Везуви бол дэлхийн хамгийн алдартай галт уулуудын нэг билээ. Ийнхүү алдарших болсон нь олон зууны тэртээгээс эхтэй.
Тэгээд ч уг галт уул эртний соёл иргэншил бүхий улсын нутаг дэвсгэр дээр байдаг бөгөөд түүний идэвхжин дэлбэрсэн тухай анхны мэдээллийг бүр манай эриний 79 онд Ромын эрдэмтэн зохиолч Бага Плиний бичиж үлдээсэн байдаг.
Бараг 2000 жилийн турш шинжлэх ухааны үүднээс ажиглагдан судлагдаж байгаа галт уул дэлхий дээр түүнээс өөр хаана ч байхгүй билээ.
Эрэг дээр нь Везуви галт уул орших Неополитаны булан бол Италийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг юм. Нам гүм, амар тайван байдлаар амьсгалах түүний үзэсгэлэн сайхныг ширтэн хэдэн цагаар ч байсан уйдахгүй мэт. Гэсэн ч энд Европын эх газар дээрх идэвхтэй галт уулсын цорын ганц идэвхтэй бүс энд байдаг. Европын бусад галт уулс Исланд, Сицил, Ян-Майен, Азор, Липарийн зэрэг арлуудад байдаг.
Гэтэл 79 он хүртэл Везуви уулын гүнд аймшигтай их хүч хуримтлагдан дэлбэрэн гарч ирэх мөчөө хүлээж байгааг хэн ч мэдээгүй байжээ.
Харин ч дасал болсон уулын өвс ногоо бүхий бэл хажуугаар усан үзмийн цэцэрлэгүүд, мал сүрэг налайн хүмүүс ажил хөдөлмөрөө эрхэлсээр байжээ.
Везуви уулын бэлд тэнгист ойрхон эрэг дээр нь Помпей, Геркуланум, Стабия, Оплонтис зэрэг үзэсгэлэнтэй сайхан хотууд байсан ба тэнгисийн булан болон Тиррений тэнгисийн усан мандалд ромчуудын Мизенийн усан цэргийн хөлөг онгоцууд хөлхөн худалдааны хөлөг онгоцуудыг далайн дээрэмчдээс хамгаалдаг байжээ.
Эдгээр усан цэргийн хүчний хөлөг онгоцуудыг түүхэнд цэргийн жанжин биш, харин алдартай байгаль судлаач эрдэмтэн болох Том Плиний захирч байжээ. Түүнтэй цуг хөлөг онгоцон дээр нь түүний ач нөгөө бага Плиний хамт явдаг байв.
Бага Плинийгийн түүхч Тацитад бичсэн захидлаас бид болж өнгөрсөн эмгэнэлт явдлын талаар мэдэж авсан юм.
Тэгэхлээр 79 оны 8-р сард асар их хүчтэй газар хөдлөлт Везувий орчмын оршин суугчдыг сандаргажээ. Үүнтэй залгаад сэрж сэргэсэн галт уул аймшигтайгаар оргилж эхэлсэн байна. Энэ аймшигт үзэгдлийн дүр төрхийг Брюлловын *Помпейн сүүлчийн өдөр* гэдэг зурагнаас харж болох мэт.
Гэвч үнэн бодит байдал түүнээс ч илүү аймшигтай байжээ.
Бага Плинийгийн бичиж тэмдэглэснээр
/8-р сарын 24-ний үдийн 1 цагийн үед уулын оройд асар том үүл бий болжээ. Тэр үүл алгуурхан томрон улам өндөрт гарч аварга том мөчир салаагаа өргөн тэлж байгаа нарс модыг санагдуулж байлаа.
Зарим хэсэгтээ цав цагаан, зарим газартаа үнс мэт саарал толботой байв. Агаарын хүчтэй урсгалд хөөгдөн улам дээшилж байснаа урсгалын хүч буурсан хэсэгт өргөжин том болж хав хар үүл тэнгэрийг бүрхлээ. Тэрхүү аварга том хар үүлэн дунд аянга цахилгаан цахилж, урьд үзэгдэж харагдаагүй аймшигт сүртэй үзэгдэл болов.
Анхандаа нэлээн цөөн үнс нурам бууж эхлэв. Намайг эргэн харвал өтгөн хар манан шиг зүйл биднийг чиглэн айсуй. Гал түймэр унтраах үед хааж битүүлсэн өрөөн доторх шиг харанхуй бүрхэг боллоо.
Хүүхэд эмэгтэйчүүдийн хашгираан орилолдоон, эрчүүдийн чанга чанга ярилцах дуулдаж байв. Нэг хэсэг нь эцэг эхээ дуудаж байхад нөгөө хэсэг нь эхнэр нөхөр, үр хүүхдээ дуудан хашгиралдаж бас нэг хэсэг нь тэнгэр бурханд хандан гараа өргөн гуйж, мөргөж залбирцгааж байв.
Гэтэл бас олон хүн тэнгэр бурхан гэж үгүй, одоо ингээд ертөнцийн мөхөл, мөнхийн харанхуй ирлээ гэцгээж байв. /
Том Плиний
Яг тэр үед орчин үеийн хөлөг онгоцны ахмадуудад тэр болгон харагдаад байдаггүй эр зоригийг флотын захирагч үзүүлж хөлөг онгоцуудаа эргийн зүг аваачин үхэж үрэгдэж байгаа ард иргэдийг аврахаар зүтгэжээ.
Энэ явдал ямархуу байдалтай болсныг Бага Плинийгийн захианаас үзвэл
/* Хөлөг онгоц улам ойртох тусам үнсэн бороо улам ширүүн, халуун болж, хав хар чулуу, халуунд халж бутарсан уушгин чулуунууд дээрээс унах нь ихсэж, тэнгис маш хүчтэй татран галт уулын дэлбэрэлтээс болж эрэгт ойртох аргагүй байв.
Энэ хооронд Везувий уулын оройгоос улаан галан хэл цухалзаж улмаар асар өндөр галан багана тэнгэрт хөөрч утаа үнсэнд дарагдан харанхуй болсон газарт улам тод хурц өнгөтэй харагдаж байлаа. */
Хичнээн хүнд байсан ч том Плиний болон түүний усан цэргүүд эрэгт хүрч бууцгаан ойрын тосгоныг чиглэцгээжээ. Энэ талаар ач хүү нь ингэж бичжээ.
/*Байшингийн хаалга, хашаа үнс болон уушгин чулуугаар бүрхэгдэн хаалга онгойхгүй болжээ. Байшинд үлдэцгээх үү эсвэл гарцгаах уу гэж ярилцав.
Аймшигт чичиргээ долгионы улмаас байшин юу юугүй нурж унах гэж байлаа. Байшингаас гараад гадаа гарлаа ч гэсэн тийм ч найдвартай биш байв.
Тэнгэрээс бөөн бөөн уушгин чулуу унаж байсан болохоор аюултай байв. Дээрээс унаж байгаа чулуунаас толгойгоо хамгаалахын тулд толгой дээрээ жинтүү дэр тавиад алчуураар дарж бооцгоосон хүмүүс харагдана.
Өөр бусад газарт бол цэлмэг сайхан өдөр байсан энэ үед энд харанхуй шөнө мэт болж Везувий галт уулын аварга том галан хэл, өөр жижиг цучил самбарууд түнэр харанхуйг дийлэн гэрэлтүүлж хүч хүрэхгүй байв.
Тэнгисийн эрэгт хүрцгээхээр шийдсэн боловч тэнд улам аюултай байжээ. Юу юугүй дөхөөд ирэх гал, хүхрийн аймшигт үнэрээс зугтсан хүмүүс бөөнөөрөө хошууран дайрцгааж авга ахыг маань дайрч унагаав. Хоёр зарцаараа түшүүлэн өндийөсөн тэр дахин үхэдхийн уналаа. Хорт утаанд багтран унажээ гэж би бодлоо. */
Дэлбэрэлтийн цар хүрээ асар их байжээ. 40-өөд км-ийн зайтай нөгөө эрэг дээр унаж байгаа үнс нурмыг биеэсээ сэгсрэн унагаж байхгүй бол удалгүй дарагдаж үхэхээр байв. Эргэн тойрон тэр аяараа үнсэнд дарагджээ.
Ингэсээр 3 өдрийн дараа галт уулын дэлбэрэлт намжихад амьд үлдсэн хүмүүсийн нүдэнд аймшигтай дүр төрх харагджээ.
Везувий галт уулын бэлд байсан тосгоноос сүйрсэн балгас л үлджээ. Помпей, Геркуланум, Стабия суурингууд газрын хөрснөөс арчигдан алга болж, үнс нурам л үлджээ.
Аадрын гэмээр тэр аймшигт үүлнээс буусан бороо үнс нурамтай холилдон аймшигтай шавар үнсэн урсгал болж замдаа тааралдсан бүхнийг хаман оджээ. Геркуланум суурингийн гудамж талбайг тэр чигт нь таглан сүйтгэжээ.
Олон зуун жил өнгөрч хүмүүс тэр бүхнийг мартжээ. Тэр явдлаас 1700 жилийн дараа Везувий галт уулын бэлд худаг ухаж байсан хүмүүс санаандгүй эртний бурхны баримал олсон байна. Үүнээс болоод малталт хийж, улмаар үнс нурманд дарагдсан Помпей суурингийн үлдэгдлийг илрүүлжээ.
7 метрийн зузаан үнс нурман доороос гайхалтай сайхан сүм хийд, дархны газрууд, орон сууцны байшин, маш олон тооны урлагийн бүтээлүүдийг малтаж гаргажээ. Одоогоор Помпей хотын нэлээд хэсгийг малтаж гаргаад байгаа бөгөөд эртний Ромын тэрхүү хотын зарим нэг гудамжаар алхаж, байшин барилгыг нь үзэж сонирхож болох аж.
Хатуурч дарагдсан үнсэн дундаас зарим нэгэн хөндий хоосон газар олсон ба тэдгээрийг гипсээр дүүргээд галт уулын дэлбэрэлтийн үед амиа алдсан хүмүүсийн дүрс болохыг эрдэмтэд тогтоосон байна. Одоо тэдгээр дүрсүүд болон зарим эд хогшлууд музейд хадгалагдаж байгаа ажээ.
79 оноос хойш Везувий галт уул бараг 1500 жил нам гүм байгаад 1631 оны 12-р сард дахин хүчтэйгээр дэлбэрсэн байна. Орчин тойрны газрууд нь үнс нурманд булагдан, урсан гарсан халуун нурам цаг хүрэхгүй хугацааны дотор урсан уруудаж тэнгист хүрчээ. Хэд хэдэн тосгон сүйрч, 8000 гаруй хүн амь насаа алджээ.
Хожим нь хэд хэдэн удаа дахин дэлбэрч байснаас 1906 оны 4-р сард болсон дэлбэрэлтийн дүр зураг хамгийн аймшигтай нь байжээ. Аймшигт үзэгдэл эхлэхээс нэг жил хагасын өмнөөс галт уулын тогоо халуун хайлмагаар дүүрч эхэлсэн байна.
Үе үе амсраараа бялхан гарч, бага зэрэг дэлбэрэлт болж үнс нурам хаядаг байжээ.
4-р сарын 4-нд бүх хүн Везувий галт уулын оройг сэтгэл түгшин ширтлээ. Галт уулын тогооны амсраас маш их өтгөн хар үүл асар хүчтэй олгойдон гарч хайлмаг лав урсаж эхэлсэн байна.
Үнсэн саарал үүлс тэнгэрийг бүрхэн ихээхэн хэмжээний үнс чулуу унах болсон тул булангийн нөгөө эрэг дээрх Неаполь хотынхон хүртэл шүхэр барин явахад хүрчээ.
Дараа нь чих дөжрөм нүргэлсэн их дуу гарч дэлбэрэлт болж, асар их лаав цалгин хүн ам суурьшсан хот суурингууд руу чиглэн урсаж эхэлжээ.
Галт уул бүтэн 4 өдрийн турш аварга том тогоо мэт оргилон буцалжээ.
Эцэстээ галт уулын идэвхтэй оргилолт намдаж эхлэв. Галт уулаас өтгөн хар хийн багана л босож байлаа. Үе үе гялалзах цахилгаан тэрхүү өтгөн хар үүлийг үе үе гэрэлтүүлэн 2 метрийн зузаантай үнс нурам Везувий орчмыг бүхэлд нь даржээ.
Нэвтлэхийн аргагүй харанхуй Неаполийг нөмөрч, айж сандарсан хэдэн зуун мянган хүн хотоо орхин гарцгаажээ. 4-р сарын 28-наас эхлээд тэрхүү их үнсэндээр асар их устай аадар бороо нэрмээс болов. Олон ч хүн гэртээ байж байгаад амиа алджээ. 4-р сарын 30 гэхэд галт уулын дэлбэрэлт бүрэн зогсчээ.
Везувий галт уулын хамгийн сүүлчийн хүчтэй дэлбэрэлт 1944 онд болжээ. Галт уулын бэлд байсан Сан-Себастьян хот ихээхэн хэлмэгджээ.
Гэтэл одоо хэдийгээр тайван байгаа ч гэсэн түүний тогооны байдал ихээхэн хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг юм.
Галт уулын өндөр 1000 метрээс илүүгүй тул тийшээ авирах гэдэг хэцүү биш юм. Галт уул идэвхжин дэлбэрэх болгонд тогооных нь ирмэг нэг бол намсан, нэг бол өндөрсдөг тул Везувий галт уулын өндрийг яг таг тогтоох аргагүй байдаг. 1749 онд түүний өндөр 1014 м, 1906 онд 1186 м болжээ.
Трамвайгаар явсаар галт уулын оргилын конусын бараг ёроолд хүрэх ба түүнээс дээшээ олсон татуурган замаар дээшээ өгсөнө. Галт уулын тогооны амсар дээрээс галт уулын бүх бүтэц зохион байгуулалт тодорхой харагддаг.
Везувий галт уулын орчин үеийн конус нь 79 онд болсон дэлбэрэлтийн дараа үүссэн аварга том бүслүүр тогоо-кальдер дотор үүсэн бий болжээ. Тогооны хана дотогшоо хүнхийсэн тул тийшээ буухын аргагүй. Гүн нь 200 метр гаруй бөгөөд тойргийн хэмжээ нь хагас км шахуу.
Тогооны ёроолын ан цаваас зарим нэгэн хэсэгтээ уур утаа, хүхэрлэг хий савсан гарч, галт уулын орой дээр багахан үүл болон тогтдог нь бүх зүйл нэгэнт дуусчихаагүй шүү, дахиад хэзээ ч сэргэж магадгүй гэдгээ сануулж байгаа мэтээ.
Сонирхолтой бас хэрэгтэй мэдээлэл байна . Маш их баярлалаа :)
ReplyDeleteҮнэхээр гоё түүх байна энэ мэдээллийг тависанд баярлалаа
ReplyDelete