Tuesday, April 9, 2013
Киотогийн протокол
Тус протокол нь анх 1997 оны 12-р сарын 10-нд Япон улсын Киото хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Суурь Конвенцийн Талуудын 3-р бага хурлаар батлагдсан.
Протоколын гол зорилго
2000 оноос хойших хугацаанд агаар дахь хүлэмжийн хийн хэмжээг бууруулах асуудлыг улс орнуудын хувьд хуульчлах явдал юм.
Хүлэмжийн хийн жагсаалтыг Хавсралт А-аар гаргасан.
Нүүрсхүчлийн хий (СО2),1.0
Метан (CH4),21
Азотын исэл (N2O),310
Гидрофторт нүүрстөрөгчүүд (HFCs),140-11700
Перфторт нүүрстөрөгчүүд (PFCs),7000-9200
Гексафторт хүхэр (SF6),23900
Киотогийн протокол хүчин төгөлдөр болох нөхцөл
Нүүрсхүчлийн хийн 1990 оны ялгаруулалтын түвшингийн 55 хувиас доошгүй хувийг гаргаж байгаа, Конвенцийн 1 дүгээр хавсралтанд орсон 55-аас доошгүй Конвенцод оролцогч Талууд Киотогийн Протоколыг баталсан, хүлээн зөвшөөрсөн нэгдэн орсон тухай баримт бичгээ өргөн барьсан өдрөөс хойш 90 дэхь хоног дээр Киотогийн Протокол хүчин төгөлдөр болно.
Талуудын хүлээх үүрэг:
1-р хавсралтад орсон улс орон-Талууд хүлэмжийн хий(ХХ)-н хэмжээг 2008-2012 он гэхэд 1990 оны түвшинтэй харьцуулахад дор хаяж 5%-аар бууруулсан байх нөхцлийг хангана.
1-р хавсралтад орсон улс орон-Талууд үндэсний эдийн засгийн холбогдох секторуудын эрчим хүч ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх
Хүлэмжийн хийнүүдийн шингээгчийг нэмэгдүүлэх, ойн аж ахуйг хөтлөн явуулах, ойжуулах, ойг нөхөн сэргээх үр ашигтай арга хэмжээг хөхүүлэн дэмжих
Эрчим хүчний болон сэргээгдэх хэлбэр, нүүрсхүчлийн хийг шингээх технологи, байгаль орчинд ээлтэй тэргүүний болон шинэлэг технологи нэвтрүүлэх, боловсруулах, өргөн хэрэглэхэд дэмждэг үзүүлэх
Киотогийн протокол батлагдсан нь
2007 оны 7 дугаар сарын байдлаар нийт 174 орон болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага батламжилсан.
Конвенцийн 1 дүгээр хавсралтанд орсон орнуудын хүлэмжийн хийн ялгаруулалтын хувь дийлэнхийг нь эзэлж байна.
Киотогийн протоколын онцлог
1. Одоо цагт явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт нь хүний хүчин зүйлийн улбаатай бөгөөд байгаль орчин нийгэм эдийн засагт учруулж байгаа цаашид учирч болох хохирлыг ялгаралтыг бууруулах замаар багасгаж болно гэсэн бага ч гэсэн итгэл байгаа.
2. Хүлэмжийн хийн ялгаралтанд тавих хяналт нь нийт дэлхийн эдийн засгийн ашиг сонирхлыг хөндөж байгаа бөгөөд бид үр дүнд хүрч болох хамгийн багаас нь эхлэх нь зүйтэй гэж үзэж 2008-2012 оны түвшинд бууруулах багаахан хэмжээг сонгон авсан болно.
3. Хүлэмжийн хийнүүд бол хүлцэх хэмжээ /ХХ/-тэй нь харьцангуй авч ярьдаг бохирдуулах бодис /угаарын хий, азотын исэл, тоос шороо, хүхрийн ислүүд, орчих мандлын озон, хүнд металлууд, хлор органик бодисууд гм/ биш, цэвэрлэх, шүүх төхөөрөмж ашиглаад хийчих ажил ч бус, эрчим хүчний болоод бусад үйлдвэрлэлийн тоноглол, процессыг нэлд өөрчлөх замаар шийдэгдэх асуудал.
Ийм учраас квотоор худалдаалах зарчим зэрэг уян хатан механизмуудыг протоколд оруулж өгснөөр энэ протокол маань байгаль орчны салбарт зах зээлийн эдийн засгийн чиглэлд хамгийн нийцсэн олон улсын үлгэр жишээ гэрээ болсон юм.
4. Хэрэв тухайн оронд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн үр дагавар шууд мэдрэгдээгүй байвал тухайн улс орон эдийн засаг нийгмийн хөгжилдөө саад болох тийм арга хэмжээ авч явуулах үүрэггүй, гэхдээ хүлэмжийн хийн ялгаралтаа яаж бууруулахаа өөрөө мэдэх хэрэг. Түүнчлэн Киотогийн протоколоор улс орнуудад болзлоо тулган хүлээлгэхгүй, ялгаралтын түвшнээ 1990 оныхоос яаж бууруулахыг зөвхөн санал нэгдмэл байх /консенсус/ зарчмаар шийддэг.
5. Улс орнууд ноогдсон үүргээ хэрхэн биелүүлэх талаар янз бүрийн арга зам байна.
а/ төр засаг үндэсний бизнест нөлөөлөх хөшүүргүүдээ ашиглах,
б/ төр засгийн эрх барьж буй хүчний улс төрийн амбиц байж болохыг үгүйсгэхгүй.
Үүнээс эхнийх нь уламжлалт бус эрчим хүчинд илүү анхаарал тавих, ой гэх зэрэг СО2-ийн шингээгчдийг хамгаалах, сайжруулах зэрэг арга хэмжээ байж болно.
6. Хэдийгээр протоколоор улс орнуудад үүрэг хүлээлгэж байгаа боловч энэ үүргээ биелүүлээгүй гэж Талуудад санхүүгийн ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэггүй. Энэ тухайд бүр Киотогийн протоколын эн чацуу баримт бичиг болох Марракешийн хэлэлцээрт тодорхой тэмдэглэсэн байна.
Ийнхүү Киотогийн протоколын эхний үе шатанд түүнийг хэрэгжүүлэх янз бүрийн механизмийг зааж өгөөд, байдлыг харзнасан байдалтай явж байх шиг гэж хэлж болохоор байгаа юм. Энэ хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх чиглэлээр эрчим хүчний салбартаа технологийн шинэчлэл хийх, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх чиг баримжаа авч байх юм.
Киотогийн протоколд оролцох нөхцөл
Киотогийн протоколын дагуу буй болгосон квотын худалдааны болон хөрөнгө оруулалтын механизмуудад оролцохын тулд дараах нөхцлийг хангах шаардлагатай аж.
1. Хүлэмжийн хийн ялгаралтын 1990 оны түвшний инвенторын дүнгээр квотынхоо хэмжээг тогтоосон байх,
2. Хүлээсэн үүргийнхээ дагуу ялгаралтаа бууруулах үндэсний үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөтэй байх,
3. Хүлэмжийн хийн нэгж ялгаралтын үнэлгээний үндэсний систем болон тооцооны үндэсний регистр зохион байгуулсан байх, түүнийгээ Нарийн бичгийн дарга нарын газарт тогтмол мэдээлж байх зэрэг болно.
Киотогийн протоколын сул тал
Уур амьсгалын өөрчлөлтөд хүргээд байгаа, хүргэж болзошгүй хүний үйл ажиллагааны нөлөөллийн тухай шинжлэх ухааны эцсийн дүгнэлт хараахан төгс бус, үүнээс болоод хүлэмжийн хийн ялгаралтыг ямар хэмжээгээр бууруулбал зохих вэ? гэдэгт хариу өгсөн тоон үнэлгээ бүдэг. Ийм ч учраас протоколд үндсэндээ нийтээр хүлээн зөвшөөрөх дурын тоо тавьчихсан тал буй.
Протокол нь эхний ээлжиндээ асуудлыг иж бүрнээр төгс шийдвэрлэх зорилт тавиагүй, тэгээд ч хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах үүргийг ердөө л хөгжингүй орнуудаар хязгаарласан байгаа.
Ингээгүй бол улс орнууд протоколд нэгдэн орохгүй ч байсан биз.
Юуны өмнө эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зэргээр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад чиглэж байгаа бөгөөд хүлэмжийн хийн шингээгчид анхаарал сул тавьсан тал буй.
Хүлэмжийн хийн үйлдвэрлэлийн өсөлтийн дийлэнх нь хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудад ноогдож байгаа юм.
Киотогийн протоколын хэрэгжүүлэх механизм:
Киотогийн Протоколыг хэрэгжүүлэх механизм нь хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, “шингээлтийг” нэмэгдүүлэх, бусад оронд илүү хямд төсөр аргаар хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж өгч байгаа юм.
Хамтран хэрэгжүүлэх (Joint Implementation - JI)
Цэвэр хөгжлийн механизм (Clean Development Mechanism-CDM)
Ялгаруулалтыг (Хүлэмжийн хийн) худалдаалах (Emission Trading -ET)
1. Хамтран хэрэгжүүлэх
Ялгаруулалтыг (Хүлэмжийн хийн) худалдаалах (Emission Trading -ET)
Конвенцийн 1 дүгээр хавсралтын орнууд мөн хавсралтын бусад орнуудтай хамтран ХХ-ийн ялгаралтыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хамтран явуулна.
Шилжилтийн эдийн засагтай орнуудад хэрэгжүүлэхэд тохиромжтой.
Конвенцийн 1 дүгээр хавсралтын орнууд ХХ-ийн ялгаралтыг арай хялбар байдлаар бий болгох боломжтой мөн хавсралтын бусад орнуудаас ХХ-ийн ялгаралтын тодорхой хувийг авах явдал юм.
Энэ хувийг CDM, JI механизм хэрэгжүүлсэний дүнд бий болгож болно.
Киотогийн протокол ба Монгол улс
- Монгол улс Уур амьсгалын өөрчлөлтийн Конвенцид 1992 оны 6 дугаар сарын 12-нд Рио де Жанейро хотноо гарын үсэг зурж УИХ түүнийг 1993 оны 9 дүгээр сарын 30-нд Батламжилсан.
- Монгол улс Киотогийн Протоколыг 1999 оны 12 дугаар сарын 15-нд Батламжилж хүлээн зөвшөөрсөн.
Конвенцийн хэлэлцээрийн хорооны үйл ажиллагаа
- АНУ-ын EPA-ийн “Улс орон судлал” төслийн хүрээнд 1995-1997 онуудад Монгол орны XXI зууны уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээг анх удаа ДУЗ-ын янз бүрийн загварууд ашиглан хийж уур амьсгалын өөрчлөлтийн байгаль, нийгэм-эдийн засгийн системд нөлөөлөх байдлыг тоон загварууд ашиглан үнэлсэн болно.
АХБ-ны ALGAS төсөлд оролцсон
- Нидерландийн засгийн газрын дэмжлэгээр 1998-2000 онуудад уур амьсгалын өөрчлөлт, түүний ХАА-д нөлөөлөх байдлын үнэлгээг шинэчлэн хийж уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр боловсруулан 2000 оны 7-р сард Засгийн газраар батлуулсан.
- Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хороог Засгийн газрын тогтоолоор 2000 онд зохион байгуулав.
Дэлхийн экологийн сангийн дэмжлэгээр “Уур амьсгалын үндэсний илтгэл”-ийг боловсруулан 2001 онд Конвенцийн нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн.
- Дэлхийн байгаль хамгаалах сан /GEF/-гийн дэмжлэгтэйгээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны 2 дугаар үе шатанд “Монгол улсын эрчим хүчний салбарт технологийн шинэчлэл хийх хэрэгцээг үнэлэх” гэсэн жижиг төслийг 2001-2002 онд хэрэгжүүлсэн байна
- Дэлхийн экологийн сангийн дэмжлэгээр ЮНЕП-ээс хэрэгжүүлж байгаа AIACC төслийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөнд бэлчээр, мал аж ахуйн өртөх, дасан зохицохуйн судалгаа”-г 2002-2004 онд хэрэгжүүлэв.
Холбогдох байгууллагын бүтэц тогтолцоо, боловсон хүчний чадавхи
Уур амьсгалын өөрчлөлт, түүний байгаль, нийгэм эдийн засгийн тогтолцоонд нөлөөлөх байдлыг үнэлэх ажлыг БОЯ-ны Ус цаг уур, орчны шинжилгээний газар-Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг, түүний харъяа Ус цаг уурын хүрээлэн 1992 оноос толгойлон хийж ирсэн байна.
Уур амьсгалын үндэсний хороог 2000 оны 7 дугаар сард Засгийн газраас зохион байгуулсан боловч уг байгууллага бодит байдлаар ажиллаж чадаагүй, 2005 онд Засгийн газрын 66 дугаар хуралдааны тэмдэглэлд Үндэсний хороог Байгаль орчны сайдаар ахлуулан зохион байгуулна гэсэн боловч энэ нь зохих ёсоор шинэчлэн зохион байгуулагдаж ажиллаагүй байна.
Үндэсний зохицуулагч бараг жил бүр шахам өөрчлөгдөж ирсэн байна.
Ийнхүү сүүлийн арваад жилд Монгол улсад уур амьсгалын конвенцийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохион байгуулж, удирдан чиглүүлэх, зохицуулах ямар нэг байгууллага, нэгжгүй урсгалаараа явж ирсэн гэж үзэж болно.
Нэмэлт мэдээлэл үзэх бол энд дарж үзнэ үү...
Татаж авах бол энд
Subscribe to:
Post Comments (Atom)
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Уур амьсгалын өөрчлөлтийн алба нь 2010 оноос Монгол улсын хувьд Киотогийн протоколын зорилтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг www.climatechange.gov.mn
ReplyDelete