Thursday, April 11, 2013

Mөсөн гол



Мөсний масс хүндийн хүчний нөлөөгөөр аажим гулсаж цасны шугамаас доош ордог.
Үүнийг мөсөн гол буюу глетчер (gletcher-мөсөн гол гэсэн герман үг) гэдэг.


Мөсөн голд тэжээлийн буюу хуримтлалын, урсацын буюу абляцийн муж гэж ялгаж болно.
Тэжээлийн муж нь хионосферт оршино. Үүнийг фирний ай сав гэж ч нэрлэдэг.
Мөс үүсэх үйл явц

Энэ мужид цасны баланс эерэг буюу цас хуримтлагдаж, нягтран, улмаар фирнд шилжих явц үүснэ. Тэжээлийн муж нь хатуу тунадасны тэг балансын шугамаар хязгаарлагдах бөгөөд энэ нь цасны шугамтай давхцахгүй, түүнээс 250-1150 м-ийн дээр ба доор оршино. Үүний учир нь мөсөн голын өөрийнх нь нөлөө юм.


Фирнийн хилээс доош мөсөн гол хайлна, абляцийн процесс явагдана. Орчин үед ихэнх мөсөн голуудын хувьд абляцийн муж нь тэжээлийн мужаас маш бага болсон аж. Энэ нь уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой юм.

Эдгээрийн харьцаа нь уур амьсгалаар тодорхойлогдоно. Уур амьсгал хуурай бол энэ харьцаа багасна. Тэжээлийн мужийн талбайг абляцийн мужийн талбайд харьцуулсан харьцааг мөсөн голын коэффициент гэнэ.
Мөсөн голын коэффициент их байх тутам мөсөн гол оршин тогтнох нөхцөл сайн байна.

Цасны хилээс доош орсон мөсөн голын хэсгийг мөсөн голын хэл гэдэг. Захаасаа үргэлж хайлж байх тул мөсөн голын хэл гүдгэр гадаргатай байдаг.

Мөсөн гол орчинтойгоо (хийн мандал болон газрын давхарга, заримдаа далай тэнгис зэрэг) масс энергийн солилцоо байнга үүсгэж, үүгээр түүний горим тодорхойлогдоно.
Масс, энергийн солилцоог нь гадаад ба дотоод гэж ангилна.

Гадаад солилцоо нь мөсөн голын гадарга дээрх процессоор илэрхийлэгдэнэ. Жишээ нь: хуримтлал, хайлах, урсац, цацрагийн баланс, агаарын давхаргатай дулааны энергийн солилцоонд орох гэх мэт.

Дотоод солилцоо нь мөсөн голын дотор болон түүний ёроолд үүсч буй процессоос хамаарна. Мөсний хувиралт, ус хөлдөх зэрэг нь бүгд зузаан давхаргадаа явагдана. Масс энергийн солилцоонд мөсөн голын доторх болон мөстлөгийн дараах абляци их ач холбогдолтой.

Мөсөн голын хөдөлгөөн
Мөс гулсамтгай шинж чанартай тул хүндийн хүчний нөлөөгөөр газрын налууг даган "урсана". 100 гаруй жилийн өмнө мөсөн голын хөдөлгөөний талаарх анхны хэмжилт хийгджээ. Хөдөлгөөнийг үнэмлэхүй ба харьцангуй хөдөлгөөн гэж ангилдаг.

Мөн мөсөн голын эрози (экзараци) ба морены зөөгдөл нөлөөлнө. Мөсөн идэхүйн улмаас рельефийн янз бүрийн хэлбэр (кар, тэвшин хөндий гэх мэт) үүсдэг.

Мөс бол маш уян налархай, хэврэг биет. Мөсөн голын доод хэсэг маш их даралтанд оршино. Доод хэсэг нь гулсахад дээд хэсэг нь хамт татагдаж хүндийн хүчний үйлчлэлээр уруудан хөдөлдөг.
Мөсөн голын хөдөлгөөний хурд янз бүр, уулын налуу ба мөсөн голын хэмжээ, уур амьсгалын нөхцөл зэргээс хамаарна. Бага хэмжээтэй бол хөдөлгөөн нь бага, налуу их байвал хурдан гулсах жишээтэй.
Ууланд мөсөн гол 20-80 см/хоног буюу 100-300 м/жил хурдтай гулсдаг бол Гренланд ба Антарктидэд мөсний хөдөлгөөн удаан, 3-30 см/хоног буюу жилд 10-130 м байдаг.
Харин Гималайд 7 м/хоног хүрнэ. Мөсний масс 1 % нэмэгдэхэд хурд нь 2 дахин, 25% нэмэгдэхэд 10 дахин ихэсдэг байна.
Мөсөн голын хөдөлгөөнд температур бас нөлөөлнө. Температур их бол хөдөлгөөн хурдан, иймд дулаан улиралд хурдан хөдөлдөг.

Жишээ нь: -10°С-д хоногт 2 мм, 0-1°С-д 9 мм гулсана. Харин их даралтанд 0°С-аас доош температурт шингэн байдалд шилждэг.
Хөдөлж буй мөсөн гол хүчдэл үзүүлэхээс гадна хөдөлгөөн нь жигд бус учир түүний гадарга дээр ан цав үүснэ. Ангалын гүн 50-60 м-т ч хүрч болно.
Ан цавууд нь хөндлөн, дагуу, хажуугийн гэх мэтчлэн ялгагдана. Жишээ нь мөсөн голын гулсах хурд эрэг рүүгээ багасдаг тул хажуугийн ан цав үүснэ.



Уулын мөсөн голын хэлбэр нь рельефийн хэлбэрээс хамаарна.
Мөсөн гол хэлбэр хэмжээгээр олон янз.

Жишээ нь:
Альпиин хэв шинж: хөндийн (хөндийгөөр гулсаж буй мөсний масс) ба өлгүү (уулын хажуугаас унжсан богино мөсөн хэл байдалтай) мөсөн голыг хамруулна. Энэ хоёр төрөл нь өндөр ууланд тохиолдоно.


Скандиновын хэв шинж:-хавтгай оройтой уулсад тохиолдох мөсний зузаан давхарга байдлаар үүсэн тогтож, нийлсэн том талбайг үүсгэх ба нэг тэжээлийн мужаас хэд хэдэн мөсөн гол "урсана".
Хамгийн урт мөсөн гол болох Аляскад орших Хаббардын мөсөн гол 145 км урт, өргөн газраа 16 км, Беригийн мөсөн гол 80 км юм.
Хаббардын мөсөн гол

Мөсөн голын зузаан голдуу 200-400 м байдаг боловч янз бүр. Жишээ нь: Памирт байдаг Федченко 71-77 км урт, 700-1000 м зузаан юм.
Федченко мөсөн гол

Манай орны хамгийн том мөсөн гол нь Потанины (S=53.5 км2), Александрын, Гране-гийн мөсөн голууд юм.
Потанины мөсөн гол




Бусад: 























2 comments:

  1. Сайн байна уу? Мөсөн голын талаар монголд гүнзгийрүүлэн судалсан хүн байдаг бол уу? Энэхүү нийтлэлийг хэн гэдэг хүн гаргасан бэ? маш их таалагдлаа. Баярлалаа

    ReplyDelete