Saturday, April 20, 2013

Фернандо Магелланы дэлхийг тойрсон аялал




"Нөхцөл байдлын асар их өөрчлөлт хувиралтуудыг даван гарах өөр хэнд байдаггүй чадвараараа тэр бусад сайн үйлстнүүдээс ялгаатай баисан. Хоол ундгүй хэнээс ч илүү удаан явж чаддаг, усан замын газрын зураг нь дэлхийн ямар ч далайчнаас илүү алдаагүй ажиллаж чаддаг байлаа. Энэ бүхэн үнэхээр тийм гэдэг нь хэний ч нүдэнд ил зүйл шүү дээ" гэж Магелланы аяллын түүхийг бичигч Антонио Пигафетта ахмадынхаа талаар бичжээ.

37 настайдаа Фернан Магальяниш /испаничууд түүнийг өөрсдийнхөөрөө Фернандо Магеллан гэдэг байв/ алсын далай тэнгисээр аялж, дайн тулаанд орж үзсэн туршлагатай нэгэн байлаа. 

Алмирал де Алмейдын цэрэгтэй хамт Энэтхэг,  анхилуун үнэртний аралхолын Молуккт очиж байжээ.
Португальчууд Васко да Гамагийн нээсэн замаар Африкийг тойрч дорно зүг рүү явдаг байв. Харин Магеллан Молуккт очоод энэ газруудын тухай европын    газрын    зураг   зохиогчдийн ярьж байсан бүхнийг санаад Пиренейн хойгоос баруун зүг гарч огт өөр замаар явахаар шийджээ. Түүний энэ бодол нь мөн чанартаа Энэтхэг гэж андуураад Америкийг нээсэн  Кристофор  Колумбын санааг  сэргээсэн  хэрэг байлаа. Колумбаас ялгаатай   нь  Магеллан Америк   тивийг   мэддэг, Панамын хүзүүвчийг гаталсан Васко Нуньеса де Бальбоагийн багийнхны харсан бас нэг далай цаана нь байгааг ойлгож байлаа. Молуккын хойгийг баруун талаас нь угаасан тэр далай яг Америкийн зүүн талд байгаа тэр далай мөн гэдэгт Магеллан итгэж байжээ. Түүнээс гадна туулж гарахын аргагүй тийм том далай биш хэмээн бодож байв.

Магеллан аялалдаа дэмжлэг хүсэж Португалийн хаанд хандсанд Европоос Энэтхэг хүрэх далайн цорын ганц замыг атгаж байсан болохоор тийм эрсдэлтэй зүйлд хөрөнгө зарах хэрэг алга гээд татгалзжээ. Харин португальчуудыг өрсөлдөгчөө гэж үзэж байсан Испанийн эзэн хаан хэрэв энэ хазгар далайчин бодсоноо хэрэгжүүлж чадвал гарах үр дүн нь Колумбийн аяллаас ч илүү байх болно гэж бодоод ихээхэн сонирхжээ.

Ингээд Испаны хааны дэмжлэгийг авсны дараагаар 1519 оны наймдугаар сарын 10-нд Магелланаар удирдуулсан таван хөлөг Севилийн зогсоолоос хөдөлж алсын замд гарчээ.
Тэд Африкийн баруун эргийн дагуу хөвсөөр Ногоон Хошууны өргөрөгт хүрэхэд өөдөөс үлээх салхи давалгаатай тулгарав. Ширүүн бороо зургаан өдөр үргэлжилжээ. Өтгөн саарал манан хөлгүүдийг нь бүрхэв. Тэгж явтал хөлгүүдийн шураг дээр гэгээн Эльмагийн гэрэл гялалзав. Далайчид үүнийг сайны тэмдэг гэж үздэг байсан тул удалгүй цаг агаар тайван болжээ. 

Хөлгүүд баруун өмнөдийг чиглэн түргэн явсаар арван нэгдүгээр сарын 23-нд Бразилийн эргийг харжээ...

Өмнөд Америкийн эрэг дагуу аялсаар 1520 оны гуравдугаар сарын сүүлчээр гэхэд Магеллан өмнөд өргөргийн 45 хэмд хүрчээ. Тэнд очоод Магелланы Пуэрто-Сан-хулиан гэж нэрлэсэн салхинаас нөмөрлөсөн тохойд ээлжит зогсолтоо хийлээ. Захирагч нарын дунд өрнөсөн ахлагчдаа дургүйцэх байдал даамжирсаар дөрөвдүгээр сарын 1-нд шилжих шөнө бослого дэгдэв. 


Ахмадуудаараа толгойлуулсан "Виктория", "Консепсьон", Сан-Антонио" зэрэг хөлгүүд Магелланд захирагдахаас татгалзав. Удирдагчдаа үнэнч үлдсэн усан цэргүүдийн заримыг алж, заримыг нь гинжилж хүлжээ. босогчид шөнө тохойг орхин явах гэснээс болж жинхэнэ тулалдаан өрнөв...

Өглөө нь Магеллан хэлэлцээр хийхээр итгэлт хүмүүсээ "Виктория" хөлөг рүү илгээв. Хөлгийн ахмад даргынхаа тушаалыг дагахаас татгалзаад алагджээ. "Виктория" хөлөг дээрх бослого дарагдав. Үлдсэн хоёр хөлгийн босогчид ч бууж өгөхөөс өөр аргагүй болжээ. Үймээн бослогыг санаачилсан хоёр хүний толгойг авахыг Магеллан тушаав. Өөр хоёр хүнийг эзгүй эрэг дээр буулгаж хаяжээ. Бослогод оролцсон дөчин хүнийг гавлаж гинжлэв. Ингээд хөлөг дээр дэг журам сэргэн тогтлоо. Америкийг тойрч аугаа их өмнөд тэнгист гарах сан гэхээс Магеллан тэсэж ядан байлаа. 

Дөрөвдүгээр сарын сүүлчээр "Сант-Яго" хөлөг өмнө зүгийг чиглэн явах тушаал авчээ. Түүний буцаж ирэхийг их удаан хүлээжээ. Эцэст нь эцэж ядран, өлсөж даарсан хоёр хүн эрэгт гарч ирсэн нь "Сант-Яго" хөлгийн усан цэргүүд байсан бөгөөд хөлөг онгоц хад мөргөн сүйрч багийнхны зарим нь нас барсан ба амьд үлдсэн нэг хэсэг нь тусламж хүлээж байна гэсэн муу мэдээ авчрав...

Магеллан аврах багийнхныг илгээлээ. Тоолж баршгүй бэрхшээл зовлон  туулсны эцэст "Сант-Яго" хөлгийн багийнхан буцаж ирлээ. Энэ хооронд маш их хугацаа алджээ. Таван сар гарав. Дараа нь" зургаан сар гэдэг бол дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст өвөл эхэллээ гэсэн үг билээ. Ийнхүү багийнхан Өмнөд Америкийн Патагонийн эрэгт өвөлжихөөр үлдсэн байна.

Наймдугаар сарын 24-нд Магелланы хөлгүүд Сан-Хулиан боомтоос гарч өмнийг зорив. Өвлийн салхи шуурга намдаагүй байсан ч хөлгүүд урагш тэмүүлсээр хоёр өдрийн дараа Санта-Крус голын адагт хүрч цэвэр ус нөөцлөн загас барьж, лам гөрөөс агнан нөөц мах бэлтгээд есдүгээр сарын 21-нд Арван нэгэн мянган охины хошуу хэмээн усан нэргүүдийн нэрлэсэн хошууг тойрч голын адаг юм уу эсвэл ямар нэгэн хоолой гэмээр тахирлаж муруйсан хэсэгт очоод уснаас нь амсаж үзсэн нь шорвог байлаа. Удаан хүлээсэн Өмнөд тэнгист орж байгаа нь тэр байжээ.

Тэр хоолойгоор хөвөх гэж усан цэргүүд ихээхэн ур чадвар гаргалаа. Үргэлж салхилан мөсөн шуурга нүдэж байжээ. Эргийн хоёр талаар баахан цаст уулс үргэлжилнэ. Их гүнзгий байсан болохоор зангуугаа буулгаж  чадсангүй. Үзэж хараагүй нутгийн гүнээс шөнө нутгийнхны асаасан үй олон гал дүрэлзэж харагдав. Испаничууд түүнийг "Тьерра-дель-Фуэго" буюу   Галт   газар   гэж   нэрлэжээ.   


 Тэрхүү  дүнсгэр   нарийхан   хоолойд Магелланы багийнхан бас нэг хөлгөө алдав. Шөнийн харанхуйд "Сан Антонио" хөлөг алга болжээ. Бослого гаргасан хөлгийнхөн эргэж явсаар Испанидаа эсэн мэнд очсон нь сүүлд тодорхой болжээ. Гэтэл Магеллан тэр хөлгийг алга болсонд үнэхээр түгшиж алга болсон далайчдыг хайх тушаал өгчээ. Хичнээн хайсан ч үр дүн гарсангүй...
Эцэстээ 1520 оны арван нэгдүгээр сарын 18-нд үлдсэн гурван хөлөг далайд гарлаа. Далайд салхигүй намуухан байсан тул Магеллан түүнийг Номхон далай гэж нэрлэжээ. Номхон далайг туулах нь далайчдын хувьд  хамгийн хүнд хэцүү байжээ.

Номхон далайн төв болон баруун хэсэг үй олон аралтай ч гэсэн хувь тавилангийн эрхээр гэх юм уу Магелланы багийнхан дөрвөн сар аялахдаа хуурай газартай тааралдсангүй. Хоол хүнс, усны нөөц өдөр ирэх бүрт багасаж байлаа. "Бид хатаасан талхаар хооллож байсан ч тэр нь хатаасан талх биш харин өттэй хольсон талхны үйрмэг байсан нь хархных шиг муухай үнэртэй байв. 

Олон өдөр хадгалснаас өмхийрч шарласан ус ууцгааж байлаа. Гол шургаагаа бүрсэн шарын арьсыг ч бид идэж байсан ба түүнийг тэнгисийн усанд гурав дөрвөн хоног дэвтээгээд халуун галд хэдэн минут шараад иддэг байв. Модны үртэс ч иддэг байсан. Нэг харх хагас дукатаар наймаалцдаг нь их үнэтэй ч гэсэн харх олддоггүй байв"; Антонио Пигафетта бичжээ.

Үгээр илэрхийлэхийн аргагүй хүнд хэцүү, өлмөн зэлмүүн нөхцөлд далайчид манай дэлхийн хамгийн том далайг түүхэнд анх удаа туулан гарчээ.
Гуравдугаар сарын 6-нд удаан хүлээсэн газар тэнгэрийн хаяанд  харагдсан нь далайд хаягдсан Микронезийн арлуудын нэг байжээ. Арлынхан далайчдыг таагүй угтаж багахан тулалдаан болов. Хоол хүнс бусад зүйлээ нөөцөлж авч бараг чадсангүй. Зангуугаа өргөж дахин тэнгист гарцгаав. Урам нь хугарсан испаничууд тэр арлыг "Дээрэмчдиин арал" нэрлэжээ.

Гуравдугаар сарын 16-нд Самар /Филиппины арлуудын нэг/ хэсэг сайхан аралд хүрчээ. Арлын оршин суугчид овоо зочломтгой улс байлаа. Далайчид тэндээс хоол хүнс, цэвэр усаа нөөцөлж авсан бол Себу хэмээх дараачийн арал дээр очоод зорьсондоо хүрэх ойрхон байгааг Магеллан ойлгожээ. 

Тэдэнтэй уулзсан нутгийн хүн Магелланы Малаккаас авч явсан зарц нарын хэлийг мэддэг байж л дээ. Гэвч Магелланд зорилгодоо хүрэх хувьгүй байжээ. 1521 оны дөрөвдүгээр сарын 21-нд арлынхны хооронд болсон тулалдаанд оролцож алагджээ. Аяллын багийн ахлагчийн найман усан цэрэг үхсэн байна.

Удирдагч ахмадгүй болсон багийнхан цааш явжээ. Удирдлагыг Консепсьон" хөлгийн ахмад Эль-Кано хүлээн авлаа. Тэр нь Пуэрто-Сан-Хулиан боомтод бослого дэгдээсэн хүмүүсийн нэг удирдагч байсан бөгөөд бослогын дараа таван сарын турш гинжтэй байж хамгийн хүнд  хэцүү ажлыг хийж байсан бол одоо Магелланы үйл хэргийг үргэлжлүүлэх болсон нь хувь тавилангийн тохуу гэлтэй.

Дэндүү цөөхөн хүн үлджээ. "Консепсьон" хөлгөө шатаах хэрэгтэй болов. Үлдсэн "Тринидад", "Виктория" хөлгүүд аяллаа үргэлжлүүлэн баруун зүг явсаар Филиппиний арлуудад хүрэв. Дэндүү муудаж гэмтсэн "Тринидад" хөлгөөр ус нэвтэрч байжээ. 

Эль-Каногийн удирдлагаар "Виктория" хөлөг цааш их хол явсан байв. Харин "Тринидад'  хөлгийн ахмад буцаад америк руу явах гэснээ больж яаж ийсээр Молуккийн арлуудад хүрэв. Виктория" хөлөг 47 испани, нутгиин 13 хүний хамтаар Энэтхэгийн далайг туулан явж байлаа. 

Хөлөг нь муудан ус нэвтрүүлж байлаа. Багийнхны зарим нь өвчнөөр нас барж, зарим нь буруу үйлийнхээ төлөө цаазлуулж нэг хэсэг нь тулалдаанд амь үрэгджээ. Тэдний хөлөг рүү португальчууд хэдэн удаа халдав. "Виктория" хөлөг Ногоон хошууны арал хүрч хүнс нөөц  авах гэтэл португальчууд саатуулахыг оролджээ. Ахмад Эль-Кано хөлгийнхөө дарвуулыг хөөргөн зугтаж гарснаар хүмүүсийнхээ хагасыг арал дээр үлдээжээ.

 Дахин босгосон Виктория хөлөг онгоц

Гурван жил аялсны эцэст, 1522 оны есдүгээр сарын 8-нд "Виктория" хөлөг Севилийн эрэгт ирж зогсов. Магеллантай цуг анх гарсан 256 хүнээс дөнгөж 18 хүн амьд ирж эрэг дээр гарахдаа туйлдаа хүртэл ядарч зүдэрсэн байжээ. Нүдээр үзсэн хүмүүсийн хэлснээр ёстой л "Яс арьс болсон" байжээ. 

Тэднийг жинхэнэ баатруудын ёсоор угтан авчээ. Эль Канод Рыцарь хэргэм олгож насан туршийн тэтгэвэр өгөхөөр болсон ба түүний сүлдэн дээр дэлхийн бөмбөрцгийг дүрслээд "Намайг тойрсон анхны хүн бол чи" гэж бичсэн байжээ.

No comments:

Post a Comment