Хязгааргүй мэт үргэлжлэх улаавтар хүрэн элст Австралийн төв хэсгийн элсэн цөлд жуулчдын сонирхлыг татах зүйл үгүй мэт.
Гэвч тэнгэрийн хаяанд гэнэт гарч ирээд ойртох тусам улам сүрлэг болох шоколад мэт хүрэн өнгөт аварга том хадан цохионууд энэ бүхний дундаас гайхамшиг мэт санагддаг.
Айерс-Рок хэмээн нэрлэгддэг энэхүү өвөрмөц сонин чулуун толгодууд бол манай гариг дээрх хамгийн том цул хад чулуу юм. 2,4 км урт, 1,6 км өргөнтэй түүний зуйвандуу тэргүүн эргэн тойрныхоо газраас 350 метрт өргөгдсөн байдаг.
Түүний гарал үүслийн талаар тухайн үедээ багагүй маргаан гарч байжээ. Ширээ мэт тэгшхэн, хязгааргүй уудам талын дунд тэрхүү аварга том цул хад чулуу бий болсон учир битүүлэг байдал нь хэдэн мянган жилийн тэртээ энэхүү тэгш талд унасан аварга том солир гэсэн таамаглалыг нутгийн уугуул уйму нарын дунд бий болгожээ.
Гэвч Айерс-Рок нь төсөөлж байснаас хавьгүй хялбархан гарал үүсэлтэй байсныг хожим нь геологчид олж тогтоосон юм. Орчин үеийн геологичдийн үзэж байгаагаар Айерс-Рок нь өндөрлөг газар байгаад байгалийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тасралтгүй элэгдсээр нам дор газар болж үлдсэн, цэвэр хөрсний элэгдлийн үйл явцын үр дүнд үүсчээ.
Тэр бүх үйл явцын дундаас бүхлээрээ үлдсэн эдгээр хадан цохионуудыг эрдэмтэд үлдэгдэл чулуулгууд гэж нэрлэдэг. Иймэрхүү чулуулгуудыг Сахарын элсэн цөлийн Тибести, Умард Урал, Араб, АНУ-ын Жоржио муж улсын нутагт орших Аварга хөшөөдийн хөндий зэрэг газруудад үзэж болно.
Гэвч Айерс-Рок бол аварга том хэмжээгээрээ төдийгүй хэдэн зуун км тал газарт сүндэрлэн байгаа байдлаараа үлдэгдэл чулуунуудаасаа илүү алдаршжээ.
Гибсоны цөлийг хойноос нь урагш нь туулж байсан Австралийн судлаач Эрнест Жайлс анх 1872 онд
Айерс-Рокийг харсан нь европчуудаасаа анхдагч нь байжээ.
Харин нутгийн уугуул омгийнхон тэрхүү чулуулгийг Улуру буюу *Сүүдэрт газар* гэж нэрлэсээр иржээ. Тэд жил болгон түүний хажууд цуглан ёслол үйлддэг заншилтай байсан гэдэг. Зарим омгийнхон эрт дээр цагт тэнгэрээс унасан чулуу гэж үздэг байсан бол зарим нь энэ нутагт хүмүүс ирэхээс өмнө аварга хүмүүс түүнийг бүтээсэн гэж боддог байжээ.
Гуравдахь хэсэг нь манай дэлхий дээрх амьд бүхнийг захиран шүүж байдаг Ванамби хэмээх Солонгот могойны үүр бол Улуру гэж итгэцгээдэг байлаа. Чухамхүү тэрхүү цөлд Ванамби могойны тушаалаар зарц нар нь хүмүүсийг буй болгож цөлд суурьшуулсан гэнэ.
Улуругийн үр сад нь өсөж үржсээр нутгийн уугуул иргэдийн эхлэлийг тавьсан ба жил болгон ариун ууланд очиж хамгийн шилдэг анчдаа алдаршуулан шинэ шинэ алдар гавьяа эр зориг олж авдаг байжээ.
Цаг хугацаа болон байгалийн хүчин зүйлүүд тэрхүү хадан цохиондээр багагүй хөдөлмөрлөн янз бүрийн шарх сорви, заримдаа ихээхэн том хэмжээтэй, хачин сонин хэлбэр бүхий онгорхой сэтэрхий үүсгэсэн байдаг.
Ямар нэгэн араатан амьтдын мөр мэт аварга том мөрүүд маш хатуу чулуун дээр үлдсэн байдгаас болж уугуул австраличуудад олон янзын домог таамаглал үүсгэхэд хүргэжээ. Тэрхүү хадан цохионы бэл дэх агуйнуудад нутгийн хүмүүсийн зурж үлдээсэн хадны сүг зургууд олон байдаг. Агуйнуудын хэмжээ нь ч гэсэн үлэмж аж.
Тэдгээрийн хамгийн том нь уртаараа 800 м, өндрөөрөө 30 м байдаг. Тэдгээрийн дотор бороотой үед хадны завсраар орж ирдэг усаар дүүрдэг гурван нуур байдаг. Ихээхэн халуун улиралд аборигенчууд нарнаас нуугдан хоргодож унд усаар хангагддаг байжээ.
Айерс-рокийн орой дээрээс бараг өвс ногоогүй шахам их цөлийн бараа нүдэнд тусдаг. Зөвхөн хаднуудын ёроолоор л евкалипт ба мульги хэмээх хуайсны сийрэгхэн шугуй ногоорон үзэгддэг.
Aйерс-Рокийг одоо үндэсний тусгай хамгаалалттай газар болгон зарласан ба энэхүү өвөрмөц хаднуудыг үзэх гэсэн жуулчдын тоо жил бүр нэмэгдэж байна.
No comments:
Post a Comment