ус хойд зүгээс ирэх Лабрадорын хүйтэн урсгалтай бага ч гэсэн холилдон энэ орчимд их манан дэгдэн байдаг шалтгаан болно.
Гольфстрим нь Хойд Америкийн зүүн эргийг дагасаар х.ө. 35-45" орчим хүрээд баруун зүгийн салхины нөлөөнд орж тэндээсээ эргэн зүүн тийш чиглэн урсана.
Энэ нь Хойд Атлантын урсгал гэж нэрлэгдэнэ. Энэ нь Баруун Европын эрэг хүрч (х.ө. 50" орчим) хоёр салаалах ба хойд салаа нь Скандиновын эргийг дагаж хойшоо урсана (Норвегийн урсгал). Өмнөд салаа нь Португалийн урсгал гэгдэх ба Канарын хүйтэн урсгалтай нийлж замхарна.
Канарын урсгал нь гүнээс өргөгдөн гарч ирдэг учир хүйтэн урсгал юм. Ногоон хошууны арал орчимд Канарын урсгал нь Хойд Пассатын урсгалтай нийлж Атлантын далайн хойд хэсгийн урсгалын систем битүүрнэ
Хойд Атлантын урсгал нь олон салаа салбар болон Хойд мөсөн далайд хүрч усны солилцоо үүсгэдэг. Эдгээр нь Нореегийн, Ирменгерийн (х.ө. 60" орчмоос), Шпицбергены, Нордкапын урсгалууд болно.
Нэг салаа нь Баруун Гренландын урсгал нэрээр Гренландын эргийг даган урсаж Баффины булан хүрдэг. Эндээс зарим нь мөн Хойд мөсөн далайд орно. Эдгээрийн талаар Хойд мөсөн далайн урсгал гэсэн хэсэгт үзнэ үү.
Атлантын далайн өмнөд хэсэгт үүсч буй Өмнөд пассатын урсгал нь Африкийн баруун эргээс баруун тийш урсаж Өмнөд Америкийн эрэг хүрээд Гвианы ба Бразилийн гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Гвианы урсгал нь Хойд пассатын урсгалтай нийлэн Карибын тэнгис ба Мексикийн буланд усаа нийлүүлнэ.
Бразилийн урсгал нь Өмнөд Америкийн зүүн эргийн дагуу урагш чиглэн ө.ө. 40° орчим хүрээд Баруун зүгийн салхины урсгалтай нийлнэ. Баруун зүгийн салхины урсгалын нэг хэсэг болох Фолклендын урсгал Бразилийн урсгал ба эх газрын хоорондуур урдаас хойшоо чиглэн урсана.
Африкийн баруун эргийн дагуу туйлаас экватор луу чиглэсэн Бенгалын хүйтэн урсгал Баруун зүгийн салхины урсгалаас салбарлан гарч Өмнөд пассатын урсгалтай нийлж замхарсанаар Атлантын далайн өмнөд хэсэгт нар буруу эргэсэн урсгалын систем битүүрнэ.
Урсгалын энэхүү цагираг нь Атлантын далайн өмнөд хэсэгт байрладаг антициклоныг тойрон үүсч байгаа юм.
Атлантын далайд Өмнөд ба Хойд пассатын урсгалын хооронд баруунаас зүүн тийш чиглэн үүсэх Экваторын эсрэг пассатын урсгал нь зуны цагт их тодорхой илэрнэ
Номхон далайн урсгал.
Номхон далайд хойд пассатын урсгал нь х.ө.10-20"-ын хооронд үүсэх ба зүүнээс баруун тийш чиглэн урсаж Филиппины арлууд хүрээд хоёр салаална.
Өмнөд жижиг салаа нь Энэтхэгийн далай руу орж хойд том салаа нь Азийн зүүн эргийг дагаж хойшоо чиглэн урсана. Японы арлууд хүрээд түүний зарим хэсэг нь Япон тэнгис рүү орж, зарим хэсэг нь (Куросиогийн урсгал зүүн хойш чиглэн Японы арлуудын зүүн эргийг хүрээлж урсана.
Энэ нь х.ө. 40° орчим хүрэхээрээ мөн л баруун зүгийн салхины нөлөөнд орж зүүн тийш чиглэх бөгөөд үүнийг Хойд Номхон далайн урсгал гэж нэрлэдэг.
Энэ нь Хойд Америкийн баруун эрэг хүрээд хоёр салаалах ба өмнөд салаа нь Калифорны урсгалтай нийлж Номхон далайн хойд хэсгийн урсгалын систем битүүрнэ (Хойд пассатын-Куросиогийн-Хойд Номхон далайн- Калифорны урсгал). Калифорны урсгал нь Канарын урсгалтай адилхан замаар үүсдэг хүйтэн урсгал юм.
Харин хойд салаа нь (Аляскийн урсгал) Аляскийн хойг, Алеутын арлуудыг хүрээлэн урсаж, Берингийн тэнгис ба Хойд мөсөн далайд усаа хүргэнэ.
Берингийн тэнгисээс урагш Камчаткийн эргээр урсах усыг Камчаткийн урсгал гэж нэрлэх бөгөөд энэ нь Ойясиогийн урсгалд шилжинэ. Х.ө.35° орчимд Ойясио нь аажмаар доош сууж гүн рүү орж замхарна.
Өмнөд пассатын урсгал нь ө.ө.23° орчмоор баруун тийш урсдаг, хойд пассатын урсгалыг бодвол илүү тогтвортой, хүчтэй урсгал юм.
Энэ урсгал 13,000 км үргэлжилж Шинэ Гвиней орчим хүрээд хоёр салаалж хойд салаа нь эргэж баруунаас зүүн тийш урсдаг (Эсрэг пассатын урсгал).
Эсрэг пассатын урсгал нь Номхон далайн зүүн хэсгээс баруун зүг туугдсан усны алдагдлыг нөхөж түвшин жигдрүүлэх зорилгоор урсдаг тул нөхөх урсгал юм.
Энэ урсгал Төв Америкийн баруун эрэг хүрч салаалах ба өмнөд салааг нь Эль-Ниньо гэж нэрлэнэ. Эль-Ниньо нь урагш эргэж ө.ө.2-3° хүрч замхардаг боловч зарим жил (4-5 жил тутам) эрчимжиж нэлээд урагшлан ө.ө 5-6" хүрнэ.
Уг нь Перугийн (Гумбольдтын) хүйтэн урсгалын усны температур орчноосоо 5-10°С-аар бага бөгөөд эх газрын эргээс баруун тийш 3200 км орчим тархаж байдаг.
Гэтэл Эль-Нино эрчимжихэд тэр орчимд маш их талбайд усны температур хэвийн байдлаасаа 8°С-аар ихсэнэ. Үүнээс болоод ууршилт нэмэгдэн хүчтэй бороо орж үер буун их хохирол учруулдаг.
Энэ үзэгдэл нь голдуу зул сарын баярын үеэр илэрдэг тул Эль-Нино үзэгдэл буюу "хүүхэд" гэсэн утгатай испани үгээр нэрлэдэг (Зураг ).Өмнөд Пассатын урсгалын өмнөд салааны багахан хэсэг нь Торресын хоолойгоор дамжиж Энэтхэгийн далай руу орох ба үлдсэн ихэнх нь Австралийн зүүн эргийг хүрээлэн урагш урсана (Дорнод Австралийн урсгал).
Тасманы арал хүрээд энэ урсгал нь Баруун зүгийн салхины урсгалтай нийлнэ.
Номхон далайн өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш чиглэх Баруун зүгийн салхины урсгал нь Өмнөд Америкийн баруун эрэг хүрч хойш салсан нэг хэсэг нь Перугийн (Гумбольдтын урсгал ч гэдэг) урсгал нэрээр туйлаас экватор луу чиглэн урсаж Номхон далайн өмнөд хэсэгт нар буруу эргэсэн урсгалын систем битүүрнэ.
Энэтхэгийн далайн урсгал.
Энэтхэгийн далайн талбай ба байрлалаас болоод урсгалын систем нь арай өвөрмөц юм.
Энд гол нь улирлаар чигээ өөрчилдөг муссоны урсгал ноёрхоно.
Хойд пассатын болон эсрэг пассатын урсгал нь зөвхөн өвлийн улиралд илэрнэ. Харин Өмнөд пассатын урсгал тогтвортой байнга байх бөгөөд дээрх хоёр далайнхыг бодвол нэлээд урдуур илэрнэ.
Энэ нь мөн баруун тийш чиглэн урссаар Африкийн зүүн эрэг хүрч хоёр салаалах ба усны үндсэн хэсэг болох хойд салаа нь (Сомалийн урсгал) хойш чиглэж Аравийн тэнгис хүрээд Муссоны гэж нэрлэгдэх урсгалтай нийлнэ.
Муссоны урсгал нь Энэтхэгийн хойгийг хүрээлэн зүүн, зүүн өмнө зүг чиглэн урсаж өмнөд пассатын урсгалтай нийлснээр далайн хойд хэсгийн урсгалын систем битүүрнэ.
Зуны улиралд Энэтхэгийн далайн хойд хэсэгт баруун өмнө зүгийн муссоны нөлөөгөөр ус ерөнхийдөө баруунаас зүүн зүг чиглэн урсах ба харин өвлийн цагт зүүн хойд зүгийн муссоны улмаас ус зүүнээс баруун зүг шилжинэ.
Өмнөд пассатын урсгалын өмнөд салаа нь Мадагаскарын арлын хоёр талаар урсах ба эдгээр нь Мозамбикийн ба Мадагаскарын урсгал хэмээн тус бүр нзрлэгдэнэ.
Энэ хоёр урсгал нь Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт нийлж Иголын хошуу хүрээд зарим нь Бенгалийн урсгалтай нэгдэн Атлантын далай руу орох (Игольний урсгал гэж заримдаа нэрлэгддэг) ба үлдсэн хэсэг нь Баруун зүгийн салхины урсгалтай нийлдэг.
Баруун зүгийн салхины урсгалын Энэтхэгийн далай дахь хэсгийн зарим нь Австралийн баруун эргийг хүрээлэн хойш чиглэн урссанаар далайн өмнөд хэсгийн битүү систем төгсгөл болно. Баруун Австралийн гэх энэ урсгал нь хүйтэн урсгал юм.
Дээр дурдсанаас үзэхэд эдгээр гурван далайн өмнөд хэсгээр Баруун зүгийн салхины урсгал гэж нэрлэгдэх усны шилжилт баруунаас зүүн тийш чиглэн үүсч дэлхийн бөмбөрцгийг ороосон битүү цагираг үүсгэж байна.
Энэ нь ө.ө 30-40°-аас 50-60° хүртэл өргөн зурвасыг хамарсан дэлхийн далайн хамгийн том урсгалын систем бөгөөд өргөн нь Беллинсгаузен тэнгис орчимд 1300 км хүрдэг, усны зарцуулга нь 185-215 км3/сек, тогтворжилт нь 50 хувь юм.
Харин хурд нь их биш, 0.2-0.3 м/сек бө-гөөд гүн рүүгээ багасна. Энэ урсгалаас салаалсан хүйтэн урсгалууд (Перугийн, Бенгалын, Баруун Австралийн) нь туйлаас экватор луу чиглэх ба далайн өмнөд хэсгээр түүнийг дагаж олон тооны циклон үүсч байдаг.
Хойд мөсөн далайн урсгал.
Хойд мөсөн далайн урсгал бага судлагдсан. Ломоносовын нуруу далайг гидрологийн нөхцөлөөр ялгаатай үндсэн хоёр хэсэгт хуваадаг. Энэ нуруунаас баруун зүгт урсгал нь цагийн зүүний эсрэг, (энэ урсгал хойд туйлыг судлагч Папанинчуудыг Гренланд руу зөөсөн билээ) зүүн талд урсгал нь цагийн зүүний дагуу байдаг.
Хойд мөсөн далайн гол урсгал болох Баруун Арктикийн урсгал нь зүүнээс баруун зүг чиглэж, Нансены хоолой хүрнэ. Эндээс үүссэн хоёр салаа болох Зүүн Гренландын ба Лабрадорын урсгал нь Хойд мөсөн далайн хүйтэн ус болон мөсийг зөөдөг.
Норвегийн урсгалаар Атлантын далайн дулаан ус орж ирнэ. Нордкапын хошууны орчим хүрээд энэ урсгал нь хоёр хуваагдах ба Евразийн эх газрын эргийг даган зүүн тийш урсах урсгалыг Нордкапын урсгал, нөгөөг Шпицбергении урсгал гэж нэрлэнэ.
Эдгээр Атлантын далайгаас зөөгдөн ирж байгаа дулаан урсгалууд юм. Шпицбергений урсгал нь давсжилт багатай учир аажмаар 100-900 хүртэл доош суух ба үүний улмаас 600 м хүртэлх гүнд усны температур нэмэгддэг.
Харин Номхон далайгаас Берингийн хоолойгоор дамжин Хойд мөсөн далай руу орж ирэх ус бие даасан урсгалыг үүсгэхгүй.
Далайн урсгалын зүй тогтол ба ач холбогдол.
Далайн урсгалд хэд хэдэн өвөрмөц зүй тогтол илэрнэ.
Үүнд
- Экватораас хоёр тийш авч үзвэл далайн урсгал нь тэгш хэмтэй бус юм. Өмнөөс хойш урсаж байгаа урсгалууд хол зайг хамарч их өндөр өргөрөгт хүрч байхад хойноос урагш чиглэсэн урсгалууд нь 30 градусын өргөргөөс хэтэрдэггүй. Энэ нь эх газруудын хэлбэр, бүслэг ба меридианлаг зүй тогтолтой холбоотой.
- Хүйтэн урсгалууд нь голдуу туйлаас экватор луу чиглэсэн байхад дулаан урсгалууд нь экватораас туйл руу чглэсэн байдаг.
- Эх газруудын баруун эргийг хүйтэн урсгал хүрээлдэг (Перугийн, Баруун Австралийн, Бенгалын Калифорны гэх мэт) бол зүүн эргүүд нь дулаан урсгалаар хүрээлэгджээ. Жишээ нь: Бразилийн, Голъстримиин, Дорнод Австралийн гэх мэт.
- Дэлхийн хойд хагаст далайг урсгал нь цагийн зүүний дагуу чиглэсэн битүү системийг үүсгэдэг бол дэлхийн өмнөд хагаст энэ нь цагийн зүүний эсрэг чиглэлтэй байна.
Далайн урсгалын ач холбогдол нь дараах зүйлсээр тодорхойлогдоно. Үүнд:
1) Далайн усны байнгын хөдөлгөөнийг эрт дээр үеэс тэнгисийн тээвэрт өргөн хэрэглэж байв. Урсгалын байрлал, эрчим зэргийг нарийн мэдэх нь аялагчдын цагийг хэмнэх ач холбогдолтой байв.
Жишээ нь: Лондоноос Америкийн хооронд явдаг шуудангийн онгоц нь худалдааны онгоцоос удаан явдаг байсны учрыг олохоор Б.Франклин Т. Фолжер нар судалгаа хийж 1769-1770 онд Гольфтсримын урсгалын анхны зургийг гарган хэвлүүлсэн нь одоо ч хэрэглэгддэг ажээ
2) Уур амьсгалд их нөлөө үзүүлнэ. Учир нь нам өргөргөөс дулаан усыг өндөр өргөрөг рүү зөөж, туйл орчмоос хүйтэн усыг нам өргөрөг рүү зөөснөөс өөр өөр температуртай усны массууд холилдон жигдрэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Жишээ нь: Гольфстримээр Хойд мөсөн далайд Атлантын далайгаас дулаан ус очдоггүй, Гренландын урсгалаар тэндээс хүйтэн ус нь урсч гардаггүй байсан бол хойд туйлын орчимд мөсөн цөл байх байв.
Өргөргүүдийн хооронд зөөгдөж буй нийт дулааны 1/4 нэг нь далайн урсгалаар, үлдсэн 3/4 нь салхиар зөөгдөнө.
Ялангуяа туйл руу чиглэж буй дулаан урсгалын нөлөө асар их юм. Эх газрын эргийг дулаан ба хүйтэн урсгалын аль нь хүрээлж байгаагаас тухайн газрын температур ихээхэн хамаардаг.
Жишээ нь: Ижил өргөрөгт оршиж байгаа мөртлөө Хойд Америкийн баруун ба зүүн эрэгт жилийн температурын зөрөө нь асар их болдог.
Англи Европоос нэлээд хойгуур оршиж буй боловч ижил өргөрөгт байх газруудаасаа илүү ду-лаан. Х.ө.52°-д орших Берлинд I сарын температур нь түүнээс 12°-аар хойш орших Нью-Йоркийнхтой адил байхад Лондонд (х.ө.51°) эдгээр хотуудаас 4.5°С-аар илүү байдаг.
Дундаж өргөрөгт дулаан урсгал өвлийн цагт ийнхүү нөлөөлдөг бол хүйтэн урсгал нь тропикийн болон дундаж өргөргийн зуны температурт нөлөөнө. Жишээ нь: Бенгалын урсгал хүрээлсэн эрэг дээр орших Вальвес вей (ө.ө. 23") нь ө.ө.29°-д орших Дурбан хот (ӨАБНУ)-оос зуны цагтаа 5°С-аар сэрүүн байдаг.
3) Эх газруудын баруун эргийг хүрээлж буй хүйтэн урсгалууд нь эргийн дагуух тропикийн цөл үүсэхэд бас нөлөөлжээ.
Жишээ нь: Перу ба Чилийн эрэг дэх Атакамын цөл, Африкийн өмнөд эрэг дэх Намибын цөлүүдийг нэрлэж болно.
Эрэг орчмын агаарын доод хэсэг эргийн зүгээс ирэх хүйтэн уснаас болж их хөрч хүндрэн өгсөх хөдөлгөөнд орохгүй боловч хүйтэн урсгалын нөлөөгөөр шүүдрийн цэгтээ дөхөн, усны уур нь конденсацид орох боломж их болно.
Үүний улмаас энэ орчимд агаарт нь харьцангуй чийг өндөр, манан ихтэй. Энэ нь тропикийн цөл болгон чийг багатай, халуун, цэлмэг тэнгэртэй байдаггүйг харуулж байна.
4) Урсгал нь зөвхөн усны шилжилт төдий биш, агаарын масс, бодис энергийн шилжилт, амьтдын шилжилтийн зам болж өгдөг.
5) Кориолисийн хүчний нөлөөгөөр гадаргын ус нь эргээс холдож урсахад оронд нь гүнээс (50-300 м) хүйтэн ус дээшлэн гарч ирж эрэг орчмын усны температурыг бууруулна (Зураг 21.14).
Эргийн ойролцоо үүсдэг энэ босоо хөдөлгөөн (Upwelling) -ий үр дүнд усанд ууссан азот, фосфат ба азотын исэл усны гадарга дээр гарч ирснээр энэ орчим планктонууд болон загас олноор цугларах таатай нөхцлийг бүрдүүлдэг. Усны энэ босоо хөдөлгөөн нь эрэг рүү салхитай газруудаар их үүснэ.
Далайн урсгал нь ийнхүү амьтан ургамлын шилжилтийн чухал хүчин зүйл болдог. Хүйтэн газар дулаан ус очиж уур амьсгалыг зохицуулна. Дулаан эргээрх хүйтэн урсгал нь цөлийн уур амьсгал, хуурайшлын үндсэн шалтгаан болдог.
This comment has been removed by the author.
ReplyDeletestreambed ийг монголчилоод үг оноовол юу гэх вэ?
ReplyDelete