Wednesday, March 19, 2014

Манга кафе



Японд Манга гэдэг нэрээр хэдийнээ алдаршсан зурагт номыг хэзээд  уншиж болохоор тохилог орчинг бүрдүүлсэн киссатен буюу манга кафенууд байдаг. Тус кафед манга уншихаас гадна хөнгөн зууш идэж унд уух боломжтой. Өнөөдөр эдгээр кафенууд нь Токио хотын төвд буюу Шинжүкү, Шибуя зэрэг хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт олноор байрлах ба Япон даяар өргөн тархсан.



Тоо бүртгэлээс үзвэл 1000 гаруй манга кафе байдаг бөгөөд ердийн кафены адил хөнгөн зууш уух зүйл санал болгодог боловч манга унших боломжийг олгодгоороо давуу талтай. Тэдгээр кафенуудад мянга мянган манга ном сэтгүүл, цувралууд байх бөгөөд өөр бусад ижил төстэй номын сангуудаас ч илүү их фондтой гэж хэлж болно.

Эдгээр кафенууд нь үйлчлүүлэгчдэд зориулсан тусдаа хэсгүүдтэй, дотор нь буйдан байх бөгөөд хувийн орон зай бүхий тав тухтай орчинг бүрдүүлсэн байдаг. Үйлчлүүлэгчид эдгээр хэсгүүдэд амарч тухлангаа дуртай номын ертөнцөөрөө аялдаг. Жинхэнэ тав тух анир чимээгүй байдал энд ноёлно. Нэг үгээр хэлбэл энэ газар нь манга сонирхогчдын диваажин юм.

1980-аад оны сүүлчээс Японы залуучууд үргэлжлэл бүхий цуврал мангануудыг ихээр сонирхон унших болсон. Нийтэд түгсэн манганы ихэнх нь гадаадын улс орнуудад ч гэсэн фэн уншигч ихтэй бөгөөд
тэдгээрээс дурдвал Captain Tsubasa, Dragonball, Naruto зэргийг дурдаж болно. Манга кафе нь зурагт номын бүх цувралыг худалдаж авалгүйгээр уншиж дуусгахыг хүсдэг фэнүүдэд тохирсон төгс газар юм.

Кафенуудын үнэ өөр өөр байх боловч ихэнхдээ цагаар төлбөрөө хийдэг. Нэг цаг нь хэдэн иен байдаг ба нэмэлт үйлчилгээний хураамжийг үйлчлүүлэгч харихдаа төлдөг. Ихэнх кафены үнэд кофе, цай, ундаа уух төлбөр орсон байдаг. Зарим газар хөнгөн зуушнаас эхлээд төрөл бүрийн хоол санал болгодог.

Японы манганы соёл бол зугаа цэнгэлээс илүү зүйл юм. Эдгээр бүтээл нь хүмүүсийн хүсэл мөрөөдөл, урам зоригийг оргилуулах нарийн бөгөөд сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлж байдаг. Зарим хүмүүсийн хувьд энэ нь манганы зураг зурж сурах сэдэл болдог. Зөвхөн манга уншаад сэтгэл нь ханадаггүй эдгээр хүмүүс нь бусдын сэтгэлийг хөдөлгөх өөрсдийн гэсэн манга бүтээхийг хүсдэг. Түүгээр ч зогсохгүй ихэнх өөрийгөө хүндэтгэдэг манга сонирхогчид дор хаяж өөрийн гараар зурж бий болгосон нэг бүтээлтэй байдаг.

Өнөөдөр манга кафенууд улам хөгжсөөр байна. Үйлчлүүлэгчдийнхээ төлөө өрсөлдөж,  зарим газрууд үйлчлүүлэгчдээ манга унших таатай нөхцөл бүрдүүлж өгөхөөс ч илүүтэй олон төрлийн сонирхолтой үйлчилгээг нэвтрүүлж чөлөөт цагаа тухтай өнгөрүүлэх шинэ маягийн газар болон хувисан өөрчлөгдөж байна.
Тухайлбал интернетэд холбогдох, онлайнаар ажлаа хийх, дартс биллиард зэрэг тоглоом тоглох  боломжтой болсон.













Source: Японы мэдээ сонин Vol 3

2 comments:

  1. Гоё юмаа... Нэг манга эхлүүлчүүл мөд салахгүй л дээ. :D

    ReplyDelete
  2. Mongold yadaj gants neegdchihvel ch nadaas avahuulaad salahgui humuus ih bgaada

    ReplyDelete