Sunday, October 27, 2013

Токиогийн цамхаг




Японы газар нутаг дээр жилд дунджаар 1000 гаруй удаа газар хөдлөлт болдог байсан нь ХХ зууны дунд үе хүртэл өндөр барилга барихаас болгоомжлоход хүргэж байжээ. 

Иймээс тэр үеийн Япон улсын дүр төрх нь 1-2 давхар жижиг байшингууд тасралтгүй үргэлжлэх агаад 1-р давхарт нь голдуу дэлгүүр, мухлаг, агуулах, жижиг үйлдвэр завод хүртэл байрлан газарт наалдсан навтгар байшингуудаар дүүрсэн тун энгийн байдалтай байв. 
Мэдээж Токио мэтийн томхон хотуудын төв гудамжинд 4-5 давхар байшин үзэгдэнэ.

Ийнхүү газарт "наалдах" нь байнгын хүчтэй шуурга, газар хөдлөлттэй холбоотой байсан нь мэдээж. Мэйжигийн /1868-1912 он/ үед баригдсан ихэнх барилгууд /2-3 давхар/ нь байнгын газар хөдлөлтийг тэсэлгүй оршин суугчдаа дарж унадаг байв.


Харин Япончуудын мод, картон, хулсан барилгууд нь хохирол бага учруулж, сэргээн босгоход ч амар байлаа.

Иймд 1920 онд Японы засгийн газраас барилгын өндрийг 31 м-ээр хязгаарласан хууль гаргасан нь 1965 он хүртэл үйлчилжээ.
Токио болон бусад хотын хүн амын төвлөрөлт, өсөлт нь асуудлыг өөрөөр авч үзэхэд хүргэжээ.
 
Одоогоор 40 гаруй жилийн өмнө Эн Эйч Кэй болон бусад телевизийн компаниуд өндөр антенн босгох санаачлага гаргаж эхэлсэн үед Токио хотын захиргаа бүх гол телевиз, радиогийн компаниудын антеннуудыг нэгтгэн нэг том барих шийдвэр гаргажээ.

Ингээд Токиогийн цамхагийг барьж байгуулахад 1923 онд Токио хотыг газартай тэгшилсэн их газар хөдлөлтийн үед тэсэж үлдсэн Кабуки театрын барилгыг төлөвлөн барьж ихэд нэрд гарсан уран барилгач Тачу Найтог татан оролцуулсан аж. 
 
Найто 1923 оны газаp хөдлөлтөөс 2 дахин хүчтэй газар хөдлөлтийг тэсэх чадвартай, 220 км/цагийн хурдтай салхийг дааж гарах бүтээцийг санал болгосон юм.

Найчогийн төслөөр цамхаг 333 м өндөр /Парисын Эйфелийн цамхагаас даруй 13 м өндөр/ энэхүү тэнгэр баганадсан байгууламж нь 150 км-ын эргэн тойронд радио телевизийн программ дамжуулах боломж олгосноос гадна энэ салбартаа дэлхийд тэргүүлэх гэсэн эрмэлзэл түүнийг барьж байгуулахад багагүй нөлөө үзүүлсэн гэдэг.

Одоо ч гэсэн үүнээс өндөр барилга энд тэндгүй баригдаж байгаа ч "Ган цамхаг" гэдэг утгаараа Токиогийн цамхаг тэргүүлсээр байгаа билээ.



Энэ цамхагийг босгоход 1958 оны ханшаар 2,8 тэрбум иен зарцуулсан бөгөөд 4000 тн ган хийц орсон байна. Цамхагийг 400 ажилчин ердөө 15 сарын дотор барьж дуусгасан нь тэр үед томоохон өргөгч кран байгаагүй нөхцөлд санаанд багтамгүй зүйл байлаа.



Цамхагийн 150, 250 м-ийн өндөрт орчныг ажиглах тавцан байрлуулсан бөгөөд өнгөрсөн 45 жилийн хугацаанд цамхагийн лифтээр 130 сая хүн үйлчлүүлсэн нь Японы хүн амаас ч илүү гарч байгаа аж.

1 comment:

  1. Үргэлжлүүлээд байгаарай, сонирхолтой блог шүү, шинэ мэдээлэл таалагдлаа.

    ReplyDelete