Их хавцал нь Колорадо голоор таслагдсан 350 километр урттай нэгэн төрлийн бэгэлцгийн давхраат тунамал чулуулгаас тогтох асар том жалга юм.
Түүний дээд хэсгийн өргөн нь 8-30 километр усны хөвөөгөөр километрээс ч бага (зарим нэг хэсэгтээ бүр 120 метр), харин гүн нь зарим газарт 1800 метр хүрдэг байна. Эгц чанх босоо, зарим газраараа салангид хадан цохиот оргилууд нь цайз цамхаг, суварга багана зэрэг олон төрлийн гайхалтай сонин хэлбэртэй урагшаа илүү гарсан хошуунуудтай юм.
Гол нь талстат эх төрмөлийн үеэс эхлээд дээд эрт төрмөлийн тунамал чулуулгийн үе хүртэл хамарсан насны элс, шохойн чулуу, занар болон бусад янз бүрийн өнгө будгийн чулуулаг хэвтээ оршсон давхаргадсыг зүсэн огтолж гарсан байна.
Хавцал нь бэгэлцгийг аажмаар өргөгдөх бүрд улам хүчтэй угааж байсан голын усны идэгдлээр шинэ төрмөлийн үед үүсчээ. Хавцал дахь Колорадо мөрөн нь дунджаар 1 километрт 1,5 метрийн уналттай 25 км/цаг хурдтай урсдаг.
Шар усны үерээр мөрөн хоногт ойролцоогоор 2 тонн усыг урсгах ба энэ усны бараг 20%-ийг, элс, хайрга, хайр чулуу эзэлдэг байна. Ингээд бодохоор голын ус сая сая жилийн туршид элс, шохойн чулуу занараас тогтох энэхүү 25 үе давхарга чулуулгаас хамгийн дээд талын 12-ыг бүтэн идэж бусад бүх давхаргыг гүн огтолж чадсан нь ойлгомжтой.
225-280 сая жилийн тэртээд энэ газар нутаг дээр далай байсан бөгөөд түүнээс хойшхи геологийн эрин зуунуудад нэг бус удаа цөл болж өөрчлөгдсөн байна. Салхинд идэгдсэн олон өнгийн далайн чулуулгийн давхарга нь зарим хэсэгтээ эртний галт уулсын лаав чулуулгаар огтлогдсон байна.
Чулуун хуудасны энэхүү хананаас энэ эх газрын бүхий л геологийн түүхийг уншиж цаг уурын өөрчлөлтийн тухай дүгнэлт хийж болох юм.
Урд нэгэн цагт далай ёроол байсан бэгэлцгийн гадаргуу бол элс, шохойн чулуу, занарын олон үе давхаргаас 600-250 сая жилийн тэртээх эртний төрмөлийн үед бүрэлдэн тогтсон хамгийн дээд талын давхарга юм.
Энэ чулуулаг бүр 2 тэрбум жилийн өмнөх буюу кембрийн өмнөх эрин, хуучин төрмөлийн өмнөх тогтолцоонд үүссэн эртний талстат занарын дээгүүр хуримтлагдсан байна.
Олон талаас дүгнэхэд энэхүү аварга том хавцлыг тавихын тулд гол ын ус 1.7-оос 9 сая жил шаардагдсан байх магадлалтай.
Өөрөөр хэлбэл Колорадо гол жил бүр 2,5 тэрбум куб метр чулуулгийг далай руу зөөж байсан ба энэ нь идэгдлийн хурд нь мянган жилд нэг метр болж байсан гэсэн үг юм.
Их Хавцалд 4000 жилийн өмнөөс хүн суурьшиж эхэлсэн байна. 1930 онд эртний хүмүүсийн голдуу амьтдыг дүрсэлсэн хадны сүг зураг буюу хадны бичиг илэрсэн билээ.
МЭӨ 500 оноос өмнө цөлийн соёл иргэншилтэй хагас нүүдлийн амьдралтай индианчуудын омог жижиг жижгээр бүлэглэн амьдарч оайв. Тэд оромжоо хад ухаж хийх буюу эсвэл шавраар барьдаг байжзэ. Дараа нь энэ газар нутгийг Анасазигийн үед харъяалагддаг индианчууд эзэлсэн байна.
Тэд буга гөрөөс намнаж, хавцлын хажуугийн салаануудад эрдэнэ шиш, хулуу, шош тариалдаг байв. Харин МЭ Х-ХI зууны үед чулуун байшин босгож чаддаг байсан пуэбло индианчууд суурьшиж эхэлсэн байна.
Хагас зуун жилийн дараа тэдний халааг өнөөгийн нутгийн индианчуудын өвөг дээдэс залгамжилсан байна. Ойролцоогоор 1540 оны үед Франциско де Коронадогоор ахлуулсан испанийн конкисдаторууд алтны эрэлд ийшээ ирцгээсэн боловч дөнгөж хавцлын ирмэг дээр ирээд хүйтэн хөндий хавцлыг тойрч явсан байна. Тэд энэхүү хавцалд канюн буюу испаниас орчуулбал зуухны яндан гэсэн нэрийг хайрласан байх магадлалтай юм.
1776 онд эндхийн хавасупаи омгийн индианчуудыг христийн шашинд оруулах зорилгоор испанийн шашин номлогч пастор Гарсес ийшээ ирсэн гэдэг. Христосын шашинг тэд хүлээж аваагүй боловч пастор Гарсес өөрийнхөө мөрийг энд үлдээсэн юм. Тэрээр голд Колорадо буюу испаниар өнгөтэй, будагтай гэсэн утгатай нэрийг өгчээ.
1848 онд Мексиктэй хийсэн амжилттай дайныхаа дараа америкийн засгийн газар энэ нутгийг өөрийнхөө эзэмшил нутаг гэж зарласан байна.
1858 онд энэхүү газар нутгийг судалсан цэргийн байр зүйчдийн багийн захирагч дэслэгч Айвс өөрийн илтгэлд "Бид бол энэхүү хэнд ч ашиггүй хоосон газар нутагт хөл тавьсан анхных нь, бас магад эцсийнх нь цагаан арьст хүмүүс бизээ.
Колорадо гол өөрийнхөө ихэмсэг бардам бөгөөд ганцаардмал замынхаа ихэнх хэсгийг хэнээр ч үл эвдүүлэх тайван байдалд өнгөрүүлэх байгалийн хуультай байжээ" гэж бичиж байжээ.
Их Хавцал руу Колорадо голоор туулж, тэгэхдээ амьд үлдэж чадсан хамгийн анхны хүн нь Жон Весли Пауэлл байсан юм. Энэхүү агуу үйл явдал 1869 онд болжээ.
Пауэлл Хавцлын индианчуудын соёл иргэншлийн үлдэгдлийг анх судалж дүрслэн бичсэн хүн юм. Аяллын багийг энд ирснээс хойш Байгал болон түүхийн хосгүй дурсгал болох энэхүү хавцлыг сонирхох америкчуудын сонирхол ихээр өссөн юм. Гэвч энэ анхаарал нь нутгийн уугуул иргэдэд ихээхэн гай зовлон авчирсан билээ.
1870-аад оны үед энд хар тугалга, цинк, асбестын оршдос олдсоноос индианчуудыг хүчээр газар нутгаас нь хөөсөн байна.
Хожим нь Их Хавцлын ашигт малтмалыг боловсруулах эдийн засгийн үр ашгийг харгалзахгүйгээр энд аялал жуулчлалыг илүүтэй ихээр хөгжүүлж эхэлсэн байна.
Анхны жуулчны багууд энэхүү хөндийд бүр 1883 онд хөл тавьсан бөгөөд XX зууны эхээр ийшээ төмөр зам тавьсан байна.
1919 онд сенатч Харрисон Их Каньон (Хавцал) Үндэсний Соёл амралтын Хүрээлэн байгуулах төслийг санаачилсан бөгөөд тэр үеийн АНУ-ын ерөнхийлөгч Вильсон энэ саналыг дэмжиж байжээ. Энэ цагаас хойш Их Хавцлын нэр хүнд, зорилго өөрчлөгдөөгүй юм. Их Хавцал нь бараг 500 мянган га талбайтай.
1919 оноос хойш Их Хавцлыг ойролцоогоор 100 сая жуулчид ирж үзсэн билээ. 1979 онд тэрээр Юнеско-гоос зарласан дэлхийн хэмжээний объектын жагсаалтад орсон юм.
Колорадо голоор зугаалахын тулд зуу зуун босгыг давж ийшээ дэлхийн бүх орны тамирчид ирдэг юм.
Хавцлын хананд байдаг байгалийн өөрийнх нь бүтээсэн хадан агуйд сонгодог хөгжмийн тоглолт явагддаг. Энд хөгжмийн сонсголон үнэхээр яруу билээ.
Дасаагүй нүдэнд Их хавцлын дүр зураг амьгүй, хатуу ширүүн мэт харагдах боловч энд маш олон амьтан ургамал бий. Халуун хуурай ёроолоор нь толбот скунс, шар хилэнц, ташуур сүүл гүрвэл гэх мэт цөлийн янз бүрийн амьтан элбэг дайралдана.
Энд улаан кактус, мескит мод ургана. Савар чихт кайбабын хэрэм нь зөвхөн хойд талаар үрждэг бол Аберта хэрэм нь арай дулаан өмнө зүгийг илүүд үздэг юм. Хавцлын сэрүүн оргил бэлүүд нь аризоны саарал үнэг, хадны жирхийн таатай орон юм. Хад асгаар уулын арслан хэсүүчлэх бөгөөд урьд хэзээ нэгэн цагт энд оршин сууж байсан нутгийн уугуул оршин суугчдын нэгэн адил тэдний тоо ч мөн ихэд цөөрчээ.
Үлдсэн хавасупаи индианчуудыг үзэхээр нисдэг тэргээр Хавасу-Каньон руу ирсэн жуулчид энэхүү газар нутгийн сүүлчийн уугуул иргэдийг хардаг байна. Их Хавцлаас урсан гарсан Колорадо Аризона, Невада хоёрын хил дээр 115 милиин Мид нуурыг үүсгэдэг газарт дэлхийн хамгийн том далан болох Хуверын далан оршдог байна.
Тэрээр 1931-1936 онуудад байгуулагдаж 1947 онд экс ерөнхийлөгч Хуверын дурсгалд зориулан ийнхүү нэрлэгджээ. Энэ далан Зөвлөлтийн алдарт Днепрогэсийн эхний ээлжтэй (1927-1932) яг нэг үе цагт баригдсан юм.
Хуверын далангийн өндөр 220 метр (Днепрогэсийн өндөр 60 м), харин зузаан нь сууриараа 180 метр байна. Хуверын далан бол Колорадо мөрний бүх уртад баригдсан ганц далан биш боловч хамгийн том нь яахын аргагүй мөн юм.
Түүний цахилгаан станцын хүчин чадал - 1,25 сая кВт бөгөөд Хойд Калифорни, Аризона, Невада болон Шинэ Мексик зэрэг асар өргөн уудам газар нутгийг усалдаг, энэ бүх бүс нутгийн эрчим хүч, усны эх үүсвэр билээ. Тэр чухам энэ л үүрэг зорилгоор байгуулагдсан юм. Энэ усан техникийн гайхамшгийг байгуулахад цоо шинэ технологийг хэрэглэжээ.
Их уналтын жилүүдэд эхэлсэн энэ далан олон арван мянган ажилгүй америк хүмүүст ажил олгосон билээ. Далан барих ажил өндөр эрсдэлийг дагуулж түүнийг барьсан таван жилд мянга гаруй хүн амь эрсдэж байсан ч ажиллах хүчний урсгал ийшээ тасраагүй юм.
Колорадо голын нийт 2333 километр урсгалын дагуу 30 цахилгаан станц ажиллаж байна. Далан голын урсгалыг тогтоож лаг лай болон бусад материалууд усан сангийн ёроолд тунаж Каньон цаашид гүнзгийрэхээ больсон билээ.
Гэхдээ л сая сая жилтэй харьцуулах юм бол энэхүү далангийн тэсвэрлэж чадах хоёр гурван зуун жил голд юусан билээ дээ!
No comments:
Post a Comment