"Эмийн гурван бүлгийг ялгаж сурах хэрэгтэй — амьдрал тэтгэгч, хамгаалагч, сэргээгч. Бидний дайснуудад дөрөв дэх бүлгийг орхие — сүйтгэгч чанар. Гол анхаарлаа амьдруулах чадварт хандуулцгаая, учир нь эдгээр төрлийн ургамал мэдрэлийн системд нөлөө үзүүлдэг...", - гэж эртний хятадын сургаальд бичсэн байдаг.
Амьдралыг тэтгэгч өвс ургамлыг уламжлалт хятадын анагаах ухаанд дээд зэргийн анагаах бодисод хамааруулдаг.
Тэдгээр ургамал нь бие организмын эрч хүчийг тэтгэж хамгаалалтыг нь сэлбэх, эрүүл мэндийг бэхжүүлж, урт наслах боломжийг олгож байдаг. Өвс ургамлын дундад анги нь эрч хүчний тэнцвэрийн алдагдлыг засч залруулан, харин доод шатных нь өвчинг хөөн зайлуулдаг.
Эмийн санд борлуулж байдаг ихэнх эмийг доод ангилалд оруулж болно. Эдгээр эм нь хөөн зайлуулдаггүй, харин өвчний илрэлийг нь дарж өгдөг, тэгээд ихэнх тохиолдолд организмын амьдрах эрч хүчийг ч сулруулж орхидог байна.
"Амьдралыг тэтгэгч" гэдэг нэрийн европ төстэй нэр нь адаптоген гэдэг юм. Адаптоген нь хүнсний бодистой төстэй ба организмын хамгаалах, зохицуулах чадварыг нэмэгдүүлж байдаг үүний тусламжтай өвдсөний дараа нөхөн сэргээх, стрессыг даван туулах хүч тэнхээг хуримтлуулахад тусладаг байна.
Амьдралыг тэтгэгч ургамлаас гаргаж авсан эмийг допингтой хэрхэвч хольж болохгүй юм. Допинг нь амьдралын эрч хүчийг организмын хэзээ ч ашиглагдаггүй нөөцөөс гаргаж авахад чиглэгдэж, байнга хэрэглэж ирснээр эрүүл эндэд асар их хэмжээний хохирол учруулдаг байна.
Амьдралыг тэтгэгч ургамал нь организмыг тэтгэж, нэмэлт хүч олгож, нөөцийг нь ашиглахгүй байхаар тооцоологдож байдаг. Үүнтэй холбоотойгоор хамгийн их үр дүнтэй зүйл бол ургамлын үндэс гэдгийг онцлох хэрэгтэй.
Зурхайн шинжлэх ухаан үндсийг газрын хүч, тиймээс ч амьдралын үйл явцтай салшгүй холбоотой гэж тооцдог юм. Амьдралыг тэтгэгч ургамал дотроос хамгийн их танигдсан нь хүн орхоодой билээ.
Одоо энэ ургамлаар хийсэн эм эмийн сан болгонд худалдаалагддаг болсон билээ. Үнийн хувьд ч хүн бүр авах чадвартай.
Гэтэл зарим эмч нарт чухам ямар өвчинд хэрэглэж болох талаархи мэдээлэл тун хомс байдаг юм.
Гэхдээ юуны өмнө хүн орхоодойн олон төрөл байдаг гэдгийг онцлох хэрэгтэй болох нь. Эдгээр дотроос ази болон америк хүн орхоодой ялгардаг билээ.
Гэхдээ хүн бүрийн уншиж сонсож байсан ихэнх зүйл нь хятад төрөлд хамааралтай гэдгийг онцлох нь зүйтэй. Хятад хүн орохоодой энэ орны амьдралд эрт дээр үеэс хэвшмэл зүйл болж ирсэн юм.
Түүний олон ч домог зохиогдсон байдаг. Нэгийг нь та бүхэнд толилуулая. Тунгалаг уулын горхи руу цахилгаан цохисны улмаас хүн орхоодой анх бий болжээ. Ус нь хатаж харин цохисон тэр газарт "тэнгэрийн галыг" өөртөө шингээсэн ургамал бий болсон гэж домог шиг зүйл ярьдаг билээ.
Хүн бүрт, нөхцөл бүрт тохирох түлхэц болдог ургамал хэмээн хүн орхоодойг үздэг. Гэтэл энэ бүхэн үнэнээс дэндүү хол билээ.
Хятадад хүн орхоодойн нөлөөг уламжлалт анагаах ухааны ойлголтоор бичсэн байдаг ба тусгай бэлтгэлгүйгээр европ хүн хэзээ ч түүнийг ашиглаж чадахгүй юм.
Гэхдээ цаашид энэ ургамлын тухай өгүүлэхийн тулд хятадын уламжлалт анагаах ухааны зарим нэгэн ойлголтыг дэлгэрүүлэн бичих нь зүйтэй болов уу.
Чи гэдэг ойлголт нь амьдралын хүч, организмын эрч хүчийг илэрхийлж байгаа хэрэг юм. Түүнээс гадна эмэгтэй /инь/ болон эр /янь/ эхлэлийн тухай ойлголт ч чухал үүрэгтэй, ба энэ нь бусад эх сурвалжид байнга тааралдаж байдаг.
Европчууд хүн орхоодойг барууны амьдралын хэв маягт зохицуулан хэрэглэх гэж оролддог. Сулрал, организмын доройтол, даарч хөрөх, судасны даралт багассан зэрэг тохиолдолд хүн орхоодойг хэрэглэхийг зааварчилдаг.
Орчин үед үнэхээр ашигтай байх хэд хэдэн нөхцлийг ялгаж болно:
-Хүчтэй нөлөө үзүүлэх ажил төрөл эрхлэх үед. Энэ нь аялалд бэлтгэх цагийн өөрчлөлт зэрэг ч багтаж байгаа юм.
- Стрессын дараа, ялангуяа хүнд өвчний дараа.
- Хүйтэн болон чийгэрхэг цаг уур гэнэт солигдох тохиолдолд, ийм үед ханиад хүрэх өндөр магадлалтай байдаг.
- 40 наснаас хойш амархан хөгширч байна гэх шинж тэмдэг илэрмэгц. Ийм тохиолдолд хүн орхоодойг нэг курс буюу 2-3 сарын турш хэрэглэхийг зөвлөдөг ба хүндрэл учрахаас өмнө эхлүүлэх хэрэгтэй гэж зөвлөдөг билээ. Хэрэв бүхэл шөнөжин ажиллах шаардлага гарсан бол хүч тэнхээ алдах, мэдрэлийн ядаргаанд орохгүйн тулд хүн орхоодойг ажлаа эхлүүлэхээс өмнө хэрэглэж, ажлаа дуусгаснаас хойш хэдэн өдрийг дараалан хэрэглэх шаардлагатай юм. Хүн орхоодойг хоёр тохиолдолд хэрэглэх хэрэгтэй хэмээн Хятадад үздэг:
- эдгэрэшгүй өвчтэй хүмүүс, тэд өвчний төгсгөл хавьд юу ч мэдрэхээ больдог. Харин ургамлыг хэрэглэснээр амьдралын хүчин чадал нэмэгдэж хэдэн цаг магадгүй хэдэн хоногийн турщ ухаан орж, энэ үед шийдвэрлэгдээгүй асуудлыг ч хүртэл шийдэх бүрэн боломжтой болдог.
- механик гэмтэл авсан хүмүүст, эсвэл цус их алдсан тохиолдолд.
Ухаан санааг саруул бас оюун ухаанаа бэхжүүлэх үүднээс хүн орхоодойг хэрэглэх уламжлал эрт дээр үеэс эхлэн уламжлагдаж ирсэн гэж хэлж болох юм.
Хятадад төдийгүй олон оронд хүн орхоодойг илүү өндөр үр дүнд хүргэхийн тулд ашигладаг байна. Гэхдээ ийм нөхцөлд хүн орхоодой хэрэглэж байгаа нь допингоос өөр зүйл болдог.
Ажиллаж, сурч байгаа олон хүний хувьд биеийн болон оюун ухааны дарамт маш их байдаг учир амьд үлдэхийн төлөөх тэмцэл өрнөж байдаг гэж хэлж болох юм. Тиймээс ч ийм хүмүүсийн хувьд хүн орхоодой хэрэглэх нь боломжийн зүйл болдог ба мэдээж хэрэг хориотой зүйл бий эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.
Азийн хүн орхоодой нь организмд эрэгтэй эхлэл буюу яныг нэмэгдүүлж өгдөг учир эрч хүч их байхад хэрэглэж огтхон ч болохгүй. Ямар ч бодлогогүй хүн орхоодойг хэрэглэх юм бол таагүй байдал улам бүр нэмэгдэх болно.
Хүн орхоодойг хэрэглэж болохгүй түгээмэл хоригууд:
-залуу байхад /ян нас, зөвхөн мэдрэлийн ядаргаа их байхад л хэрэглэж болно/ -жирэмсэн байхад, -бусад эм тан хэрэглэж байгаа тохиолдолд, ялангуяа допингийн төрлийн. -хурц өрөвсөлт өвчин туссан тохиолдолд /ханиад, аллерги/. -яр шарханд баригдсан тохиолдолд, -судасны даралт өндөр байх тохиолдолд, -цус алдах хандлага илэрсэн бол.
Амьдралыг тэтгэгч гэгддэг хүн орхоодойг ямар нэгэн өвчин тусахаас өмнө хэрэглэж эхэлснээр бүх асуудлыг шийдвэрлэж болно гэж ихэнх тохиолдолд боддог боловч энэ нь буруу ойлголт билээ. Организмын эрч хүч нь олон зүйлээс хамааралтай байдаг: ажил болон амралтын горим, хооллолт, сэтгэл санааны байдал, тэр ч бүү хэл бэлгийн харилцааны нөхцөл байдлаас ч хамааралтай байдаг юм.
Тиймээс ч Хятадад организмын эрч хүчийг нэмэгдүүлэх үүднээс хүн орхоодойг өөр төрлийн арга хэмжээтэй хослуулан ашигладаг байна. Энд биеийн тамир, амьсгалын замын эд эрхтэний дасгал, унтах хангалттай хугацаа, сэтгэл зүйн зохицуулалт зэрэг багтаж орно.
Хүн орхоодойг голдуу түүхий үндэс маягаар ашиглах ба үл ялиг жигнэх эсвэл нунтаглаж болно. Түүхий хүн орхоодойг хэрчих эсвэл зажлахад тун хэцүү байдаг учир бага зэрэг жигнэх нь хамгийн тохиромжтой зүйл юм. Хэрэв та бүхэл бүтэн үндэс олж чадсан бол үл ялиг жигнэсний дараа нимгэн хэрчих боломжтой болох юм.
Хэрчсэн хүн орхоодойг зөгийн балтай хамт даран хөргөгчинд хадгалж болох билээ. Өдөр бүр нэгээс хоёр хэрчмийг идэж болно. Түүнээс гадна тусгай саванд чанаж шүүс гаргаж авна.
Бас нэг уламжлалт арга - үндсийг нь архинд эсвэл дарсанд хийн дарах явдал юм.
Оросын эмийн сангуудад тусгайлан бэлтгэсэн эмийн төрлийг олж болох боломжтой. Түүхий эд болон боловсруулсан технологийн хувьд тэдний идэвхтэй байдал нь өөр өөр байдаг гэдгийг энд онцлох хэрэгтэй.
Зэрлэг ойд ургасан хүн орхоодой хамгийн их хүчтэй нөлөө үзүүлдэг хэмээн тооцогддог. Ийм ургамлыг олох нь тун ярвигтай учир үнэ нь ч өндөр байдаг. Харин зохиомол аргаар ойд ургуулсан хүн орхоодой түүхий эдийн хувьд үнэ нь харьцангуй бага байдаг гэнэ.
Хятадын эсвэл америкийн иж бүрэн эмэнд хүн орхоодойг бусад эмийн ургамалтай хослуулах байдлаар ашиглаж ирсэн юм. Уламжлалт анагаах ухаанд тухайн өвчтөн болон өвчний онцлогт тохируулан ямарваа нэгэн ургамал тэдгээрийн дотор хүн орхоодойг хэрэглэх шаардлагатай гэсэн үзэлтэй байдаг. Тиймээс ч тухайн эмэнд төрөл бүрийн ургамлыг оруулах нь дээр юм.
Ер нь хятадын уламжлалт анагаах ухаанд амьдрал тэтгэгч ургамлын хэмжээ нь илүү их байдаг. Тиймээс ч европын анагаах ухаанд өгч байгаа зөвлөмжийг эхлэлийн тун гэж үзэх шаардлагатай ба тухайн эмийг хэрэглэж эхлэх үеэс хойш нилээд нэмэгдүүлэх боломжтой. Гэхдээ мэдээж хэрэг ямар нэгэн харшил гарч ирж байгаа эсэхийг сайтар бодолцох хэрэгтэй юм.
Зарим эмийн үйлдвэрүүд тун муу үйл ажиллагаа явуулдаг гэдгийг энд онцлох хэрэгтэй. Заримдаа эмийн иж бүрдэл дотор "сибирийн хүн орхоодой" гэдэг нэр өргөн тааралддаг.
Гэтэл энэ нь хүн орхоодойн төрөл огтхон ч биш, харин тэс өөр ургамал юм. Энэ нь элеутерококк гэдэг билээ. "Сибирийн хүн орхоодой" гэдэг нэрийг худалдан авагчдыг татахын тулд ашигладаг зүйл юм.
Жинхэнэ ардын уламжлалт аргын эмч нар бэлэн эмийг ашигладаггүй гэдгийг энд онцлох хэрэгтэй болов уу. Хятадад хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг эмч нар түүхий эдийг өндөр үнээр худалдан авч өөрсдөө эм тангаа бэлтгэдэг уламжлалтай билээ.
Хүн орхоодойн эмийг хэрэглэж эхэлсэн тохиолдолд өөрийн биеийн байдлаа сайтар ажиглах ёстой. Ямар нэгэн хэмжээгээр гүйлгэх, толгой өвдөх, зүрх дэлсэх, судасны даралт ихсэх, уурлах, булчин сулрах, зэрэг шинж тэмдэг илрэх юм бол эмийг хэтрүүлэн хэрэглэж байгаагийн илрэл болж өгдөг. Тиймээс эм хэрэглэхийг зогсоох шаардлагатай болно.
Харин азийн хүн орхоодойтой харьцуулахад америк хүн орхоодой нь сэрүүн чанартай байдаг, тиймээс эрч хүчийг нэмэгдүүлэх зорилгоор зөвхөн халуун уур амьсгалтай цаг агаарт хэрэглэдэг: ядаргаа болон амны цангааг тайлж чаддаг увидастай юм.
Харин ийм нөхцөлд азийн хүн орхоодой хор хөнөөл учруулж ч болзошгүй гэдгийг санахад илүүдэхгүй биз.
Эмийн хувьд америк хүн орхоодой эрч хүч муутай, халуунтай, судасны лугшилт ихтэй хүн хэрэглэж болдоггүй. Энэ ургамал тайвшруулах, сэрүүцүүлэх, суларсан организмыг чийгшүүлэх, стрессийн улмаас гэмтсэн хүчин чадлыг нөхөн төлжүүлэх үүрэгтэй байдаг.
Хүн орхоодой нь амьдралыг тэтгэгч хүчирхэг ургамал гэж тооцогддог хэдий ч азийн олон оронд ийм төрлийн ургамалтай харьцуулахад байнга хэрэглэгдээд байдаг зүйл биш юм.
Хүчин чадал нь олон дахин ихсэх үе
Хүн орхоодойг өндөр хэмд жигнэх юм бол анагаах чадвар нь улам бүр дээшилдэг гэж хэлж болно.
Сөүлийн үндэсний их сургуулийн судлаачид ийм дүгнэлтэд хүрсэн байна. Хүн орхоодойг голдуу Азийн орнуудад хэдэн зуун жил ийн турш хэрэглэж заншсан ба биеийн болон оюуны чадавхийг сайжруулахад голдуу ашигладаг билээ.
Сүүлийн үед үйлдвэрийн аргаар тарьж боловсруулах болсон явдал нь дэлхийн зах зээлд боломжийн үнээр гаргахад нөлөө үзүүлэх болсон билээ. Түүнийг хатааж, жигнэсэн байдалтай борлуулдаг юм.
120 хэмийн халуунд гурван цагийн турш жигнэх юм бол түүний антиоксидант чанар нь найм дахин дээшилдэг болохыг тогтоожээ.
Өндөр хэм хүн орхоодойн хамгийн түгээмэл чанарыг нь дээшлүүлдэг юм. Жигнэсэн хүн орхоодой улаан өнгөтэй болдог ба яг чанасан хавч шиг байдаг гэнэ.
Ингэж жигнэсэн хүн орхоодой ямар нэгэн хортой үйлчилгээтэй байдаг гэдэг нь одоогийн байдлаар тодорхойгүй байна.
Гэхдээ хориг зүйл байхгүй тохиолдолд хүн орхоодойг үр ашигтай хэрэглээд зогсохгүй өргөн хүрээтэй ашиглах боломжийг нээж өгөх юм.
Одоо бол хүн орхоодойн үнэ хэтэрхий их байгаагаас болоод хүн бүр "амьдралын үндсийг" хэрэглэж чадахгүй байгаа билээ.
No comments:
Post a Comment