Saturday, March 30, 2013

Озоны давхаргын цоорхой



ХХ зууны эцэс гэхэд хүн төрөлхтний өмнө хэд хэдэн тулгамдсан асуудал урган гарч ирсний нэг нь озоны цоорхой буюу озоны давхаргын сийрэгжилт юм. Үүнээс үүдэн амьд организмд нэн аюултай нарны хэт ягаан цацраг дэлхийн гадаргад шууд тусахад хүрэх юм.

Эрдэмтэд энэ асуудлыг олж тогтоон дэлхий нийтийн анхаарлыг хандуулж чадсан. Дэлхийн улс орнуудын төр засгийн удирдагчид ч асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авч, озоны цоорхойг өнөөдөр гэхэд тодорхой хэмжээгээр хязгаарлаж чадсан байна.

Озон

Нарнаас ирэх хэт ягаан туяа ба аянга цахилах үед цахилгаан цэнэгийн нөлөөгөөр хүчилтөрөгчийн атом О2 задарч озон буюу О3 үүсдэг байна.
Озон нь химийн хувьд хүчтэй исэлдүүлэгч бөгөөд хурц үнэртэй хөх өнгөтэй юм. Газрын гадарга орчимд озоны хэмжээ маш бага байх /0,01ррm/ боловч аянга цахилгаантай бороо орсны дараагаар агууламж 100 дахин нэмэгддэг байна. Мөн озон нь бодисын исэлдэлтээр үүсдэг.
 

Озоны хий нь агаар мандалд голдуу газрын гадаргаас дээш 10-60 км хүртэл өндөрт байх боловч түүний ихэнх хувь нь 22-40 км-ын өндөрт агуулагдах ба энэ үе давхаргыг озоны давхарга гэж нэрлэдэг.

Байгальд явагдах физик химийн үйл явц нь  агаарт байх озоны хэмжээг тодорхой хэмжээгээр багасгаж байдаг. Үүнд
1.    230-290 нм долгионы урттай хэт ягаан цацрагийн үйлчлэлээр озоны атомууд задарч чөлөөт хүчилтөрөгч болдог байна.
2.    Озоны атомууд азотын дутуу исэлтэй урвалд орж  азотын исэл болон хүчилтөрөгчийг үүсгэнэ.
3.    Галт уулын идэвхжил зэргээс ялгарах хлорын атомтай урвалд задардаг байна.
Эдгээр нь хүнээс үл хамааран агаар мандалд аяндаа явагддаг байсан бөгөөд озоны хийн задрал болон нийлэгжил нь тэнцвэртэй байжээ.
Гэвч үүн дээр хүний хүчин зүйл нэмэгдсэнээр озоны давхарга нь аажмаар нимгэрч улмаар цоорох аюулд ороод байгаа юм.

Хэт ягаан туяаны хөнөөл

Нарнаас цацрах хорт хэт ягаан туяаг өөртөө шингээдэг озоны давхарга нь агаар мандлын нийт зузаантай харьцуулахад дэндүү нимгэн сийрэг хэдий ч дэлхий дээр амьдрал үүсэн бүрэлдэхэд нэн чухал хүчин зүйл болсон байна.

Хэт ягаан туяа нь долгионы уртаар 3 хэсэгт хуваагддаг.
-    А туяа: (UV-A) нь 315-400 нм долгионы урттай, харьцангуйгаар хор багатай цацраг бөгөөд озоны задралын нөлөөгөөр өөрчлөгддөггүй.
-    Б туяа: (UV-В) нь 280-315 нм долгионы урттай бөгөөд амьд организмд хортой нөлөө үзүүлдэг.
-    С туяа: (UV-С) нь 180-280 нм долгионы урттай бөгөөд амьд организмд хамгийн аюултай үхлийн цацраг аж.

Энэ цацраг дэлхий дээр тун бага хэмжээгээр нэвтрэн ирж байдаг ба ихэнх нь стратосферт орших озоны давхаргад шингээгддэг байна.
 
Өнгөрөгч зуунаас эхлэн озоны давхарга нь хүний буруутай үйл ажиллагааны үр дүнд ихээхэн нимгэрч, хэт ягаан туяаг шаардлагатай хэмжээнд нь хүртэл шингээх чадваргүй болсон байна.

Эрдэмтэд агаар мандлын дээд давхаргад байх озоны хийн хэмжээ 1 хувиар буурахад дэлхийн гадаргад хүрэх хэт ягаан цацрагийн хэмжээ 2 хувиар нэмэгддэг болохыг тогтоосон байна.
Мөн энэхүү хорт цацрагийн нөлөөгөөр хүний нүдэнд цагаа унах, нүдний болор гэмтэх ба улмаар сохрох аюултай гэнэ. Үүгээр ч тогтохгүй хүний биеийн дархлаа алдагдаж, арьс нь хөгшрөн толботох ба тэр нь яваандаа даамжирсаар арьсны өмөн үү өвчин болдог аж.

Озон задлах бодис /CFC/ ба тэдгээрийн нөлөө


Хүн төрөлхтний бүтээсэн химийн хорт бодис агуулсан хлорт нэгдлүүд агаар мандалд алдагдсаны улмаас стратосфер дахь озоны давхаргад нөлөөлж, улмаар задралд оруулж байна гэсэн онолыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байна.

Озоны хийг задлахад гол нөлөө үзүүлж буй хлорфторт нүүрстөрөгчийн нэгдэл буюу хлор болохыг олж тогтоосон явдал дэлхий нийтийг ихээхэн цочирдуулсан юм.

Озоны задралын гол буруутнаар хлорфторт нэгдлүүд болон галон /гал унтраагч агуулсан бодисууд/ зэрэг химийн бодисууд тодроод байгаа юм. Харин тэдгээрийг бүтээж үйлдвэрлэн гаргасан хүмүүс эдгээр хийг /фреон/ хөргөх бодис, сэрүүцүүлэхэд олон жилийн турш ашиглаж ирсэн юм.

Тэрхүү бодисуудын бүтэц шинж чанар нь озоны давхаргыг гэмтээх боломж олгодог байна.
Хэдийгээр CFC нь хүн төрөлхтөнд ашигтай хий боловч агаар мандалд алдагдсанаар тэдгээр нь өөрийн шинж чанараа алдахгүйгээр стратосферт хүрч хэт ягаан туяа С-ийн нөлөөгөөр озоны молекулаас 1 атомыг нь сугалан авч хлорын атомыг чөлөөлөх ба хлорын атом нь озоны 3 атомт молекулыг 2 атомт хүчилтөрөгч болгодог ба өөрөө хувиралд ордоггүй.

Энэ суларсан хлор нь катализатор шиг үүргийг гүйцэтгэж өөрөө ямар ч химийн урвалд орохгүйгээр энэхүү сүйтгэх явцыг тасралтгүйгээр давтдаг. Мөн удаан хугацаагаар оршин тогтнох чадвартай.
Үүнд CFC-11 нь агаар мандалд 50 жил оршдог байхад CFC-12 нь 102 жил, CFC-113 нь 83 жилийн дараа устдаг байна.

Иймд химийн бодисууд нь агаар мандалд алдагдахад хүрвэл озоныг задлахад дээрх хугацааны туршид нөлөөлсөөр байх юм.



Озоны цоорхой

Антрактид тивд жил бүрийн хавар озоны давхаргын цоорхой үүсдэг ба үүний талбай нь 2002 оны мэдээгээр 28 сая км кв буюу АНУ-ын нутаг дэвсгэрээс 3 дахин их байгааг тогтоосон байна.

Өвөл Антрактидад озоны цоорхой нь дэлхийн бусад хэсгийн агаар мандлаас өмнөд туйлын хүчтэй хуй салхины бүс буюу агаар мандлын циклоноор тусгаарлагддаг.

Ялангуяа Антрактидад өвөл харанхуй үед агаарын хэм хасах 83 хэмд хүрэх ба туйлын давхраат мандлын үүлс гэгдэх мөсөн бөөмсийн үүлс давхраат мандалд аажмаар үүсдэг.

Эдгээр нь гадарга дээрээ урвалд орох чадвартай хлорыг тогтоон барьдаг. Энэ үед идэвхгүй хлор нь тэрхүү үүлсийн гадарга дээр ялгарч дэлхийн мандлын озоны давхаргыг задлах хэлбэр рүү хувирах ба хлорын атомууд хөлдөн мөсөн бөөмсийн дунд түгжигддэг.

Озоны цоорхой жил бүрийн хавар их томорч тодорхой ажиглагддаг ба үүний учир нь туйлын өвлийн сүүлчээр нар Антрактид тив рүү эргэхэд нарны туяагаар хлорын атомууд чөлөөлөгдөн озонтой урвалд орж түүнийг задалдагтай холбоотой юм.

Энэ үед дэлхийн агаар мандлын бусад хэсгүүдээс тусгаарлах агаарын урсгалыг задалж, дээд мандлын үүлсийг сарниулж чадахуйцаар Антрактидийн дээд мандал халахад озоны сийрэгжилт нь түр хугацаагаар зогсож эргэн нөхөгддөг байна.

Энэхүү агаар мандлын эргэлтийн үйл явц нь озон задарсан агаар урсгалыг дэлхийн хойд хэсэгт шилжүүлэн авчирснаар бусад газрын ба тухайн бүс нутгийн озоны бүтэцтэй холилдон түүнийг саармагжуулдаг.

Иймд дэлхийн өмнөд хагасын ихээхэн нутаг дэвсгэрт нөлөөлж болох юм.
Арктикийн озоны давхаргад озон задлах бодис /ОЗБ/-ын нөлөө
Озоны давхаргын сийрэгжилт нь ОЗБ-г хүмүүс ихээр хэрэглэсний  үр дүн юм. Агаар мандлын дээд давхаргад ХФН ихэр цугларч удаан хугацаанд оршин тогтнож, озоны давхаргыг сүйтгэсээр байгаа юм.
Дээд мандал дахь химийн бодисын задралын нөлөөгөөр үүсэх хлорын агууламж байгалийн түвшнээсээ 4 дахин их болоод байна. Иймд хлор, бромт нэгдлүүд озоныг сүйтгэгч гол бодисууд юм.
Үүнээс үзэхэд озоны давхаргыг хамгаалах нь дэлхий дахины тулгамдсан нэг чухал асуудал болж байгаа нь тодорхой юм.

Дэлхийн хойд хагаст ажиглагдсан озоны давхаргын сийрэгжилт нь Антрактид тивийн озоны цоорхойгоос багагүй байгаа ч цаг уурын тодорхой хүчин зүйлийн улмаас харьцангуй бага байгаа юм.
Гэсэн хэдий ч 1999 оны 1-р сарын байдлаар ХӨ-ийн 45-65 градусын өргөргийн бүсэд озоны агууламж хэвийн хэмжээнээсээ 12-15 хувиар буурсныг олж тогтоожээ.


Хүн төрөлхтний хариу арга хэмжээ

Хэрэв агаар мандалд озоны агууламж багасаад байвал дээд мандал дахь агаарын хэмийг их бууруулж ингэснээр дэлхийн гадаргад ирэх хэт ягаан туяаны хэмжээ нэмэгдэж амьд организмд сөрөг нөлөө үзүүлнэ.

Ер нь озоны хэмжээ 1 хувиар буурахад хэт ягаан туяаны шарах нөлөө 2 хувиар нэмэгдэж байгааг тооцвол дэлхийн уур амьсгалын дулааралт ба өөрчлөлтөнд ямар нөлөө үзүүлэх нь тодорхой.
1985 онд Антрактид тивд Английн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнд озоны сийрэгжилт үүссэн болохыг тогтоосон байна.

Иймд озон задрах, хамгийн их илэрч байгаа газар бол Антрактид тив юм. Антрактидийн агаарын дээд мандалд хүйтэн агаар тогтвортой байж, ийм нөхцөлд намгийн хий нь хлортой төдийлэн уялдахгүй.
Ийм байдлаар өмнөд хагаст хавар нар буцах үед хэт ягаан туяаны хэмжээ эрс нэмэгдэх гол үр дүн болсон хлорын гинжин урвал хамгийн тохиромжтой нөхцөл бүрддэг.

1987 онд хүчин төгөлдөр болсон Монреалийн протокол CFC-ийг агуулсан бүтээгдэхүүний хэмжээг 1990 түвшинд 50 хувь багасгах зорилт тавьсан юм. Озоны цоорхой бий болсныг нээсний дараа 1987 оноос хойш протоколыг 1990 онд дахин харж  CFC-ийн үйлдвэрлэлийг 2000 онд бүрмөсөн зогсоох шаардлагыг тавихаар тогтсон юм.

Озоны давхаргыг хамгаалах асуудал нь юуны урьд арьсны өмөн үү үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой юм.

Бусад химийн нэгдлүүд /бромид-1211, бромид-1301/ агаар мандал дахь озоныг багасгадаг учир CFC-ийн үйлдвэрлэлийг зогсоох нь энэ асуудлыг шийдвэрлэхүйц арга хэмжээ болж чадахгүй байна.

Монреалийн протокол нь устөрөгчийн үйлдвэрлэл, ашиглалтыг 1989 он хүртэл 1986 оны түвшинд байлгах ба сүүлийн 10 жилд үйлдвэрлэлийг нь хязгаарлах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь озоны давхаргыг хамгаалахад хангалтгүй байна.
Иймд 1990 онд Лондон хотноо дэлхийн улс орнуудын төлөөлөгчид цугларч протоколын шаардлагыг чангатгах талаар авч хэлэлцсэн юм.

Энэ хурлаас гаргасан баримт бичгийг Лондонгийн нэмэлт гэж нэрлэх болсон юм.
Нэмэлтээр 10 төрлийн CFC-ийг ашиглах асуудлыг зохицуулж, тэдгээрийг 2000 он гэхэд бүрмөсөн хэрэглээнээс гаргахаар тохирсон байна.

Хориглогдсон бодисын жагсаалтанд 4 хлортнүүрстөрөгч, метилхлороформ, түүнчлэн галонуудыг нэмж оруулав.
1990 оны нэмэлттэй уялдан хөгжиж байгаа орнуудын хувьд тавигдаж байгаа шаардлагад нийцүүлэн 10 жилийн нэмэгдэл байхаар тогтоосон байна.

Агаар мандалд байх озоны хэмжээг багасгах чадамж бүхий химийн нэгдлүүдийн хэмжээ нь урьдчилан таамагласнаар бол үргэлжлэн өссөөр 2000 онд гэхэд хамгийн их болж түүнээс цаашид буурах юм.

Харин хлорын хэмжээ дор хаяж 100 жилийн дараачаас л хэвийн түвшинд хүрнэ гэж таамаглаж байна.
Энэ нь агаар мандалд CFC, хлорын атомуудын оршин тогтнох хугацаатай нь холбоотой юм.


Монгол улс Венийн конвенц, Монреалын протоколд 1996.07.03-нд нэгдсэн
Энэхүү протоколын хэрэгжэлтийг хангахын тулд НҮБ-ийн байгаль орчны хөтөлбөрөөс 1999 онд Озоны алба байгуулах төслийг Монгол улсад хэрэгжүүлж эхлээд байгаа.
Озон задалдаг бодисыг /CFC/ импортлох, худалдах ашиглах журамыг 1999 онд баталсан. Үүний үр дүнд Монгол улсад озон задлах бодисын импорт, хэрэглээ нь эрс багасч, дэлхий нийтийн өмнө хүлээсэн өөрсдийн үүргээ үндсэндээ хэрэгжүүлж чадсан байна.


Монгол улсын хувь нэмэр /холбоос дээр дарж нэмэлт мэдээлэл үзнэ үү/

Монгол Вики дээр ийм мэдээлэл байна.





No comments:

Post a Comment