Wednesday, July 28, 2010

Аалзны шүлс

Акутагава Рюүносүкэ

Нэгэн өдөр болсон үйл явдал билээ. Бурхан багш диваажингийн бадамлянхуан цөөрмийн дунд ганцаараа элдвийг эргэцүүлэн алхаж байв. Дэлбээгээ нээсэн бадамлянхуа цэцэгс бүгд өндөг мэт цагаан агаад яг голд нь байгаа алтлаг өнгийн үрээс үгээр хэлэхийн аргагүй тааламжтай содон үнэр анхилна.

Диваажинд шинэхэн өглөө айлчлан ирж байгаа нь энэ ажээ.
Төдөлгүй бурхан багш тэрхүү цөөрмийн эрэг дээр ирж, усны мандлыг хучин ургах бадамлянхуан навчисын дунд үзэгдэх ертөнцийг ажлаа.



Энэ диваажингийн бадамлянхуан цөөрмөөс шууд доошоо тамын ёроол үргэлжилдэг бөгөөд болор мэт тунгалаг усыг нэвтлэн харваас эргүүлэгт гол, өргөст уулыг тольдон харж байгаа юм шиг тодорхой харагддаг ажээ.

Тэгтэл тэр тамын ёроолд Кандата хэмээх нэгэн эр бусад гэм нүгэлтнүүдтэй хамт тарчлан зовж байгаа нь бурхан багшийн нүдэнд тусав.

Кандата хэмээх тэр эр бусдыг хөнөөн, гэрээ галдан шатааж янз бүрийн нүгэлт хэрэг үйлдсэн гэмт ялтан боловч хүний ертөнцөд амьд байхдаа ганцхан буян үйлдсэн аж.

Тэр нь юу гэвэл, нэгэн удаа энэ эр бөглүү ойгоор явж байгаад нэгэн аалз бидэн явж буйг олж харжээ. Кандата тэр даруйдаа хөлөө өргөөд алчих гэснээ "үгүй үгүй жижигхэн ч гэсэн энэ аалз бусдаас өөрцгүй амьдрах гэж ядаж яваа.

Тэр утсан чинээ амийг нь хайхрахгүй өнгөрөөнө гэдэг ямар өрөвдмөөр хэрэг вэ? гэж бодон, эцэст нь тэр аалзны амийг хороолгүй өнгөрөөж тус хүргэсэн ажээ.

Бурхан багш тамыг байдлыг ажиглаж байгаад Кандатагийн аалзанд хүргэсэн тусыг санав гэнэ.  Тэгээд жаахан ч атугай сайн үйлийнх нь төлөөс болгож энэ эрийг тамаас аварчих юм сан хэмээн боджээ.

Аз болж хажуу тийшээ харахад нь ногоон хас өнгөтэй цөөрмийн навчсан дээр диваажингийн нэг аалз гоёмсог тороо нэхээд байж байв. Бурхан багш тэр аалзны шүлснээс сэмээрхэн татаж аваад өндөг мэт цагаан хасын дундуур оруулаад доор буй тамын ёроол руу эгц доош нь унжуулж орхив.

Тамын ёроолын галт цөөрөмд бусад олон гэм нүгэлтнүүдийн адил Кандата нэг живж, хөвж байлаа. Хаанаас нь ч харсан хав харанхуй, хааяа нэг бүрхэг тэнгэрээс нэгэн зүйл сүүмэлзэн харагдаж байна гэж бодвол тэр нь сүрдмээр аймшигт, өргөст уулын хатгуур зүүнүүд гялтганаж байгаа нь тэр бөгөөд үнэндээ сэтгэл түгшээд байх явдал огт үгүй билээ.

Түүнээс дээшх хэсэг бол булшин дотор байгаа юм шиг анир чимээгүй агаад хааяа нэг дуу чимээ сонсогдох нь өнөөх л гэм нүгэлтнүүдийн шаналантайгаар гаслах анир төдий чимээ. Тамд унан ирэх хүмүүс тамын янз бүрийн цээрлэлд зовж тарчлан, хашгирах ч сөхөөгүй болтлоо шийтгүүлэн тарчилдаг учир ийнхүү булшинд байгаа мэт нам гүм байх болжээ.

Тиймээс олон гэм нүгэл үйлдсэн Кандата ч цусан далайд хахаж цацан яг л үхэх гэж байгаа мэт боловч үхэж чадахгүй тарчлан зовсоор байлаа.

Гэтэл нэгэн удаа Кандата юу ч бодолгүй толгойгоо дээш өргөн цусан цөөрмийн тэнгэрийг ширтэн хар байтал, тэртээх алсын аниргүйн дунд орших холын хол тэнгэрээс аалзны нэгэн шүлс яг л хүний нүдэнд өртчих вий дээ гэсэн шиг хялгас төдийхнөөр гэрэлтэж байв.

"Энэ аалзны шүлс зөвхөн миний дээрээс намилзан унжиж байгаа юм биш биз" хэмээн Кандата шууд л бодож санасан юмгүй баярлан хөөрч гараа сунгалаа.

"Энэ утас хаана ч хүрлээ гэсэн дүүжлэгдээд яваад байвал лав тамаас мултрах нь гарцаагүй. Үгүй цаашаагаа улам сайн авирч чадвал диваажинд хүрч ч болох юм.

Өргөст уулыг ардаа орхиж чадвал дахиж цусан далайд живнэ гэсэн ойлголт байхгүй болно" хэмээн Кандата бодоод тэр даруйдаа өнөөх утаснаас хоёр гараараа зуурч аваад шаламгайлан өгсөж эхлэв.

Гэвч там, диваажин хоёрын хооронд хэдэн мянган бээр зайтай болохоор хичнээн их мэрийгээд ч амархан хүрчих газар биш байлаа.

Нэлээд удаан авирсны эцэст Кандата эцэж ядран дахин дээшээгээ авирч чадахааргүй болжээ. Тэгээд яах ч аргагүй болсон болохоор нэг сайн амраад авчих санаатай утасны голоос дүүжлэгдэнгээ тээр доошоогоо харав.

Тэгтэл нэлээд их замыг цөхрөлтгүй туулснаа  мэдэж түрүүхэн өөрийнх нь байсан цусан цөөрөм одоо нэгэнт харанхуйн дунд уусан орж харагдахаа байжээ.

Мөн нөгөө бүдэгхэн ёлтойх аймшигт өргөст газрыг өгсчихвөл тамаас мултрах нь бодосноос ч илүү амар байж болох юм. Кандата хоёр гараараа аалзны шүлснээс зуурангаа тамд ирээд дуугарч ч үзээгүй тийм чангаар “чадчихлаа, болчихлоо” хэмээн хөхөрч гарав.

“Байзааарай, гэхдээ энэ аалзны шүлсний үзүүрээс үй олон гэм нүгэлтэнгүүд миний явсан жимээр цувран өгссөөр араас минь хүрээд ирж байгаа юм биш биз” гэсэн сэжиг төрөв. Тэгээд гайхах айхын зэрэгцээ бас болоогүй ээ, тэнэг юм шиг амаа том ангайн, нүдээ эргэлдүүлэн доош уруудаж эхлэв.

Ганцхан өөрийг нь арай чүү дааж байгаа аалзны энэ нарийхан шүлс тийм олон хүнийг яаж даах вэ дээ. Хэрвээ замд нь тасарсан бол аль хэдийнэ там руу уначихсан байх байсан шүү дээ. Санаанд багтамгүй зүйл.

Харин ч энэ хооронд гэм нүгэлтэнгүүд хэдэн зуугаараа ч биш хэдэн мянгаараа тас харанхуй тамын ёроолын цусан далайгаас мултрахаар дээш авирч, нарийхан гялтганах тэрхүү аалзны шүлснээс ар араасаа цувран зүүгдэж, өгсөхөөр зүтгэнэ. Тэр хооронд энэ утас яах ийхийн зуургүй хоёр хэсэг болон тасрах нь гарцаагүй болох нь тэр.

Кандата чанга дуугаар “хүүе муусайн ялтангуудаа, энэ аалзны шүлс бол зөвхөн минийх. Та нар хэнээс яаж мэдчихээд наашаа гараад ирэв ээ. Алив бууцгаа, муусайн юмнууд” гэж хашгирлаа.

Гэтэл зүв зүгээр байсан өнөөх аалзны шүлс Кандатагийн зүүгдэж байсан хэсгээр гэнэт тасарчихав. Яах ийхийн зуургүй салхи босч эрчигнүүр тоглоом шиг эргэлдсээр  Кандата харах сөхөө ч үгүй харанхуй ангал руу ойчих нь тэр.

Төдөлгүй өнөөх диваажингийн аалзны шүлс гэрэлтэх сар, гялалзах од ч үгүй алс холын тэртээх тэнгэрт сүүмэлзэн хоцорлоо.
Бурхан багш диваажингийн цөөрмийн хөвөөн дээр зогсож байлаа.

Түрүүхэн болсон явдлыг эхнээс нь дуустал ажигласан аж. Кандатаг цусан далайн ёроолд чулуу шиг живж буйг хараад харуусан гунихарч дахиад л дэмий алхаж эхэллээ.

Ганцхан би л тамаас мултарч байвал болоо гэсэн Кандатагийн аминчхан үзлийнх нь төлөө бурхан багш тийнхүү хилэгнэн шийтгэл буулгасан нь тэр биз ээ.

1 comment:

  1. Акутагава-н Намрын уулс номыг уншаад их сэтгэдэл төрсөн шүү. Түүний олон зохиолтой уншиж таницмаар байна. (^.^)

    ReplyDelete