Манай гаригийн хамгийн өндөр Анхелийн хүрхрээг үзэхийн тулд "орхигдсон ертөнц" рүү аялах хэрэгтэй болно.
Тус хүрхрээний өргөн нь 107 метр, усны зарцуулалт нь секундэд 300 метр куб юм байна.
Энд, Гвианийн уулсын хязгаарт өөр хаана ч байдаггүй, аварга том уулс байдгийг тепуй гэдэг.
Эдгээр нь яг уулс ч биш, заримдаа мянгаад хавтгай дөрвөлжин км талбай бүхий, эрэвгэр сэрэвгэр орой бүхий эгц огцом энгэр хажуутай улаан элсэн хөрстэй өндөрлөг тавцан билээ.
Далайн түвшнээс дээш бараг гурван км өндөр өргөгдсөн тэдгээр тепуй нарын нэгийг Рорайма уул гэдэг бөгөөд английн нэгэн зохиолчийн бүтээлд "Мепл-Уайтын орон" болон дүрслэгдсэн байдаг.
XIX зууны хоёрдугаар хагаст энд германы эрдэмтэн Шомбург гэгч очсон нь тэнд очсон анхны европ хүн ажээ. Тэрээр очоод үзсэн бүхэндээ гайхшран алмайрч "Улаан болон хар өнгийн устай голууд урссан, хэдэн км өндөр хадан цохиод сүндэрлэж тэднээс буусан их усан хүрхрээнүүд бүхий үнэхээрийн хачин ертөнцөд очлоо" хэмээн бичсэн байдаг.
Түүнээс жаахан сүүлд английн ургамал зүйч Бейтс тэнд очоод шинжлэх ухаанд урьд өмнө нь мэдэгдээгүй баахан ургамал авчирч байжээ. Түүнээс хойш олон жилийн турш тепуй эрдэмтийн анхааралд өртөлгүй байжээ.
Туулж гарахын аргагүй өтгөн шигүү ширэнгэ шугуй тэднийг хүмүүсийн нүднээс нуусаар байсны зэрэгцээ олон тооны боргио, хүрхрээнүүд нь хүмүүс тийшээ очиход саад болдог байлаа.
Түүнээс бараг нэг зуун жилийн дараа буюу 1935 онд эрэлхэг нисгэгч Энжел алмааз эрж яваад нисэх чиглэлээсээ хазайж Ауян-Тепуй уулын бэлээр нисэж яваад уулын бараг оргилоос шахам нэг км орчим өндрөөс хөөс цацруулан буусан цагаан голыг харж сэтгэл нь хөдөлжээ.
Энжелд гурван давхар аз тохиожээ.
Эхлээд тэрээр алмааз эрдэнэ хайж яваад чиглэлээсээ хазайж Ауян-Тепуй орчимд хүрсэн бол цаг агаар тогтуун, цэлмэг сайхан байсан болохоор хожим нь өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн хүрхрээг олж харсан /Испани бичлэгээр Анхель болдог/ явдал нь түүнд тохиосон хоёр дахь азтай явдал болсон юм.
Тепуйн оргилууд ихэвчлэн өтгөн үүл мананд хучигдсан байдаг байжээ. Харин гурав дахь азтай
явдал гэвэл тэрээр осол эндэгдэлгүйгээр Ауян-Тепуйн зулай дээр бууж эсэн мэнд үлдсэн явдал ажээ.
Нисгэгч бараг км шахам өндрөөс бууж, матар, могойнуудаар дүүрэн ширэнгэ шугуйн дундуур явсаар хүн ам бүхий суурин газар эсэн мэнд хүрсэн нь ёстой гайхамшиг байжээ.
Түүнээс хойш ихээхэн сайн бэлтгэгдэж хангагдсан судалгааны багийнхан урьд өмнө үзэгдэж харагдаагүй байгалийн тэрхүү өвөрмөц газарт хүрэх гэж яваад олон хоног болсон нь тэр газар хичнээн бартаатай, хүрч очиход ямар их бэрхшээлтэй болохыг аяндаа хэлээд өгч байгаа юм.
Гэвч Ауян-Тепуйд хүрээд үзэж харсан бүхэн нь тэдний туулсан бэрх хэцүү замын төлөө хүртээж байгаа шагнал болжээ.
Нэг км шахам өндрөөс хөөс татуулан буух аварга хүрхрээ тасралтгүй хүрхрэн шуугисан их усан сан болж доошоо хөндий рүү оджээ. Замынхаа гуравны хоёр хэсгийг ч туулаагүй байхдаа хүрхрээ гэнэт хайлсан мэт манан болон хувирч жижигхэн усан дуслууд болон сарнисан байдаг.
Харин түүнээс бүр доошилвол юунаас ч үүсэж бий болоогүй мэт хөөсрөн бургилсан гол болдог...
Судалгааны багийн геодезчид хүрхрээний өндрийг нарийн сайн хэмжжээ.
Тэр үндсэндээ хоёр үндсэн хэсгээс тогтдог. Дээд хэсэг нь 800 м урттай бол дараагийн хоёр дахь хэсэг нь 170 гаруй метр ажээ.
Нийтдээ хүрхрээний өндөр 979 метр болж байсан бол хожим нь дахин хэмжээд 1054 м гэсэн нь газрын зураг дээр тэмдэглэгдэн үлдсэн байна.
Гэтэл тэрхүү тавцангийн өндөр нь далайн түвшнээс дээш 2950 метр байдаг. Зөвхөн 1956 онд л Ауян-Тепуйн орой дээр гарч чадсан байна.
Нэгдүгээрт, уул ихээхэн өвөрмөц чийг үүсгэгч болдог ажээ. Энд жилдээ 7500 мм хур тунадас унадаг нь бэл орчмынхоосоо тав дахин илүү байгаа ажээ. Түүнээс гадна энэ бол аянга цахилгааны маш их идэвхтэй бүс байлаа.
Зуны цагт бараг өдөр болгон аянга буудаг болохоор аянганд ниргүүлээгүй үлдсэн ганц ч мод байдаггүй. Тийм болохоор нутгийн индианчууд түүнийг үхлийн орон гэж нэрлэдэг байсан ба Ауян-Тепуй гэдэг нь тэдний хэлээр "Чөтгөрийн уул" гэсэн утгатай ажээ.
Харин Рорайма уулын оргилд эрдэмтэд 20 жилийн дараа гарч чадсан юм. Хамгийн сүүлчийн 400 м урттай, эгц өндөр хэсгийг туулах гэж Жомолунгма оргилыг эрхшээлдээ оруулсан туршлагатай уулч Дон Уиллансаар удирдуулсан шинжилгээний багийнхан бараг сар болжээ.
Хөгжилтэй байх болов уу гээд UP хүүхэлдэйн кинонд дүрсэлсэн хэсгийг орууллаа...
Уиллансын ярьснаар бол тэрхүү тавцан нь этгээд сонин хэлбэр дүрстэй цул хадан хана байжээ.
Орой дээрх тэгшхэн хэсгийн энд тэнд мөөг шиг дүрстэй сонин ургаа хаднууд байх ба тэдний хоорондуур усаар дүүрсэн дугуй хонхорууд байсан гэдэг.
Энэхүү тэгш өндөрлөгийн хамгийн өндөр цэг нь /2810 м/ гүнзгий ангалуудаар бусад хэсгүүдээсээ тусгаарлагдсан байгаа болөхоор түүнд хүрэхийн тулд уулчдад нэмэлт төхөөрөмж шаардагдсан байна.
Анхелийн хүрхрээ одоохондоо хамгийн өндөр гэсэн нэр алдраа хэвээр хадгалан хүрч очиход бэрх хэцүү түвэг ихтэй ч гэсэн эрдэмтэд хийгээд олон тооны аялагч, жуулчдыг өөртөө татсаар байх болно.
2009 оны 12 сарын 20 нд Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесын зарлигаар Анхелийн хүрхрээний нэрийг Чурун-Меру гэж өөрчлөн нэрлэсэн юм байна.
No comments:
Post a Comment