Friday, March 7, 2014

Японы эзэн хаан

Япон улсын эзэн хаан /тэнно, хуучнаар Микадо гэгддэг байсан/ нь төрийн болон Японы ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм. Японы анхны эзэн хаан болох Жиммү нь Аматэрасү хэмээх нарны бурхны удам бөгөөд МЭӨ 660 онд хаан сэнтийд заларсан гэж Нихоонга хэмээх түүхэн он тооллын бичигт өгүүлдэг. 

Түүхэн талаас нь авч үзвэл энэ эртний домог тийм ч бодитой зүйл биш боловч өнөөгийн Японы эзэн хааны гэр бүл нь 1500 жилийн турш хаан сэнтийд заларч байсан нэг хааны удам угсааных гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. 
Түүхийн ихэнх мөчлөгт Японы эзэн хааны эрх мэдэл нь хэмжээт, мөн цэвэр бэлгэ тэмдгийн чанартай байсан боловч Фүживара, Хоожо, Минамото, Ашикага, Токүгава зэрэг цэргийн захирагч шоогунууд эзэн хаанаа хүндлэн дээдэлдэг байсан байна.

1868 оны Мэйжийн шинэчлэлээр засгийн бүх эрх мэдэл Токүгавагийн удмын шоогунаас Эзэн хаанд шилжсэнээр Мэйжийн үндсэн хуулиар хэмжээгүй эрхт хаан болсон юм. Гэвч үнэн хэрэгтээ жинхэнэ төрийн болон цэргийн эрх мэдлийг олигархууд, сүүлд японы цэргийнхэн гартаа авсан билээ. 

Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар хуучин төрийн тогтолцоог өөрчлөн байгуулах талаар хийсэн чухал алхмуудын дотор Эзэн хааны шууд захиргаанд ажиллаж үнэн хэрэгтээ парламент болон засгийн газраас илүү эрх мэдэлтэй байсан  Нууц зөвлөл болон Эзэн хааны ордны хэрэг эрхлэх яам зэрэг өмнөх төрийн аппаратын чухал бүтцүүдийг татан буулгасныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. 

Эдгээр арга хэмжээний үр дүнд Япон нь үндсэн хуульт хаант засаглалтай улс болохыг 1947 оны үндсэн хуулиар баталгаажуулжээ. Японы эзэн хаан нь эдүгээ дипломат уулзалтууд болон ёслолын арга хэмжээнүүдэд оролцдог ч улс төрийн ямар нэгэн эрх мэдэл байхгүй болсон нь Английн хаадын адил цэвэр бэлгэдлийн үүрэг гүйцэтгэх болсныг гэрчилдэг. 

Ийм байдлыг хаанчилдаг гэхдээ засагладаггүй гэж томьёолдог. Одоогийн эзэн хаан Акихито 1989 онд Японы хаан ширээнд сууснаар тус улсын 125 дахь эзэн хаан болсон. Эзэн хаан Акихито ба хатан Мичико нь хоёр хүү, нэг охинтой ба хаан ширээг ууган хүү хунтайж Нарухито залгамжлана.

Хаан ширээг залгамжлах журам

Япон улсад эзэн хааны сэнтийг эзэн хааны гэр бүлийн гишүүд өв залгамжилдаг. “Хаан ширээ залгамжлах журмын тухай хууль”-д зааснаар, эзэн хааны ууган хүү хаан сэнтийд залрах бөгөөд харин эмэгтэй хүн хаан ширээ залгамжилдаггүй. Японд нэг үе үүсээд байсан хүндрэлтэй асуудал нь сүүлийн 47 жилд буюу хунтайж Нарухитогийн дүү ханхүү Акишино 1965 онд төрснөөс хойш Эзэн хааны гэр бүлд хүү төрөөгүйтэй холбоотой байсан. Эзэн хааны ордны захиргааны тухайн үеийн тайлангаар Эзэн хааны гэр бүл нь 24 хүнээс бүрдэх бөгөөд тэднээс долоо нь хаан ширээний магадлалт өрсөлдөгчид, гэвч тэдгээрийн үр удам нь бүгд охидууд байсан байна. 
Үүнтэй холбогдуулж 2001 онд хааны ордны захиргаа хаан ширээг залгамжлах журмыг эргэж харах тухай илтгэлдээ хаан ширээнд эмэгтэй хүн суух боломжтойг хэд хэдэн үндэслэлээр нотлохыг оролджээ. Үүнд нэгт: эзэн хааны залгамж үеийг хэрхэвч таслах ёсгүй,
Хоёрт: ийм өндөр түвшинд хүйсийн эрх тэгш бус байдлыг гаргахгүй байх ёстой гэсэн санаанууд оржээ. Түүхэн талаас авч үзвэл Японд 8 хатан төрийн эрхийг барьж байжээ.

Тухайн үеийн Японы ерөнхий сайд Жуничиро Койзуми 2005 оны нэгдүгээр сард “Хаан ширээ залгамжлах журмын тухай хууль”-д оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг шүүгч, их сургуулийн профессорууд, төрийн өндөр албан хаагчдын бүрэлдэхүүнтэй байгуулж байв. 

Гэхдээ ханхүү Акишиногийн гэргий гүнж Кико ханхүү Хисахитог 2006 оны 9 сарын 6-нд  төрүүлснээр энэ асуудал тэгсхийгээд намжсан юм. Шинэ ерөнхий сайд Шинзо Абэ Хаан ширээг залгамжлах журмын тухай хуулийг өөрчлөх тухай асуудлыг түдгэлзүүлж байгаагаа 2007 оны нэгдүгээр сарын 3-нд нийтэд зарласан болно.

Азийн зарим хаант улсад байсан шинэ хааныг сэнтийд залрахад он тооллыг шинээр тоолж эхэлдэг уламжлал Япон улсад хадгалагдсан бөгөөд тухайлбал Мэйжи эрин гэдэг нь Үүрийн туяа, хамгийн удаан үргэлжилсэн Шиова эрин нь Саруул засаглал гэсэн утгатай. Эзэн хаан Хирохито 1989 оны нэгдүгээр сард таалал төгсөж түүний хүү Акихито эзэн хаанд өргөмжлөгдсөнөөр Японд шинэ эрин буюу Хэйсэй эрин /Энхийг тогтоогч/ эхэлсэн юм. Уг тооллоор 2014 онд Хэйсэйн 26 он тохиож байгаа билээ.

Эзэн хааны бүрэн эрх

Японд эзэн хааны эрх мэдлийг Үндсэн хуулиар тогтоосон байдаг. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Эзэн хаан бол төрийн болон ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг бөгөөд түүний байр суурь нь бүрэн эрхийг өөртөө хадгалах ард түмний хүсэл зоригоос эх үүсвэртэй” гэжээ. Үндсэн хуулийн 3, 4-р зүйлийн дагуу Эзэн хаанд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхтэй холбоотой бие даасан бүрэн эрх байдаггүйг тэмдэглэх хэрэгтэй. Төрийн  хэргийн талаарх бүхий л үйл ажиллагаандаа Эзэн хаан нь засгийн газрын зөвлөгөө, зөвшөөрлийг авах бөгөөд засгийн газар нь түүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ. Тухайлбал Парламентаас нэрийг нь дэвшүүлсний дагуу Эзэн хаан Ерөнхий сайдыг, Засгийн газрын өргөн мэдүүлснээр Дээд Шүүхийн ерөнхий шүүгчийг томилно. /ҮХ-ийн 6-р зүйл/

Түүнчлэн Эзэн хаан зөвхөн Үндсэн хуульд заасан асуудлаар төрийн үйл хэрэгт оролцох бөгөөд засгийн газартай холбоотой өөр бүрэн эрх хэрэгжүүлэхгүй. Засгийн газрын зөвлөж зөвшөөрсний дагуу Эзэн хаан нь ард түмний нэрийн өмнөөс Үндсэн хуулийн нэмэлт, хуулиуд, Засгийн газрын тогтоол, Олон улсын гэрээг соёрхон батлах, парламентийг зарлан хуралдуулах, Төлөөлөгчдийн танхимыг тараах, Парламентийн гишүүдийн ерөнхий сонгуулийг зарлах, хуульд заасны дагуу төрийн сайдууд болон бусад албан тушаалтнуудын томилгоог батламжилж, мөн огцруулна, мөн элчин сайдууд болон элч төлөөлөгчдийн бүрэн эрх болон итгэмжлэх жуух бичгийг олгох, өршөөл, уучлал үзүүлэх, ял шийтгэлийг хөнгөвчлөх, ялын хугацааг хойшлуулах, эрхийг сэргээх, шагнал олгох, хуульд зааснаар олон улсын гэрээг соёрхон баталсан баримт болон бусад дипломат баримт бичгийг баталгаажуулах, гадаадын элчин сайдууд, бусад төлөөлөгчдийн хүлээн авах, төрийн ёслолд оролцох зэрэг төрийн үйл хэргийг хэрэгжүүлнэ. /ҮХ-ийн 7-р зүйл/

Хаан нь мөн үндэсний баяр болон төрийн ёслолын ажиллагаанд оролцоно. Эзэн хааны энэхүү ёслолын үүрэгт төрийн хүлээн авалт болон Японы уламжлалт соёлыг дэлгэрүүлэхэд чиглэгдсэн бусад арга хэмжээг Эзэн хааны ордонд зохион байгуулах явдал орно. Эдгээрээс ялангуяа шинэ жилийн хүлээн авалт болон Эзэн хааны төрсөн өдрийн хүлээн авалтыг онцолж болно. Энэ үеэр эзэн хаан цугларсан олон түмэнд хандаж ордны тагтнаас мэндчилнэ. 

Түүнчлэн Эзэн хаан гадаад орнуудын төрийн тэргүүнүүд болон бусад хүндэт зочдыг хүлээн авч уулзаж, өдрийн болон оройн зоог барьж, Үндэсний спортын их наадам, Далайн өдөр зэрэг Японы соёлыг сурталчлах томоохон арга хэмжээнүүдэд оролцож, гамшиг болсон газраар явж үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэдэг. Бусад орнуудтай найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Эзэн хаан бусад орны хаад болон хааны гэр бүлийн гишүүд, төрийн тэргүүнүүдийг хүлээн авч, баярын цахилгаан солилцдог. Бусад оронд албан ёсны айлчлал хийх нь түүний нэгэн чухал үүрэг мөн. Хаан ширээнд заларснаа хойшх хугацаанд одоогийн эзэн хаан Акихито гэргийн хамт 23 оронд айлчилсан бөгөөд хунтайж байхдаа 25 оронд айлчилсан байдаг.

Эзэн хааны ордны захиргаа

1947 оны эзэн хааны ордны тухай хуулийн дагуу хаан ширээ залгамжлах журмыг Эзэн хааны ордны зөвлөл /Эзэн хааны гэр бүлийн 2 гишүүн, Ерөнхий сайд, Парламентийн танхимын дарга, Дээд шүүхийн дарга болон дэд дарга гэсэн бүрэлдэхүүнтэй/ хадгалж байдаг. Татан буугдсан Эзэн хааны ордны хэрэг эрхлэх яамны оронд өдөр тутмын ажлыг эдүгээ Ерөнхий сайдын тамгын газрын дэргэд ажилладаг Эзэн хааны ордны захиргаа шийднэ. Эзэн хааны ордны захиргааны даргыг Ерөнхий сайд Эзэн хаантай зөвшилцсөнөөр томилно.

Гэхдээ Японы эзэн хаан нь Английн эзэн хаадтай харьцуулахад багахан эрх мэдэлтэй байдаг. Учир нь ерөнхий сайдыг томилох хуулийн дагуу /ҮХ-ийн дагуу эзэн хааны оролцоогүйгээр Парламентаас сонгодог/ засгийн газрыг бүрдүүлэхэд нөлөөлөх эрх байдаггүй. Эзэн хаан нь Японы үндсэн хуулийн томъёоллоор төрийн тэргүүн гэхээсээ илүү ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болдог ба улс төрийн шинжтэй ёслолын үүрэг гүйцэтгэдэг. 

Мөн эзэн хааны ордны захиргаа эзэн хааны гэр бүлийг гадаад ертөнцөөс тусгаарлах байнгын чармайлтын ачаар Эзэн хаан болон түүний гэр бүлийн амьдрал ихээхэн нууцлаг байдаг.


Өдөр тутмын улс төрд хутгалдахгүй байдгаараа Эзэн хаан нь нэр төдий эрх мэдлээс илүү чухалд тооцогдох сүр хүч, өндөр нэр хүнд, нөлөөгөө хадгалан үлдсэн. Японы сонгогчдын дунд явуулсан санал асуулгаар насан хүрсэн япончуудын дийлэнх олонх нь хаант засаглалын удирдлагын хэлбэрийг дэмжсэн байдаг нь үүнийг гэрчилнэ. 

No comments:

Post a Comment