Ява болон
Суматрын арлуудын дундах Кракатау хэмээх жижигхэн галт уулын арал дээр 1883 оны тавдугаар сарын
20-нд галт уул дэлбэрч эхэлсэн байна. Үүнээс өмнө хоёр зуугаад жил нам тайван
байсан болохоор түүнийг унтарсан галт
уул гэж үздэг байжээ.
Гэнэтхэн л түүний
амсраар хар утаа уур, галт уулын үнс савсаж эхлээд 11 километрийн өндөрт
дэгджээ. Галт уулаас ихээхэн хол зайтай орших Голландын Энэтхэгийн гол хот
Батави /одоогийн Индонезийн нийслэл Жакарта хот/ хүртэлх нутгуудад газар доорх
чичиргээ доргилт мэдрэгдэж байсан бол Зондын хоолойн эрэг дээрх суурингийн
иргэд маш хүчтэй дэлбэрэлт сонссон гэдэг.
Дараа нь 20 гаруй
хоног чимээгүй болсноо долдугаар сарын дундаас эхлээд галт уул дахин хүчтэйгээр
идэвхжиж эхэлжээ. Наймдугаар сард Кракатау галт уулын тогоо нэг биш гурав болон
өргөжиж үнс нурам, галт уулын хий цацаж эхэлсэн ба арлын талбайн хэмжээ 13 км кв-аар нэмэгджээ.
Наймдугаар сарын
26-ны өдөр галт уулын орчимд аймшигтай хүнгэнэн дуугарч эхлээд шөнө болоход Ява
арал дээрх хүмүүсийг унтаж чадахгүй болтол нь чангарсан байна.
Кракатау галт уулын
дээгүүрх хав хар үүлэнд дунд цахилгаан цахилж, хоолойгоор хөвж явсан усан
онгоцуудын тавцан дээр ихээхэн зузаан үнсэн давхарга тогтож, шураг модон
дээгүүр нь Ариун Эльмагийн гал манасхийн харагдаж байв. Агаар нилдээ цахилгаан
цэнэгээр тэгтлээ их цэнэглэгдсэн байжээ.
Харин наймдугаар
сарын 27-ны өглөө маш хүчтэй дэлбэрэлт гэнэт болжээ. Галт уулын хий, элс том
том хэсгүүд 30 км өндөрт цацагдсан бол үнс улам дэгдэн хөөрсөн нь 70 км хүрсэн
байна. 3500 км алс байдаг Австрали болон Шри Ланкийн арлуудад дэлбэрэлтийн
чимээ дуулдаж байжээ. Зарим мэдээгээр 5000 км-ын алс орших Родригес аралд ч
сонсогдсон ажээ.
Ява арал арал
дээр галт уулнаас 150 км хүртэл зайтай газарт дэлбэрэлтийн долгион хүчтэй
мэдрэгдэж ихээхэн хохирол учруулсан байна. Галт уул дэлбэрснээс хойш нэг цагийн
дараа түүнээс 200 км зайтай Батави хотын тэнгэр үнсэн үүлэнд бүрхэгдэн харанхуй
болжээ.
Зондын хоолойн эрэг орчмын
газруудад халуун орны ой модод бүрэн устаж газрын хөрс тэр чигээрээ галт уулын
халуун хайлмаг нурманд дарагдан хаа сайгүй хүн амьтны сэг зэмэнд дарагджээ.
Кракатау галт
уулын орчмын тэнгисийн ус нилдээ галт уулын гаралтай уушгин чулуугаар дүүрсэн
тул хөвж явсан усан онгоцууд явж чадахгүй боогдсон гэдэг. Тэр өдөр Австрали бол
Мальдивын арлуудад хүртэл уушгин чулуунууд хүрч унасан гэдэг.
Асар хүчтэй
дэлбэрэлтийн улмаас цунамигийн давалгаа хамгийн их гамшиг тарьжээ. Дөчин
метрийн өндөртэй аймшигт давалгаа Суматра болон Явагийн арлуудын эргийг даржээ.
Ойролцоогоор гурван зуугаад хот суурин газар, тариалангийн талбай, загасчдын 60
орчим завь хөлөг онгоц далай живжээ. Нийтдээ 36 мянган хүн амь насаа алдаж 100
гаруй мянган хүн орох оронгүй болжээ. Галт уулаас 20 орчим километрийн зайтай
орших Сёбези суурингийн оршин суугчид тэр аяараа сүйрсэн байна.
Кракатаугаас 90
км зайтай газарт цунамигийн давалгааны өндөр 15 метрт хүрч байсан байна. Энэ
давалгаа Шри Ланкийн арлуудад 5 метрийн өндөртэй хүрч улмаар Африк, Австрали,
Өмнөд Америкийн эрэг орчмын нутгуудад гамшиг тарьжээ.
Хэдийгээр ноцтой
хохирол учруулаагүй ч гэсэн ихээхэн хачин сонирхолтой үзэгдэл агаар мандалд
ажиглагджээ. Галт уул дэлбэрснээс хойш нэг их удалгүй нарны эргэн тойронд гало хүрээ үүсэж нар өөрөө хачирхалтай
ногоовтор өнгөтэй харагдаж байжээ. Заримдаа цэнхэрдүү өнгөтэй болж байсан
гэдэг.
Энэ үзэгдэл нь агаар мандлын дээд давхаргад галт уулын нарийн ширхэгтэй
тоосонцор дэгдсэнээс болсон болохыг сүүлд нь тогтоожээ. Энэхүү тоосонцрыг
агаарын урсгал туун аваачсан тул дэлхийн өмнөд хагаст энэхүү ногоон нарыг үзэж
болохоор байжээ. Агаарт хэдэн сарын турш байсан
тэр л үнс тоосонцроос бол дараа жилийн өвөл хавар манай гаригийн зарим
газруудад нар хачирхалтай хурц өнгөөр мандаж жаргаж байсан гэдэг.
Кракатау галт
уулын дэлбэрэлт бол шинжлэх ухаанд
тэмдэглэгдэн үлдсэн хамгийн хүчтэй дэлбэрэлт байлаа. Орчин үеийн цөмийн физикч
эрдэмтдийн үнэлгээгээр түүний
дэлбэрэлтийн хүч нь устөрөгчийн дөрвөн бөмбөг дэлбэлсэнтэй дүйцэх ажээ. 1815
онд Индонезийн Ява арал дээрх Тамбор галт уул болон Критийн ойролцоох Санторин
арлын 3500 жилийн өмнө болсон галт уулуудын дэлбэрэлт түүнийхээс ч хүчтэй байсан
гэдэг дам мэдээ байдаг.
Дэлбэрэлтээс болж
эзгүйрэн хоосорсон нутагт ой модод дахин ногоорон цэцэглэж дүрвэн дайжсан
амьтад жигүүртэн эргэн ирцгээжээ. Харин хүмүүс л галт уулын ойролцоо амьдран
суухаас болгоомжилсоор байна.
Гэвч галт уулын дэлбэрэлт Индонезийн байгаль
орчинд ашигтай болжээ. Одоо Зондын хоолойн өмнөд хэсгээс түрэн орсон Ужунгкулон
хэмээх хойг дээр олон төрлийн амьтан ургамал бүхий үндэсний цэцэрлэгт хүрээлэнг
байгуулагдсан байна.
Дэлбэрэлтийн дараа
галт уулын байранд бий болсон арлууд одоо үндэсний дархан газрын бүрэлдэхүүнд
оржээ. Харин Кракатау галт дэлбэрснээсээ хойш оргүй алга болж, галт уулын нөгөө
гурван тогооны нэг нь л усны мандал дээгүүр цухуйн харагддаг. Галт уул байсан
бусад газруудад 7 км голчтой 300 орчим метрийн гүнтэй хонхорууд үүссэн байна.
Тэглээ ч дэлбэрэн
устсан галт уул одоо ч идэвхтэй хэвээрээ байгаа юм. 1952 онд залуу галт уулын
шовгор орой дахин бий болж улам өндөрссөөр байна. Энэхүү галт уулын өндөр одоо
250 метрт хүрч уртаараа нэг километр болсон боловч утаа суунаглуулан улам
томорсоор байгаа аж. Шинээр бий болсон галт ууланд Анак-Кракатау буюу Кракатаугийн
хүү гэсэн нэг өгчээ.
wow. Гайхалтай сайхан бичжээ. Сайхан ч орчуулсан байна.
ReplyDelete