Friday, April 26, 2013

Ирвэс





Амьтан судлаачид нийтдээ 20 гаран зүйлийн ирвэсийг бүртгэсэн байгаагаас Алс Дорнодын ирвэс /Panthera pardus orientalis / нь хамгийн томд орно.
Одоо тэдний төрөл зүйлээс дөнгөж 9 нь л үлджээ.


Насанд хүрсэн ирвэсийн биеийн урт 90-170 см, сүүлний урт нь 110 см орчим байдаг аж. Байгальдаа бол 10-11 жил, эрх чөлөөгүй тэжээмэл нөхцөлд 20 орчим жил амьдрах чадвартай. Нийллэгийн цаг нь 1-3 сар бөгөөд нэг дор 1-3 зулзага төрүүлдэг. Залуу ирвэс 2 нас хүрмэгцээ нас бие гүйцэн эхээсээ салж явмагцаа агуй, хадны завсраар унасан модны нүхэнд нүднээс далдуур амьдардаг. Ирвэс нь гайхалтай чадварлаг анчин юм.

Ан авын арга барилаар түүнтэй эн зэрэгцэх амьтан байхгүй гэхэд хилсдэхгүй...
Алс дорнодын ирвэсний үндсэн зоог нь буга согоо, толбот буга, залуу зэрлэг гахай байдаг.
10-15 хоногт нэг удаа зоог барих ба заримдаа гэрийн тэжээмэл амьтдыг зооглодог гэнэ. Хоолны цэсэнд нь амьтны сэг зэм ч багтдаг аж.

Үр төлөө хамгаалахаас бусад тохиолдолд хүн рүү довтолдоггүй харин зайлсхийдэг байна. Тэд ганцаараа, хосоороо, бас гэр бүлээрээ амьдарна. Алс Дорнодын ирвэсний хувьд аль ч сонголт нь нээлттэй юм байна. Ирвэсний зүйлүүд өөр хоорондоо гадаад байдлаараа ялгагдана. Тухайлбал Африкийн ирвэс хув шиг улбар шар өнгийн нүдтэй бол Алс Дорнодын ирвэсний нүд нь хөх саарал байдаг гэнэ.

Алс Дорнодын ирвэс их үлгэр жишээч гэр бүлийн амьдралтай бөгөөд эр ирвэс нь үр төлөө байнга эргэж тойрч ан ав хийхэд нь эмэгчиндээ туслан тэднийгээ тэжээлцдэг.Үүгээрээ бараас их ялгаатай...

Мод чулуунд сайн авирдаг тэд усанд харин тун дургүй. Алс Дорнодын Уссурийн хязгаарт ирвэс далайн түвшнээс дээш 300-500 м өндөр газарт шилмүүст болон навчит ой бүхий холимог ойдоо амар тайван газар амьдарна. 

Бүх зүйлийн ирвэсүүд өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй байдаг.
Эр ирвэс ойролцоогоор 500 км кв нутгийг эзэмшин суудаг бол эм ирвэс арай бага нутагтай. Нутаг дэвсгэрийн төлөөх тэмцэл тэдний хооронд ширүүн явагдаж нэгнийгээ аймшигтайгаар хөнөөх нь ч энүүхэнд. Ер нь ирвэс ямар ч нутаг дэвсгэрт зохицон амьдрах чадвартай.
Гэвч Алс Дорнодын зэлүүд нутгийг хүмүүс эзэмшин ашиглаж ирсэн цагаас тэдний байдал маш хүнд болсон. Одоо түүнд зугтах газар бараг үгүй болжээ.

Ердөө 50 жилийн өмнө гэхэд Приморийн хязгаарт энэ амьтныг хаа сайгүй л харж болох байлаа.
Хүмүүс тэдний газар нутгийг хэсэг хэсгээр эзэмшиж эхэлснээр хойш тэдэнд хоол хүнс хомсдож эхэлснээс гадна сайхан арьс болон хятадын уламжлалт анагаах ухаанд ашиглагдах эд эрхтнүүд нь тэднийг эрс цөөрөхөд хүргэсэн юм.

Түүнд хүнээс гадна Сибирийн буюу Амар мөрний бар гэсэн хүчтэй өрсөлдөгч байдаг бөгөөд тэд хоорондоо байнга л газар нутгийн төлөөх тэмцлийг хийдэг гэнэ. Харамсалтай нь Бар дандаа ялагч нь байж Амар мөрний хөндийгөөс ирвэсийг уулархаг газруудад шахан гаргасан байна.
Эзэмшил нутгийнхаа хилийг мод хожуулд хумсаараа зуран тэмдэглэдэг ба орооны цагаар эр ирвэсийн дуудлага хэдэн км-ийн цаанаас ч сонсогддог байна.

Өнөөдрийн байдлаар ОХУ-ын Хасан нуурын орчимд 25-40 ирвэс байгаа нь албан ёсоор тоологджээ.

Мөн түүнтэй хил залгаа Хятадын нутагт 10 орчим бүртгэгдсэн байна. Солонгосын хувьд ирвэсийн талаарх мэдээ 1970 оноос хойш шинэчлэгдээгүй аж.
Бас нэг том асуудал байгаа нь тэдний хүйсийн харьцаа юм. Өөрөөр хэлбэл эрэгчин ирвэс эмэгчинээсээ хавьгүй их байгаа нь эмэгчний нутаг дэвсгэрийг хоослож үр төлөө тэжээхэд улам бүр хүнд болгодог гэнэ.

Цасны ирвэс

Монголд байдаг ирвэсийн зүйлийг шинжлэх ухаанд цасны ирвэс гэж нэрлэх ба голчлон уулархаг нутгуудаар амьдардаг аж.


Муурын овгийн бусад том биетэй зүйлүүдээс биеэр бага боловч төстэй. Биеийн жин 27-54 кг, урт 74–130 см-ийн хооронд хэлбэлзэнэ. Сүүл нь бараг ийм урттай.
Ирвэс зузаан үстэй, суурь өнгө нь утаан саарлаас, гандуу шаравтар өнгөтэй, хэвлий нь цагаавтар. Бараан саарал, хар цагирган толботой, толгой дээрээ жижиг толботой бол, хөл, сүүл нь том толботой.

Ирвэс уулын хүйтэн орчинд дасан зохицсон, бие бахим, үс зузаан, чих жижиг дугуй байдаг тул дулаан бага алддаг.

Тавхай өргөн байдаг нь цасан дээр явахад жингээ жигд хуваарилахад хэрэгтэй бөгөөд тавхайндаа үстэй байдаг нь эгц, тогтворгүй гадаргуу дээр явахад тусалдгаас гадна дулаан алдагдлыг багасгадаг.

Ирвэсийн сүүл урт, уян хатан байдаг нь тэнцвэрээ олоход нь дэм болдог. Сүүл нь зузаан үсээр бүрхэгдсэн байдаг нь дулаан алдагдлыг багасгадгаас гадна, унтахдаа нүүрээ хучдаг хөнжлийн үүрэг гүйцэтгэнэ.

Цасны ирвэсийн тархалт
 

Улс
Ирвэсийн эзэмшлийн нутаг
/км кв/
Ирвэсийн тоо толгой
Афганистан
50,000
100-200
Бутан
15,000
100-200
Хятад
1,100,000
2000-2500
Энэтхэг
75,000
200-600
Казакстан
50,000
180-200
Киргизстан
105,000
150-500
Монгол
101,000
500-1000
Балба
30,000
300-500
Пакистан
80,000
200-420
Тажикстан
100,000
180-220
Узбекстан
10,000
20-50

Мөн дэлхийн амьтны хүрээлэнгүүдэд 600-700 цасны ирвэс  байдаг гэнэ.

No comments:

Post a Comment