Friday, April 12, 2013

Шүрэн тэнгисийн гайхамшиг



                                                         ИХ ХААЛТ ШҮРЭН АРЛУУД




Шинэ Гвиней арлаас Козерогийн халуун бүс хүртэл Австралийн дорнод эргийн 2300 км үргэлжилсэн гурван мянган хадан арал, мянгаад арлуудаас тогтсон урт нуруу байдаг нь байгалийн үзэсгэлэнтэй, гайхамшигтай бүтээл болсон Их Хаалт Шүрэн Арлууд билээ. Риф гэж тэнгисийн гүехэн устай хэсэг дэх усан доорх болон усны мандлаас цухуйж ил гарсан хаднуудыг болон мөн шүрэн арлуудыг хэлдэг.

 
Зарим арлууд тэнгисийн татралтын үед ил гарч талбай нь ихэсдэг болон зарим нь ердөө л энэ үед уснаас ил гарч харагддаг болохоор байгалийн өвөрмөц энэ хэсгийн газар нутгийн хэмжээг яг таг тогтоох боломжгүй юм. Нилээн болгоомжтой тооцоогоор шүрэн арлуудын талбайн хэмжээ 350 мянган хавтгай дөрвөлжин километр буюу бараг Германы нутгийн хэмжээтэй тэнцүү гэдэг.


Их Хаалт арлуудын дунд тэнгисийн мандлаас бараг цухуйгаагүй шахам шүрэн арлууд болон эртний уулын чулуулгаас тогтож ой модоор хучигдсан өндөр гэж нэрлэгдэх арлууд онцгой ялгардаг. Тэдгээрийн эргэн тойронд ихэвчлэн өөрсдийнх нь шүрэн гоёлууд бий болсон байдаг.
Гэвч тэр бүхэн бүгдээрээ усан доорх болон гүехэн устай хэсгийн шүрэн арлуудтай нийлээд Мурманскаас Одесс хүртэлх зайтай тэнцүү, зарим хэсэгтээ 300 м гүнтэй нэгэн цул өндөрлөгийг үүсгэдэг.

Энэхүү аварга том байгууламжуудыг бүтээгчид нь өчүүхэн жижиг бичил организмуудаас гадна шүрэн наалдаахайнууд билээ. Эдгээр нь актиния болон далайн сархинцагуудын нэгэн адил хөндий гэдэстнүүдийн ангид хамаардаг. Гэхдээ хамаатнуудаасаа ялгаатай нь гэвэл шүрэн наалдаахайнууд нь биеэ ихээхэн хатуу шавар хуяган дотор нуусан байдаг. Ингэж ургасан сая сая хуягууд нийлж ургаад шүрэн арлуудыг үүсгэдэг юм.
 
Тийм болохоор Их Хаалт Шүрэн арлууд нь амьд организмуудын бий болгосон манай гариг дээрх хамгийн том байгууламж юм. Хятадын цагаан хэрэм, Ла Маншийн хоолой доогуурх хонгилуудын аль аль нь түүнтэй эн зэрэгцэж чадахгүй.

Австралийн эрэг хавьд байдаг энэхүү Их Хаалт Шүрэн арлыг судлах судалгааны эхлэлийг алдарт далайчин Жеймс Кук тавьсан юм. "Индевор" нэртэй түүний далбаат хөлөг нь эх газар болон Их Хаалт Шүрэн арлын хоорондуур гарсан хамгийн анхны хөлөг болсон юм. 

Гүехэн устай газар элбэгтэй, усан доорх хад чулуу ихтэй, ихээхэн бэрх төвөгтэй газраар газрын зураггүйгээр мянгаад километр зам туулна гэдэг бол тэнгисийн аяллын түүхэнд гарсан гайхамшиг болсон юм. 

Алдарт Кук хүртэл эндхийн тэнгисийн гай гамшгийг биеэр амсжээ. Түүний "Индевор" хөлөг шүрэн арал мөргөөд их биеэ гэмтээсэн боловч бүх их буу болон ачааныхаа зарим хэсгийг хаяж байж эрэгт хүрч чаджээ.

Түүнээс хойш өнгөрсөн хоёр зууны туршид бараг зуугаад хөлөг онгоц Австралийн шүрэн саадын ёроолд живсэн байна. Бүр хорьдугаар зуунд ч гэсэн тэнгисийн ослууд болж байлаа. Гамшигт хошуу, Зовлонт булан, Найдварын арал гэх мэт шүрэн тэнгисийн газарзүйн нэрс нь хүртэл нэгийг хэлээд байгаа юм. Их хаалт арлуудын орчмын уснаас сүйрсэн хөлөг онгоцнуудын алт эрдэнэс олж авахыг хүсэгчид ийшээ ихээр ирцгээдэг.


Энэхүү их шүрэн саадын анхны шүрэн арлууд нь хэдэн сая жилийн тэртээ бий болжээ. Гэвч түүний үндсэн арлууд нь 500 мянган жилийн настай ажээ. Энэ хооронд шүрэн наалдаахайнууд дунджаар 120 м өндөртэй шүрэн арлуудыг үүсгэсэн юм. Шүрэн арлууд үүсэх явц одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Гэхдээ их удаан явагддаг тул 5 см шүрэн хэлтэрхий үүсэхэд бүтэн жил шаардагддаг байна.

Их Хаалт Шүрэн арлуудын өргөн нь 300 метрээс 5 км хүртэл байх ба харин эх газрын эргээс 30 км /Кейп Иорк хойгийн хавьд 250 км хүрдэг/ зайтай оршино.

Их Хаалт Шүрэн арлуудын усан доорх ертөнцийн сайхныг үзэж биширсэн хүмүүс "Цэнхэр мөрөөдлийн ертөнц", "Манай гариг дээрх уран барилгын хамгийн аугаа их дурсгал", "Усан доорх гайхамшигт ой", "Ертөнцийн найм дахь гайхамшиг", "Сэтгэл булаасан усан доорх байгаль", "Манай гаригийн хамгийн баялаг тэнгисийн экосистем" гэх мэтийн харьцуулалт дүгнэлтүүдийг өгдөг.


Амьдран байгаа амьтад хийгээд ил харагдах үзэсгэлэнт байдлаараа Их Хаалт Шүрэн арлуудтай тэнцэх газар дэлхийн аль ч далайд байхгүй ажээ. Зөвхөн шүрэн арлууд гэхэд л 400 янз байдаг бөгөөд зарим нь хүний тархи шиг, хоёр дахь нь этгээд эргүүлгэн мөөг мэт, гурав дахь хэсэг нь бугын эвэр шиг байдаг. 

Эдгээр шүрэн арлууд нь хатуу, зөөлөн, цагаан болон бусад өнгөтэй байдаг тул тэдгээрт очвол манай дэлхий дээр байдаггүй цэнхэр хөх, ногоон, шар, улбар шар, улаан, ягаан, тэр ч бүү хэл бүр хар өнгийн сонин цэцгүүд бүхий үлгэрийн ертөнцөд байгаа мэт санагддаг.


Гэвч шүрнүүд нь усан доорх саад хаалтын дөнгөж арван хувийг эзлэх ба тэдгээрээс гадна 4 мянган зүйлийн наль хорхой, актния, сархинаг, хавч, наймаалж, далайн од, тэнгисийн зараа бас олон төрлийн замаг байдаг.

Их Хаалт Шүрэн арлуудын гол чимэг бол мэдээж загаснууд байдаг. Шүрэн арлуудын загаснуудын орны үзэсгэлэнт байдал, хэлбэр дүрс, өнгө зэрэгтэй дүйцэх ямар ч сайхан цэцэгт нуга, Диснейн үлгэрт гардаг орон байхгүй биз ээ.


Энэхүү төрөл бүрийн өнгө байдлын өчүүхэн нэгээхэн  хэсгийг тэнгисийн амьтны хүрээлэн болсон усан сангаас нь харж болно. Эдгээр гайхамшигт шүрэн арлуудын уснаа амьдрах загасны зүйл төрөл хэдэн мянгад хүрнэ.


Шүрэн тэнгисийн бүлээн ус бүхий усан доорхи  ертөнцөд нь 1500 гаруй зүйлийн загас амьдарна. Эрвээхэй-загас, уруулт загас, алиалагч загас, хадан шүдэт, тоть загас, тэнгисийн нохой, зараа загас, кардинал буюу хамба загас тэр ч бүү хэл ялаа загас гэж бий. 

Эдгээрээс гадна тэнгисийн алгана, мурен, аварга загас, тэнгисийн цурхай зэрэг олон зүйлүүд байдаг. Их хаалт шүрэн арлуудын өмнөд хэсгийн арлууд дээр шөнийн цагаар тэнгисийн яст мэлхийнүүд сэлэн очиж өндгөө гаргадаг. Тэд гаргасан өндгөө элсээр хучаад сайтар нягтруулаад эргэж тэнгис рүүгээ явцгаадаг байна. 


Ертөнцөд мэндэлсэн бяцхан яст мэлхийнүүд өндөгнөөсөө өөрсдөө гарч элсэрхэг эрэг дээгүүр мөлхсөөр төрөлх тэнгистээ хүрцгээх хэрэгтэй болно. Хуяг бүрхүүл нь ургаж амжаагүй бяцхан яст мэлхийнүүд тийнхүү явахдаа жинхэнэ аюултай учирдаг. Арлууд дээр амьдардаг тэнгисийн мянга мянган шувууд энэ л мөчийг хүлээн суудаг. Тэдгээр шувууд доошоо шумбан орж ирээд бяцхан яст мэлхийнүүдийг ээлж дараалан шүүрдэг тул маш цөөхөн нь аврал болсон тэнгистээ эсэн мэнд хүрч чаддаг.

Энэ нутагт нийтдээ 240 зүйлийн шувуу байдаг. Салхич шувуу, фаэтон, фрегат, олушь, цагаан өехийт бүргэд зэрэг олон зүйлийн шувууд амьдардаг.

Харин энд сүүн тэжээлтэн амьтад тийм ч олон биш. Ихэвчлэн халим, далайн гахайнууд байдаг. Эдгээрээс гадна арлуудын хоорондох замган шугуйнуудад далайн үнээний ойрын төрөл болох дюгонь хэмээх амьтан бас байдаг.


Солонгын долоон өнгөөр гялалзан найгах усан доорх ой, нугуудыг эхлээд харахад сонин бөгөөд тэд бүгдээрээ чулуу байдаг нь бүр ч сонин. Чулуунд юу саад болох билээ дээ.
Гэвч шүрэн арлууд амьд байгалийн бусад үр сад шиг бас л их хэврэг эмзэг бөгөөд амархан шархалдаг ажээ. Саяхан Австралийн шүрэн арлуудад тохиолдсон эмгэнэлт явдал бол үүний тод жишээ билээ.

Их хаалт шүрэн арлуудын орчимд далайн одод ихээхэн олширсноос болоод 1960-1970 оны хооронд эдгээр шүрэн арлууд мөхлийн ирмэгт тулсан байна. "Үүргэнийн титэм" хэмээх нэртэй тэрхүү өргөст арьстнаас хамаг аюул үүджээ. Бараг хагас метрийн голчтой, олон тооны тэмтрүүлүүд бүхий далайн од шүрэн наалдаахайнуудын аймшигт дайсан байжээ. Шүрэн арлуудад наалдаад тэдгээрийн цоорхой хөндийнүүд рүү ходоодны шүүсээ шахаж хөнөөдөг байна. Ганцхан жилийн дотор нэг далайн од 6 хавтгай дөрвөлжин метр шүрэн талбайг устгадаг ажээ.
 
Ихээхэн  ховор эдгээр амьтад  тийнхүү хэтэрхий их олширсон нь далайн одыг барьж иддэг тритонууд хэмээх махчин дунгууд цөөрснөөс болжээ. Том сайхан хясааг нь наймаалах гэсэн шуналтнууд эдгээр тритон дунгуудыг хоногт хэдэн тонноор нь барьснаас болж цөөрсөн ажээ. Далайн оддыг хязгаарлаж байдаг байгалийн устгагчид үгүй болсноор тэдний өсөн үржих нь нэмэгдэж шүрэн арлуудын бүхэл бүтэн хэсгүүд устаж үгүй болсон байна. 

Харин одоо тритон дунгуудыг агнахыг хориглосон болохоор тоо толгой нь дахин сэргэж хор бүхий тариураар зэвсэглэсэн шумбагчид "үүргэнийн титэм" тэй тэмцэж эхэлсэн тул шүрэн арлын тэнцвэрт байдал бага багаар сэргэж эхэлжээ. Гэвч энэ хэсгийн устгагдсан олон бүс нутагт хориос гучин жилийн дараа сэргэлт ажиглагдах биз ээ.

Бүлээн дулаан ус, элсэрхэг эргүүд, нэг их том биш эзгүй арлууд, усан доорх эзэнт улсад удаан хугацаагаар зугаалах боломж зэрэг нь жуулчдыг ихээр татдаг.

Жуулчдын зарим нь усан онгоцоор аялж, Австралийн  эрэг орчмын өвөрмөц сайхан байгальтай танилцаад өнгөрдөг бол илүү зорилготой, далай тэнгисийн амьдралд сонирхолтой хэсэг нь арлууд дээр 2-3 долоон хоног байж огтхон ч эцэж ядралгүйгээр шүрэн ертөнцийн зургийг авч, дүрс бичлэг хийсээр өнгөрүүлдэг ажээ. 

Австраличууд энэ газрыг тэнгисийн дархан цаазат газар хэмээн зарласан боловч ердөө хэдхэн газар л хатуу чанга хамгаалалтан доор байдаг.

Эх дэлхий даяараа багагүй олон газраар аялж, Мальдивын эргүүд, Сейшел, Хавайн арлууд, Галапагосын ольтрогууд, Карибын болон Улаан тэнгисийн шүрэн арлууд, Францын Полинез болон Палау арлуудыг үзсэн хүмүүсийн яриагаар Их Хаалт Шүрэн арлуудын усан доорх ертөнцтэй хэмжээ болон төрөл зүйл, баян тансаг байдлаараа дүйцэх газар хаана ч үгүй ажээ.

Их Хаалт Шүрэн арлуудын тоолж баршгүй олон амьд эрдэнэсийг агуулсан юутай ч харьцуулшгүй, хосгүй үзэсгэлэнт цэнхэр булан тохой, хоолойнуудыг үзэж таашаал хүртэх гэж мянга мянган жуулчид бараг ертөнцийн хагасыг туулсаар алс холын Австралид ирцгээдэг нь дэмий ч хэрэг биш ажээ. 

Эцэст нь миний зүгээс Шүрэн тэнгисийн гайхамшгийг өөр нэг талаас харахыг хүсвэл "Немогийн эрэлд" хүүхэлдэйн киног үзэхийг зөвлөх байна даа.

No comments:

Post a Comment